Х.Баатар: Дотоодын зах зээлийн гол тоглогч нь бид байх ёстой

Монголын хөдөө аж ахуйн биржийн захирал Х.БААТАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай байгууллагын хувьд энэ оны ажлаа юунаас эхлэв. Одоо ноолуур бэлтгэх хугацаа хаяанд ирлээ. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Юуны өмнө хэтийн зорилго, зорилтоо тодорхойлсон стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, 2307арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаар ажил ид өрнөж байна. Одоогоор ноолуурын улирал эхлэхтэй холбогдуулан бизнес эрхлэгч, ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч хэд хэдэн хоршоо, компанитай гэрээ байгуулсан нь Монголынхоо түүхий эдийн зах зээлд бид тоглолт хийх, Хөдөө аж ахуйн бирж жинхэнэ утгаараа ажиллаж хөгжих суурийг тавьсан гэж үзэж байгаа юм. Мөн гадаад зах зээлтэй холбогдохын тулд БНХАУ-ын Бохан биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд хамтарсан арилжаа явуулах бэлтгэл ажлыг хангаж, бизнес төлөвлөгөө боловсруулж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд хоёр бирж хамтран, хил дамнасан арилжааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид энэ оноос хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулахаар төсөл боловсруулж, салбарын яам болон Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоотой хамтраад аймаг бүрт нэг жишиг хоршоо байгуулах санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Хөдөө аж ахуйн биржийн ажлын явц ямар байна вэ. Зарим нь хуучин зах зээлийн тогтолцоогоор явах нь дээр гэж байхад нөгөө нь улам боловсронгуй болгох ёстой гэсэн байр суурьтай байдаг юм билээ?

-Сүүлийн гурван жилийн байдлаар Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд анх удаа ашигтай гарсан. Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн бирж голлох үүрэг гүйцэтгэнэ гэж бид ойлгож байгаа. Энэ ажлын эхлэл болгож малчид, хоршооноос зах зээлд нийлүүлэх, үйлдвэрүүдээс худалдан авах ноолуурын захиалгыг авч байна. Гол нь, анхан шатны боловсруулалт буюу ноолуурыг зөвхөн угаагаад экспортолж байгаагаас цааш гүн боловсруулах, самнах, ээрэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах бодлого барина. Үүний тулд зөвхөн угаасан ноолуураас экспортын татварыг арай илүү, гүн боловсруулснаас нь бага татвар авах ч юм уу эдийн засгийн арга хэрэглэх бодолтой байна. Одоо экспортолж байгаа түүхий эдээс 0.32 хувийн татвар авдаг. Харин үндэсний үйлдвэрт нийлүүлж байгаа ноолуурын татвар маш бага байх юм. Үүнийг манай биржийн ТУЗ тогтооно.

-Малчид болон бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуурыг ямар үнээр худалдаж авах бол. Өнгөрсөн жил ноолуурын үнэ 100 мянгаас давсан санагдаж байна?

-Одоо ноолуур бэлтгэх ажил дөнгөж эхэлж байна. Тиймээс малчид маань хэн таарсанд нь биш албан ёсны гэрээт бэлтгэн нийлүүлэгч, хоршоодод түүхий эдээ тушаавал илүү ашигтай байх болно. Энэ онд дотоодын үйлдвэрүүд, бизнес эрхлэгчидтэйгээ хамтран ноолуурын үнийг тогтвортой байлгах зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн онд Дорнод аймагт кг ноолуур 120 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн дээд ханш болж байсан явдал бий. Гэвч газар бүрт өөр байдаг учраас огцом хөөсрүүлж өндөр үнэд хүргэх биш тогтвортой байлгахыг л чухалчилна.

-ХААБ жилдээ хэчнээн тонн ноолуур бэлтгэж, экспортлохоос гадна үндэсний үйлдвэрүүдийг хэрхэн хангадаг юм бэ?

