Б.Баярдаваа: Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх нь эдийн засагт зээл болж орно

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэг нэгж хувиар буурууллаа. Арай эртэдсэн шийдвэр байлаа гэж зарим нь дүгнэж буй бол цаг үеэ олсон гэх эдийн засагч ч таарч байна.

Зөвлөлөөс санхүү, эдийн засгийн ямар зорилт тавьж ийм шийдвэр гаргасан бэ?

-Эхлээд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын талаар товч мэдээлэл хүргэе. Мөнгөний бодлогын зөвлөл гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, бодлогын хүүг доошлуулах, хоёрдугаарт, долларжилтыг бууруулах стратегитай холбоотойгоор заавал байлгах нөөцийг багасгах шийдвэр гаргасан, гуравдугаарт, макро зохистой бодлогын стратегийг хэлэлцлээ.

Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн. Заавал байлгах нөөцийн хувьд өмнө нь банкуудын төгрөгөөр татсан активд 12, гадаад валютаар татсан эх үүсвэрийн хувьд мөн 12 хувь байсан. Тэгвэл төгрөгөөр татсан активын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувь болгож, гадаад валютын эх үүсвэрийнхийг хэвээр хадгалахаар шийдлээ.

Макро зохистой бодлогын тухайд Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг угтаж, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, макро зохистой бодлогын стратеги боловсруулж эхэлсэн. Ажлын хэсгийнхний боловсруулсан макро зохистой бодлогын стратегийг хэлэлцүүлж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн.

Эдийн засагчид бодлогын хүүг өсгөх үү, бууруулах уу, хэвээр хадгалах уу гэж хэлэлцэж байгаа нь зүйн хэрэг. Бодлогын хүүг бууруулахад харгалзан үзсэн хамгийн том хүчин зүйл бол инфляцын төлөв юм. Тодруулбал, инфляц энэ жил Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдах төсөөлөл харагдаж байна. 2018 оны хоёрдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 6.9, Улаанбаатар хотод 8.1 хувьд хүрсэн.

Монголбанкны тооцоогоор 2018 онд инфляц 7.1 орчим хувьтай байх хандлагатай байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд ойрын 2-3 жилд инфляцыг найм орчим хувьд тогтворжуулах зорилт тавьсан. Тэгэхээр инфляц найман хувиас доогуур буюу зорилтот түвшинд тогтворжихоор байгаа учраас бодлогын хүүг нэг нэгжээр бууруулах орон зай байна гэж үзлээ.

Нэгэнт орон зай байгаа учраас бизнесийн идэвхжлийг дэмжих, санхүүжилтийн өртгийг хямдруулах зорилгоор гаргасан шийдвэр гэж ойлгож болно. Бизнес идэвхиждэг улирал ч эхэллээ.

...Бид зээлийн өсөлтийг бизнесийн салбар, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлэх сонирхолтой байгаа. Цаашид банкууд иргэдийн зээлийг ихээр нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал.
Иймээс хэрэгжүүлэх боломжтой, эрсдэл багатай сайн төслүүдийг олж санхүүжилт хийх өрсөлдөөнд банкууд орно. Үр дүнд нь эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдийг илүү санхүүжүүлнэ гэсэн үг...

-Мөнгөний шийдвэр бодит эдийн засагт хожуу нөлөөлдөг гэдэг. Бодлогын хүүг бууруулсан шийдвэрийн нөлөө хэзээнээс гарах бол?

-Мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөөлөх хугацаа ерөнхийдөө 4-6 улирал гэдэг ч эдийн засгийн төлөв, зах зээлийн нөхцөл байдал, банкуудын эрүүл мэнд, зээлдэгчдийн санхүүгийн чадавх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Эдийн засаг харьцангуй сэргэсэн, гадаад зах зээлд таатай нөхцөлүүд бий болсон, зах зээлд оролцогсдын хүлээлт сайжирсан энэ үед бодлогын шийдвэр илүү хурдтай нөлөөлөх болов уу гэж харж байна.

Бодлогын хүү, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар зээлийн хүү багасна гэсэн хүлээлт бий. Цаашлаад зээлийн нийлүүлэлт нэмэгдэх учраас банкуудын хадгаламжийн хүү ч багасна гэсэн хүлээлт байгаа. Бодлогын хүүг бууруулснаар банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж авахаас илүүтэй бодит эдийн засагт зээл олгох сонирхолтой болно.

