Криптовалют цахим мөнгө биш

Блокчэйн технологид суурилсан анхны төлбөрийн хэрэгсэл болох биткойны ханш өнгөрсөн оны эцэст 4-5 дахин өсч, санхүүгийн зах зээлд цахиур хагалж байсан ч он гарсаар үнэ нь огцом унав. Одоогоор олон улсын зах зээлд биткойны дундаж ханш 8300-8400, этериумын ханш 530-580 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад 2-3 дахин унасан үзүүлэлт юм. Үүнээс үүдэн энэ төрлийн арилжаанд хошуурч байсан олон улсын тоглогчид төдийгүй манай улсын иргэд багагүй хохирол амсаад байгааг Төвбанкнаас мэдээлсэн. Ялангуяа, автомашин болон орон сууцаа барьцаалан зээл авч, криптовалютад хөрөнгө оруулсан иргэд үнийн уналтад өртсөн тохиолдол цөөнгүй байгаа аж. Энэ хэрээр блокчэйн технологид суурилсан арилжаанд оролцсон болон олборлолт хийхээр тоног төхөөрөмж худалдан авсан иргэдэд эрсдэл үүсч, санхүүгийн алдагдал амсаад байна.

Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо криптовалютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Криптовалютын талаар Монголбанкнаас хоёр, Санхүүгийн зохицуулах хорооноос нэг удаа мэдэгдэл гаргажээ. Криптовалют нь өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт юм. Үүнийг хянаж зохицуулах ямар нэгэн төвлөрсөн байгууллага байдаггүй учраас үүнд хөрөнгө оруулж байгаад мөнгөө алдсан, залилуулсан тохиолдолд буцаан олох ямар ч боломж байхгүй. Монголбанкны Төлбөр тооцооны газар, бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Батсайхан энэ талаар “Сүүлийн үед олон нийтийн сонирхлыг ихэд татаж буй биткойн зэрэг криптовалют нь цахим мөнгөний шинж чанарыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, биткойн нь цахим мөнгө биш гэсэн үг. Биткойн нь Монгол Улсад албан ёсоор хэрэглэж буй төлбөрийн хэрэгсэл бишээс гадна криптовалют, цахим мөнгө хоёр нь тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй иргэд олон байна гэж сонссон. Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтай унах эрсдэлтэй” гэсэн юм.

 

КРИПТОВАЛЮТ БОЛ БИЕТ БУС ЗҮЙЛ

Бүх төрлийн криптовалют нь блокчэйн технологи дээр суурилсан байдаг бөгөөд виртуал буюу биет бус зүйл билээ. Төвбанкны Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2016 оны тавдугаар сарын 30-нд баталж, энэ оноос мөрдөж эхэлсэн. Энэ хуульд цахим мөнгийг “Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр гаргасан төгрөгтэй ижил үнэ цэнэтэй төлбөрийн хэрэгсэл” гэж тодорхойлсон. Мөн цахим мөнгө нь ямар нэгэн цахим төхөөрөмжид хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан. Өөрөөр хэлбэл, нэг цахим мөнгөний цаана нэг төгрөг банкны дансанд байж байх учиртай юм. Мөн гуравдагч этгээдэд хүлээн зөвшөөрөгдсөн. Төлбөрт чөлөөтэй хөрвөдөг төгрөгтэй ижил нэгжтэй байх учиртайг заасан байна. Эдгээр шаардлагын алийг нь ч криптовалют хангадаггүй. Учир нь, криптовалютад ямар ч мөнгөн хөрөнгийн баталгаа байхгүй, ямар нэгэн валютад чөлөөтэй хөрвөж чадахгүй. Мөн криптовалют нь цахим мөнгөтэй ижил нэгжтэй биш. Тиймээс криптовалютыг хуулиараа цахим мөнгө биш гэж үзэж байгаа хэрэг.

 

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН СУЛ ТАЛЫГ АШИГЛАЖ БАЙНА

Гэвч нөлөө бүхий эрхмүүд хууль эрх зүйн зохицуулалт нь бүрэн төлөвшөөгүй, эрсдэл өндөртэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахыг иргэдэд уриалж, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах явдал манай улсад элбэг байна. Энэ нь хялбар аргаар мөнгө олох сонирхолтой атлаа санхүүгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл дутмаг иргэдийг эд хөрөнгөөрөө хохироход хүргэдэг. Дээрх байдал даамжирч, олон нийтийн санхүүгийн боловсролын сул талыг ашиглан мөнгө олох гэсэн хүмүүсийн хандлага өнгөрсөн хугацаанд улам нэмэгджээ. Ялангуяа, санхүүгийн зах зээлийн өдөр тутмын мэдээлэлд хамгийн ойрхон байдаг зарим нэр нөлөө бүхий эдийн засагч, санхүүгийн зах зээлийн гол тоглогч эрсдэлтэй хөрөнгө оруулалтад иргэдийг уриалан дуудсан нь нэг бус. Тэдний нэг нь криптовалютыг олон нийтэд сурталчлахад оройлон оролцчихоод үнэ нь огцом буух үед “Биткойноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хээв нэг хэлсэн байх юм. Хамгийн сүүлд нэгэн сүмоч биткойноос 10 дахин хурдан криптовалютыг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулахыг уриалав. Тэрбээр Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоог таван орны хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулж, өөрөө ерөнхийлөгч нь болсон байна.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • fsgs (182.160.0.44)

    2018-03-24

    Тэр ч үнэн шүү.

  • (150.129.140.236)

    2018-03-23

    Крипто валютыг орчуулахаар цахим мөнгө л гэж бууна. Өөр тэгээд цахим мөнгө гэж юу байх вэ? Арай зээлийн картыг гэж бодоод байгаа юм биш биддээ? Тэр чинь төлбөрийн хэрэгсэл шүү дээ.

    fsgs (150.129.140.236)

    2018-03-23

    Тэр ч үнэн шүү.