-Малчдаас ноолуур шууд худалдаж авах ажил эхэлчихсэн. Хоршоодоос худалдан борлуулах захиалга нэлээд ирж байгаа ч дотоодын үйлдвэрийн худалдаж авах хүсэлт бага байна. Гэвч гадаадын зарим компани хамтран ажиллах саналаа ирүүлсэн. Мөн Засгийн газрын “Ноолуур” хөтөлбөрийн нөлөөгөөр энэ онд багагүй өрсөлдөөнтэй байх болов уу гэж харж байна. Урд хөршийн хэдэн худалдаачин баахан мөнгөтэй орж ирээд дотоодын ченжүүдийг ашиглан үнийг хөөргөх юм уу унагадаг байсан нь нууц биш. Энэ жил иймэрхүү байдал үүсэхгүй гэж төсөөлж байна. Манай улсын ноолуурын бэлтгэл зүүн талаасаа эхэлж төвийн аймгуудаар дайраад баруун талдаа дуусдаг онцлогтой. Аль болох эрт самнавал ноолуурын хаг, хялгас бага байдаг. Гэвч цаг агаарын байдлаас шалтгаалан баруун аймгийнхан тавдугаар сар гаргаж байж ямаагаа самнадаг уламжлалтай юм. Бид жилдээ 9000-9200 тонн ноолуур бэлтгэдэг, дэлхийн зах зээлд хоёрт бичигддэг, том тоглогч, бэлтгэн нийлүүлэгч. Өнгөрсөн онд 9400 тонн ноолуур бэлтгэснээс 7000 тонныг нь угааж, экспортолсон байдаг. Үлдсэнийг нь хөтөлбөрөөс өмнө үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч, бүтээгдэхүүн хийж экспортолсон байна.

-Экспортод гаргах малын гаралтай түүхий эд, түүний дотор ноос ноолуурыг ХААБ-ээр дамжуулж, баталгаажуулах тухай ярьж байсан ч хангалтгүй ажилласан тухай шүүмжлэл цөөнгүй байдаг. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ тухай ХААБ-ийн тухай хуульд тодорхой заасан байдаг боловч анхнаасаа малчин, хоршоологч болон үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, захиалга авах зэрэг ажлаа орхигдуулчихсан юм билээ. Бид өнгөрсөн оны сүүлчээс энэ байдлыг засч залруулснаар бирж өөрийн үүргээ гүйцэтгэж, талуудыг холбох, малчид ноолуураа угаалгаж, боловсруулалт хийлгээд зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн малчдын дагнасан хоршоог дэмжих, мал нядалгааны стандартын газар, агуулах савтай мал, мах бэлтгэн нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх талаар түлхүү анхаарч байна. Одоогоор Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны өгсөн мэдээллээр улс даяар 105 хоршоо байдаг нь голчлон худалдаа, үйлчилгээний чиглэлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.

-Танай бирж малчин, бэлтгэн нийлүүлэгчтэй форвард хэлцэл байгуулаад урьдчилгаанд нийт мөнгөн дүнгийн хэдэн хувийг нь олгодог юм бэ?

-Өнгөрсөн жилийн ноолуурын дундаж үнэтэй харьцуулж, 15 хувийн урьдчилгааг олгож байгаа юм. Яг худалдаж авах үедээ зах зээлийн тухайн үеийн үнэ ханшийг л баримтална. Түүнээс гадна ноос, ноолуур бэлтгэгчдэд олгодог урамшууллын асуудлыг Мал хамгаалах сантай хамтарч шийдэх нь зөв юм гэж бодож байгаа. Бид зөвхөн түүхий эдийн арилжааг л явуулж, нийлүүлэгч, худалдан авагч нарыг холбох үндсэн үүргээ гүйцэтгэнэ.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.24.29)

    2018-03-24

    ene gaaliin baigyylalgaas baaxan avilga avch avch.etsest ni shorond xvrtel syychxaad.odooxodoo aj axyin birjiig idex ni dee xvnii shynalaa gej