Б.Сүхбаатар: Энэ жил дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ

НОСК /Нийслэлийн орон сууцны корпораци/-ийн ерөнхий захирал Б.СҮХБААТАРТАЙ түрээсийн орон сууцны хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Энэ жил нийслэлд хэчнээн байршилд түрээсийн орон сууц барих вэ. Хэдийгээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-НОСК-ийн зүгээс энэ жил хэд хэдэн байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ. Ашиглалтад орох хугацааг яг тодорхой хэлэхэд хэцүү. Магадгүй цаг хугацаа алдахгүй бол дөрөвдүгээр улиралд эхнээсээ иргэдийг хүлээж авч болох юм. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа. Барилгын ажил улирлын чанартай. Олон хүчин зүйлээс хамаардаг ажил шүү дээ. Нийслэлийн хэмжээнд нийт долоон байршилд түрээсийн орон сууц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарсан. Үүний дөрвийнх нь ажлыг энэ онд эхлүүлэхээр бараг бэлэн боллоо. Өөрөөр хэлбэл, газар чөлөөлөлт, байршил зэргээ шийдсэн, одоо бичиг цаасны ажил л үлдээд байна. Улаанбаатар хотод энэ жил дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилга барихаар төлөвлөж, энэ сардаа багтаагаад ажлаа эхлүүлнэ.

Байршлын хувьд “Буянт- Ухаа” спорт цогцолбор орчимд 2.2 га газарт 960, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд таван га газарт 1006, Баянголын аманд 2000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ. Дөрөв дэх нь Сүхбаатар дүүргийн VII хороо буюу Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барих гэж байна. Энэ орон сууцны тухайд БНХАУ- ын буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжих бөгөөд урд хөршийн Бугат хотынхон барьж гүйцэтгэхээр болсон. Эдгээр ажлыг бүгдийг нь эхлүүлэхээр ажиллаж байна.

-Ойрын хугацаанд аль ажлыг эхлүүлэх вэ, Ногоон нуур орчмын барилгын ажил саадгүй болсон гэж ойлгосон?

-Ногоон нуур орчмын ажлыг тун ойрын хугацаанд буюу энэ сард эхлүүлчих болов уу гэж харж байгаа. Түүнчлэн Ханын материал болон Буянт-Ухаагийн барилгын ажлыг ч мөн удахгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Ер нь эдгээр барилгын ажлыг эхлүүлэхэд ганц манайх биш, олон газрын хамтын ажиллагаа байдаг учраас тодорхой хугацаа хэлэх боломжгүй байдаг.

-Эдгээр дөрвөн байршилд газраа чөлөөлсөн хэчнээн иргэн байна вэ. Үүнтэй холбоотой ямар нэг саад бэрхшээл бий юү?

-Энэ жилдээ буюу ойрын хугацаанд ажлыг нь эхлүүлэх дөрвөн байршлын тухайд ямар нэг саад байхгүй. Иргэд газраа чөлөөлөөд бүх зүйл бэлэн болсон. Нэг үгээр газрын маргааныг бүгдийг нь шийдчихсэн. Монголын талаас газар, дэд бүтцээ бэлэн болгосон. НОСК-ийн хүрээний төслүүдийн хувьд аливаа маргаан, асуудал байхгүй гэж ойлгож болно. Ямар ч байсан ирэх жилүүдэд түрээсийн орон сууц маш өндөр хэмжээнд хөгжинө. Үүний тулд бид түрээсийн олон хэлбэр гаргаж ирэхээр ажиллаж байна.

-Дээрх орон сууцыг барьж ашиглалтад оруулснаар хэчнээн иргэн түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой болох юм бэ?

-Ямар ч барилгад барилгажих хугацаа гэж бий шүү дээ. Гэхдээ бид аль болох л хурдан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэхийг хичээнэ. Хамгийн гол нь, хурдан байгаа нь энэ гээд чанаргүй барьж болохгүй. Бидний нэн тэргүүнд тавьж буй зорилт бол аль болох хурдан хугацаанд чанарын өндөр төвшинд барилгаа барих. Эдгээр орон сууцыг ирэх онд барьж дуусгахаар зорьж байна. Гэхдээ нэг зүйлийг тодотгож хэлэхэд, барилгын ажил цэвэр улирлын чанартай байдаг учраас хугацаа хэлэхэд эрт байна. Манай улсад урин дулааны 3-4- хөн сарын хугацаанд л бүтээн байгуулалтынхаа ажлыг хийхийг хичээдэг шүү дээ. Үүний л адилаар боломжит хугацаагаа бүрэн дүүрэн ашиглаж, ажлаа урагшлуулахыг л зорьж байна.

