Монгол Улсад ашигт малтмалын 2.6 их наяд ам.долларын 100-гаад төсөл бий

 “Баялгийн засаглал” хөгжлийн чуулган өнгөрсөн баасан гарагт Туушин зочид буудалд боллоо. Чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт (RECAP) хөтөлбөрийн захирал, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Др.Петер Хефеле, ХБНГУ-ын Саарланд мужийн Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайс нарын албаны хүмүүс оролцсон юм. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг индексийн тайланд дурдсанаар манай улс орлогын менежментийн үзүүлэлтээр нийт 100 онооноос 54- ийг нь авчээ. Мөн төрийн өмчийн компанийн засаглал дээр 40, төсвийн тогтворжуулалтын сангийн индексээр 42 оноо авсан байна. Дэлхийд өдгөө байгалийн баялаг ихтэй 50 гаруй улс байдаг ч тэдний 1.5 тэрбум иргэн нь ядуу тарчиг амьдарч байна. Тэдгээр улс газрын хэвлийдээ хэдэн тэрбум тонн, алт, зэс, газрын тосны арвин нөөцтэй ч ядуурлын хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж буй нь баялгийн засаглал муу байгаатай холбоотойг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь онцоллоо. Тэрбээр “Монголын ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нөөц баялгийн хэмжээ, тогтоосон орд газруудын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллага гаргасан. Судалгаагаар Монгол Улсад ашигт малтмалын 2.6 их наяд ам.долларын 96 төсөл байгааг онцолсон байна лээ. Үүнд олборлолтын зардлыг тооцоогүй. Бидний нөөц баялгийн хэмжээг ийм өндөр дүнгээр үнэлж байгаа ч манай улсад ядуурал 30 гаруй хувьтай, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 116 дугаарт жагсаж байна. Энэ нь баялгийн засаглалыг бий болгож чадахгүй байгаатай холбоотой.

Гэхдээ зөвхөн Монгол ядуу байгаа юм биш. Дэлхийд 1970-1993 оны хооронд баялаг ихтэй орнуудын эдийн засгийн өсөлт байгалийн баялаггүй орнуудаас дөрөв дахин бага байсан. Үүнийг бид эдийн засгийн хувьд “баялгийн хараал хүртсэн” гэж нэрлэдэг. Баялгийн хараал бол заяагдмал зүйл биш. Тиймээс бид баялгийн засаглалыг сайжруулахад хууль эрх зүйн хэрэгжилтийг хангах, ил тод нээлттэй байх, төрийн өмчит хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хэм хэмжээг нутагшуулах, институцийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай байна” гэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр баялгийн үнийн хэлбэлзлээс нийт эдийн засаг болон төсвийг хамгаалах, ирээдүй хойч үеийнхэнд зориулж нөхөн сэргээгдэхгүй баялгийг санхүүгийн хөрөнгө оруулалтад хувиргаж хуримтлуулахад анхаарах ёстойг онцлоод Хуримтлал, хөгжлийн сан гэж юу болохыг Казакстаны жишээн дээр ярилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлахаас ажил эхлэх юм байна. Хууль баталснаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчлэх аж. Мөн стратегийн зарим ордын төрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК- ийн хараат охин компаниудын үнэт цаасыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж. Дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтойг сайдын зөвлөх илтгэлдээ дурдсан юм. Баялгаа зөв, хүртээмжтэй, тэгш ашиглахын тулд нэгдүгээрт, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг дээд зэргээр хангах, тухайлбал төр засаг, компаниудын хооронд байгуулдаг үндсэн гэрээнүүд, компанийн жинхэнэ эздийн мэдээллийг ил болгоход онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэв. Цаашдаа уул уурхайн салбарын зохицуулалтгүй, далд явагдаж байгаа үйл ажиллагааны нэг болох түүхий эдийн худалдаа, экспортын асуудал, үүнд ялангуяа төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүнийг ямар компани худалдан авдаг, зуучилдаг, тэднийг хэрхэн сонгон шалгаруулдгийг ил болгох талаар ярилцсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид 2016 оны нэгдүгээр сард батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль Үндэсний баялгийн сантайгаа хэрхэн холбогдох, улс төрийн зорилгоор өмнө байгуулсан сангийн үйл ажиллагаа байхгүй болчих вий гэсэн болгоомжлол байна хэмээн саналаа илэрхийлж байлаа. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр “Ирээдүйн өв сангаас өмнө Хүний хөгжлийн сан байгуулагдаж 2.3 их наяд төгрөг төвлөрөөд, 3.2 их наяд төгрөгийг өрөнд өгсөн. Одоогийн байдлаар 970 тэрбум төгрөгийн өртэй байна. Харин Ирээдүйн өв сан бол маш сайн боловсруулж гаргасан хууль болон концепцийн үндсэн дээр байгуулагдсан, Норвегийн тэтгэврийн сангийн тухай хуультай нийцсэн гэдгийг тодотгоё” гэж хариулсан юм. Чуулганы төгсгөлд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцуулсан юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)