Иймээс л зээлийн нийлүүлэлт өсөж, банкуудын хооронд өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурах боломжтой гэж тооцож байна. Эдийн засаг хүндэрсэн, өнгөрсөн жилүүдэд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх маш их суларсан. Нэг талаас эрэлт буурч, борлуулалт нь муудсан нь нөлөөлсөн хэрэг. Нөгөө талаас гадаад валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн өрийн дарамт төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор ихээхэн нэмэгдсэн.

Төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжүүдийн ч өрийн, хүүгийн дарамт өндөр байгаа. Нийт аж ахуйн нэгжүүдийн санхүү доройтсон учир зээл авах ч боломж хумигдсан байсан. Харин 2017 онд эдийн засаг таван хувиар өсөж, хүндрэлээс дөнгөж гарч байна. Эдийн засгийг дагаад өрхийн орлого өсөж, борлуулалт нэмэгдэж эхэллээ.

Борлуулалт нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжүүдийн мөнгөн урсгал өсөж, зээлээ төлөх процесс сайжирч байгаа. Ийм үед бодлогын хүүг бууруулах нь аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй зээлийг хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх боломж олгоно.

-Инфляцыг найман хувьд тогтворжуулна гэж байна. Ийм инфляцыг өндөр гэж үзэх үү, эсвэл хэвийн үзэгдэл үү?

-Энэ бол харьцангуй ойлголт. Судалгаагаар манай эдийн засгийн бүтэц, хөгжил, өрийн түвшинтэй харьцуулахад тогтвортой төлвийг илэрхийлэх инфляц 7-8 хувь гэж харагддаг юм. Мэдээжийн хэрэг урт хугацаанд инфляцын түвшнийг бууруулах ёстой. Гэхдээ Төвбанк инфляцыг таван хувьд барина гэсэн зорилтыг одоо тавибал хэрэгжүүлж чадахгүй.

Учир нь инфляц болон эдийн засгийн төлөв байдлын хүлээлт тогтворжоогүй байна. Нэг талаас бодлого боловсруулагчдад итгэх зах зээлд оролцогчдын итгэл сул байгаа. Тэгэхээр бодлого боловсруулагчид эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна гэдэг итгэлийг зах зээлд оролцогчдоос олж авах ёстой. Зах зээлд оролцогч, аж ахуйн нэгжүүдийн хүлээлт тогтворжвол инфляцыг тогтвортойгоор бууруулах орон зай гарна. Нөгөө талаас уул уурхайгаас өндөр хамааралтай учраас манай эдийн засаг ханшийн “шок”-нд өртөмтгий.

Өөрөөр хэлбэл, дархлаа муутай эдийн засаг гэсэн үг. Ийм тохиолдолд валютын ханшаар дамжиж ирэх нөлөө асар их. Иймээс инфляцыг өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд нам түвшинд хадгалах зорилт тавих нь өнөөгийн нөхцөл байдалд зохимжгүй. Гэхдээ дунд урт хугацаанд маш алгуур, алхам алхмаар бууруулах бодлого хэрэгжүүлэх ёстой.

-Бодлогын хүүг бууруулчихаар мөнгөний нийлүүлэлт хэр хэмжээгээр нэмэгдэх вэ?

-2017 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн Засгийн газрын зээллэгийн нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт өндөр хувиар өссөн. Харин энэ онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн дийлэнх хэсгийг эдийн засаг руу гарах зээл бүрдүүлнэ. Эдийн засаг руу гарч буй зээлийн өсөлт одоогоор 9-10 орчим хувьтай байна.

Үүний дийлэнх нь иргэдийн зээл. Бид зээлийн өсөлтийг бизнесийн салбар, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлэх сонирхолтой байгаа. Цаашид банкууд иргэдийн зээлийг ихээр нэмэгдүүлэх орон зай хязгаарлагдмал. Иймээс хэрэгжүүлэх боломжтой, эрсдэл багатай сайн төслүүдийг олж санхүүжилт хийх өрсөлдөөнд банкууд орно.

Үр дүнд нь эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдийг илүү санхүүжүүлнэ гэсэн үг. Бидний тооцоолсноор бодлогын шийдвэрийн үр дүнд зээл олголт энэ онд 17-18 хувь буюу 2.5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэнэ.

-Бодлогын хүүг бууруулсан шийдвэр зээлийн хүүг хямдруулах нөлөөлөлтэй гэж ярьж байна. Хэдэн хувиар буурах бол. Бууруулаасай гэсэн хүлээлт бий шүү дээ.