-Манай улсад орон сууцны нийлүүлэлт хангалттай байдаг ч дундаж өрхийн боломжид нийцдэг нь ховор. Орон сууцны ам метрийн үнэ хэтэрхий өндөр учраас эрэлт ихтэй ч борлуулалт тааруу байсаар байна. Түрээсийн орон сууцны эрэлт өндөр байгаа энэ үед та бүхэн ямар нөхцөл, журмаар иргэдийг хамруулахаар төлөвлөж байна вэ?

-Бид Сөүлийн орон сууцны корпорацитай хамтраад энэ төрлийн судалгаа хийж үзэхэд борлогдоогүй 4700 гаруй орон сууц байна гэх дүн гарсан. Гэтэл эдгээр орон сууцны дундаж үнэ нь 2.2 сая байгаа бол 40 ам метрээс бага талбайтай нь борлогдоод дууссан ч түүнээс том буюу 60-аас дээш ам метртэй орон сууцыг иргэд авах боломжгүй байгаа нь харагдсан. Тиймээс түрээсийн орон сууц маш өндөр эрэлттэй байна. НОСК-д мэдээллийн сан гэж бий болсон. Бид үүгээрээ дамжуулан түрээсийн орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн мэдээллийг авдаг. Үүний дагуу манай мэдээллийн санд ороод асуулт бөглөх явцад чухам хэн, ямар иргэн түрээсийн байранд орох боломжтой юм бэ гэдэг нь тодорхой болно. Гэхдээ бид энэ талаар олон талын судалгаа эхлүүлж байгаа учраас журмаа шинэчлэхээр ажиллаж байна.

-Тэгэхээр эхний ээлжид түрээсийн орон сууцны журмаа шинэчилж байж, хэчнээн иргэнийг хамруулахаа тодорхой болгоно гэсэн үг үү?

-Хуучнаар зөвхөн ахмадын түрээсийн орон сууц гэж байлаа шүү дээ. Тиймээс зөвхөн ахмадад зориулсан журмаар л түрээсийн орон сууцны хөтөлбөр үргэлжилж байсан гэсэн үг. Харин шинээр орон сууцаа нэмж барьснаар журмаа өөрчилж, өргөн хүрээг хамруулах боломжтой болох юм. Ямар ч байсан түрээсийн орон сууц зөвхөн ахмадынх байхаа болино. Энэ хөтөлбөрт залуу гэр бүл төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хамрагдах боломжтой болно. Нөгөө талаар түрээслээд өмчлөх боломжийн талаар ч бид судалж эхэлсэн. Энэ мэтээр олон төрлийн боломжийг нээж өгөхөөр ажиллаж буйтай холбоотойгоор түрээсийн орон сууцны журамд зохих өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг байгуулсан.

-Төр засгийн зүгээс иргэдээ орон сууцжуулах хүрээнд түрээсийн орон сууцыг олноор барих бодлого баримталж байгаа. Энэ жил ажлыг нь эхлүүлэх дөрвөн байршлын орон сууцны санхүүжилтийг ямар байдлаар шийдсэн бэ?

-Сүхбаатар дүүргийн VII хороонд барих, Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барина. Бусад нь Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд шийдэгдсэн урт хугацааны зээлийн хүрээнд байх юм. БНСУ-аас авсан жилийн хоёр хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээлийн хүрээнд ажлаа гүйцэтгэнэ. Бидний зүгээс дээр дурдсан дөрвөөс гадна ТЭЗҮ нь бэлэн болсон байршлыг БНСУ-ын зээлээр барьж гүйцэтгэх найдлага тавьж байна. Энэ мэт зээлийн хүрээнд орон сууц барьснаар бид буцаагаад цаг хугацаанд нь өрөө төлөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Ер нь эдгээр ажлыг дандаа л гаднын зээл, тусламжийн хүрээнд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.

-Түрээсийн орон сууцанд орсон иргэд урт хугацаандаа өөрийн болгож авах хүсэлтэй байдаг. Иргэдэд энэ боломжийг хангах талд НОСК ямар ажил хийж байна вэ?

-Одоогоор түрээсийн орон сууцыг ямар нөхцөлөөр иргэдэд олгох, ямар хүмүүсийг хамруулах талаар ажлын хэсгийнхэн ид тооцоо судалгаа хийж байна. Журам бэлэн болсноос хойш иргэдэд тодорхой хугацааны дараа орон сууцыг нь өмчлүүлэх тал дээр бид ажиллана.

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг орон сууцжуулах талд эргэлт хийнэ гэдэг том амлалт өгчихөөд байгаа. Үүний хүрээнд дөрвөн ч байршилд түрээсийн орон сууцны барилгыг ажлыг эхлүүлэх нь тодорхой болсон юм байна. Цаашдаа энэ ажил үе шаттайгаар үргэлжилж таарах болов уу?

 -Мэдээж миний дурдсан ажлуудыг энэ ондоо буюу ойрын хугацаанд эхлүүлнэ. Харин цаашдаа түрээсийн орон сууц хөтөлбөр үе шаттайгаар үргэлжилнэ. Тухайлбал, Морингийн даваанд 29 га, Улиастайн аманд 107 га, Био-Сонгино болон авто худалдааны төв орчмын 11 га-д гэх мэтээр дандаа шинэ суурьшлын бүсэд түрээсийн орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан. Дараагийн шатны ажилдаа ороод явж байна. Түрээсийн орон сууцны эрэлт хэрэгцээ байгаа учраас халамжийн орон сууцыг ч зайлшгүй үргэлжлүүлнэ. Гэхдээ бидний баримталж буй нэг бодлого бол бизнес эрхлээд явж буй барилгын компаниудад нөлөөлөхгүй, эрсдэл учруулахгүй байх талд анхаарч ажиллана.

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд хэр их байдаг юм бэ. Энэ тухайд нарийвчилсан тооцоо судалгаа хийж байгаа болов уу?

-Өнөөдрийн байдлаар өгсөн өргөдөл, хүсэлт гэхэд л 8000 орчим болсон. Үүний цаана бидэнд албан ёсоор хандаж, хүсэлтээ өгч амжаагүй иргэн цөөнгүй бий гэж үзэж байна. Бодит судалгаагаар энэ тухайд маш өндөр тоо гардаг.

-АН-ынхан засаглаж байхдаа иргэдийг орон сууцжуулах бодлогын талаар багагүй ярьсан ч гэр хорооллын дахин төлөвлөлт нэртэй жонхуу болоод өнгөрсөн. Түрээсийн орон сууцыг ч мөн амлаж байсан. Өнөөдөр харамсалтай нь, бодит үр дүн алга. Энэ мэтээр иргэд хулхидуулаад сурчихсан учраас Ардын намын үед ажил явах эсэхэд эргэлзэж байж болох юм. Таны хэлсэнчлэн түрээсийн орон сууцны хөтөлбөр жинхэнэ утгаараа ажил хэрэг болж чадах уу?

-Бид ямар ч байсан 2020 он гэхэд төчнөөн айлыг орон сууцанд хамруулна гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Үүндээ хүрэхийн тулд дор бүрнээ л ажиллаж байна. Энэ бол хоосон амлалт биш. Шав тавиад юмуу каркас босгоод орхихгүйн тулд бид бүхий л боломжоороо ажиллах болно. Ганц тодорхой зүйл гэвэл миний дээр хэлсэнчлэн нийслэлийн дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд саадгүй болсон. Аливаа ажилд хамгийн чухал зүйл нь хөрөнгө мөнгө байдаг. Тэгвэл энэ том асуудлаа шийдсэн, хөрөнгө санхүү нь бэлэн болсон учраас элдэв тээг байхгүй гэж ойлгож болно. Гэхдээ эрэлт хэрэгцээ хязгааргүй шүү дээ. Цаашдаа ч түрээсийн журмаар орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо өссөөр байх хандлагатай байна.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • unen (202.179.27.193)

    2018-11-04

    manai 13-iin dain hiigeed baigaa gazartaa barih u

  • сансар (202.179.24.91)

    2018-04-10

    ОДОО БАРИГДААД ЗАРАГДАХГҮЙ бгаа барилгууд бүгд шулаачдын дийлцэн үнэтэй нурангиуд

  • ИТГЭЛ (202.179.24.91)

    2018-04-10

    ОС-ны барилгууд бүгд адилхан БЛОК-р баридаг мөртлөө ҮНЭЭРЭЭ л ялгардаг ингэхээр чанарын хувьд ямар ч ялгаа бхгүй 1мкв нь 850000- тооцоход АШИГ гардаг юмыг л ЗҮГЭЭР ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ХИЙЖ Б- ГАА УчРААс АРД ТҮМЭН МИНЬ БИТГИЙ ХУУРТААРАЙ

  • zochin (27.123.212.140)

    2018-04-10

    tureesiin oron suutsaaar yahiin be, ard irgedee huviin suutstai bolgoldoo. solongoschuud shig gazar ni unetei, buh nasaaraa hunii bairand mongo tolj amidrahiimuu, yavaandaa huviin oron suutschgui, huviin baishinchgui, tureesiin bairand mongo tolood, ur huuhed ni ch oroh orongui, alsiin bodlogotoi ih muuhai yum hiij bainadaa

  • zochin (66.181.189.120)

    2018-04-10

    Одоо бэлэн байгаа орон сууцнаас тодорхой нөхцөлтэй худалдаж авбал эдийн засгийн хувьд зөв болно доо. Ахиад л зээл аваад л хувийн компанитайгаа өрсөлдөж байшин бариад л .... Энэ улсын хөрөнгө чинь хувийн, төрийн хөрөнгөнөөс бүрдэнэ. Хувийн хөрөнгийг доош хийдгээ болимоор юм.

  • (112.72.15.46)

    2018-04-10

    Иргэдээ эд хөрөнгөтэй болгоё гэхийг оронд өртэй байлгая л гэх юм даа