-Төдөн хувиар буурна гэж шууд хэлэхэд хэцүү. Ямартай ч 1-2 хувиар буурах болов уу гэсэн таамаг бий. Буурахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг дэлгэрэнгүй тайлбарлая. Бодлогын хүү буурахаар банкуудын активын бүтэц өөрчлөгдөнө. Эрсдэлгүй актив буюу Төвбанк, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авснаар банкуудын олох өгөөж маш их багассан.

Ингэхээр банкууд эдийн засаг руу шинэ зээл гаргах замаар актив болон өөрийн хөрөнгийн дундаж өгөөжийг хадгалахаас аргагүйд хүрнэ. Банкууд зээл олгоод эхлэхээр нийлүүлэлт нэмэгдэнэ. Манай улсын эдийн засаг жижиг учраас зээлийн зах зээлд хүчтэй өрсөлдөөн үүсэх нь тодорхой. Зээлдэгч олох өрсөлдөөнд аль нэг банк ялагдвал ашиг нь буурна.

Өрсөлдөөнд ялахын тулд банкууд үнэхээр сайн төсөлд боломжийн бага хүүтэй зээл олгохоос аргагүй. Зээлийн хүүгээ доошлуулахын зэрэгцээ төлөвлөсөн ашигт ажиллагаагаа хангахын тулд хадгаламжийн хүүгээ ч бууруулж таарна.

-Долларжилтыг багасгахын тулд заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан гэлээ. Үүнийг ямар логик үндэслэлээр тайлбарлах вэ?

-Арилжааны банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахын тулд татсан эх үүсвэрийнхээ тодорхой хувийг Төвбанкинд заавал байлгадаг. Төгрөгөөр байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулж, гадаад валютынхыг хэвээр үлдээсэн. Төгрөгөөр эх үүсвэр татвал гадаад валютаар эх үүсвэр татсанаас 1.5 хувиар алдагдсан боломжийн өртөг багатай болж байна.

Мэдээж банкууд төгрөгөөр эх үүсвэр татах нь нэмэгдвэл эдийн засаг руу гарах төгрөгийн зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, гадаад валютын зээл буурна. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүд гадаад валютын зээл авч, ханшийн савлагаанд өртөх нь багасна. Мөн гадаад валютын зээлээр дамжиж, эдийн засагт үүсдэг сөрөг нөлөө буурна. Банкуудын зээл чанаргүйдэх эрсдэл ч буурна.

Өнөөдөр гайгүй байгаа ч ирээдүйд экспортын барааны үнэ, эрэлт буурахад эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Эдийн засаг тухайн үеийн хүндрэлийг давах дархлаа, нөөцтэй байхад энэ шийдвэр дэмжлэг болно. Дархлаатай, нөөцтэй болох боломжийг одооноос бүрдүүлэх ёстой юм.

-Заавал байлгах нөөцийг буулгачихаар төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудахгүй юү?

-Банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр байгаа. Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр хөрвөх чадвартай активын 25 хувийг заавал байлгах нөөцөд авах ёстой. Энэ үзүүлэлт 40 гаруй хувь байна. Зарим банкуудынх 50 хувь давсан байгаа тул ийм сөрөг нөлөө гарахгүй.

-Бодлогын хүүг өсгөсөн үндсэн шалтгааныг эдийн засагчид ханшаа барихын тулд хийсэн ажил гэж тайлбарладаг. Бодлогын хүүг бууруулахаар валютын ханш хэрхэх бол.

-Currency crisis гэж ойлголт байдаг. Бид үүнийг “үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал” гэж орчуулж байгаа. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гадаад валют руу хөрвүүлэх, хөрөнгө гадагшаа зугтах гэх мэтээр ийм хямрал илэрдэг. Ийм хямралд улс орнууд өртөх нь бий. Ханшаа барихаас илүүтэй “үндэсний мөнгөн тэмдэгт”-ийн хямралаас сэргийлэхийн тулд 2016 онд бодлогын хүүгээ өсгөсөн.

Энэ хямрал удаан үргэлжилбэл санхүүгийн системийн тогтворгүй байдал үүсгэж, асар хүндрэлтэй нөхцөл рүү түлхдэг. Төлбөрийн тэнцлийн төлөв сайн байгаа тул бодлогын хүүг бууруулах нь ханшид төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (203.91.118.180)

    2018-04-04

    банкны зээлийн хүү одоогийнхоос бага байх боломжтой гэдгийг Хаан банкнаас шүүгч нарт өгсөн зээлийн хүүгээр батлагдлаа