Түүхэн уулзалтыг зохион байгуулахад нэр дэвшсэн орнууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны биечлэн уулзах саналыг хүлээн авсан билээ. Тэр ч байтугай "Пуужинтай галзуу" болон "Хөгшин мангас" хэмээн биенээ хочилж байсан хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөсөн. АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагчид өмнө нь биечлэн уулзаж байгаагүй бөгөөд түүхэнд бичигдэх үйл явдлын бэлтгэлийг нэг сарын өмнөөс хийснээрээ онцлогтой. АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалаа шилжүүлснийхээ дараа Билл Клинтон, Жимми Картер нар Пхеньянд нэг өдрийн айлчлал хийсэн удаатай. Төр, Засгийн тэргүүнүүдийн уулзалтыг эртээс зохион байгуулсан Герман, Франц, Италийн хотууд Ким Жон Уны хувьд тохиромжгүй. Тиймээс уулзалтыг зохион байгуулах хотыг сонгох нь Цагаан ордон болон Умард Солонгосын Засгийн газрын тулгамдаж буй асуудал болоод байгаа юм. Мөн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос улсын төлөөлөл зуучлагч орны үүрэг гүйцэтгэж, уулзалтад оролцох уу. Эсвэл төвийг сахисан байр сууриа хадгалах уу гэдэг нь ажиглагчдын төдийгүй Вашингтон, Пхеньяны анхаарлын төвд байна. Ким Жон Ун, Дональд Трамп нар гольф тоглох хоббитой ч Мар-а-Лагод /Флорида дахь гольфын талбай/ уулзахгүй нь тодорхой. Ким Жон Ун АНУ, НАТО-гийн холбоотон улсад хөл тавихаас татгалздагтай адил Дональд Трамп аюулгүй байдлаа эрхэмлэн Умард Солонгост айлчлахыг зөвшөөрөхгүй. Хятад улс тодорхой шалтгаанаар түүхэн уулзалтыг зохион байгуулахаас татгалзсаны дараа олон улс судлаач, ажиглагчид өөрсдийн байр сууринаас тохиромжтой хотыг тодорхойлж дараах орнуудыг санал болгож байна.

ОРОСЫН АЛС ДОРНОД

Оросын тал хоёр улсын удирдагчийн уулзалтыг Алс Дорнодод зохион байгуулах санал гаргасан билээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Олег Бурмистров “Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг ОХУ-д зохион байгуулах боломжтой” гэж мэдэгдсэн. Харин барууны ажиглагчид Алс Дорнодод түүхэн уулзалт зохион байгуулахад тохиромжгүй гэж үзсэн бөгөөд “Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар ОХУ-д айлчлахдаа В.Путинтэй уулзалгүй Ким Жон Унтай уулзах нь дипломат ёсонд харш” гэж тайлбарласан юм. Хэдийгээр ОХУ Умард Солонгостой нааштай харилцаатай ч Ким Жон Ун анхны гадаад айлчлалаа Москвад бус Бээжинд хийсэн билээ. Умард Солонгосын төрийг улиран захирч байгаа Кимийн гурван үеийнхэн Орос, Хятадаас өөр улсад айлчилж байгаагүй. Ким Жон Уны эцэг Ким Чен Ир 2002, 2011 онд ОХУ-д айлчилсан бол өвөө нь ЗХУ-д 11 удаа зочилж байжээ. Умардын удирдагчид аюулгүй байдлаа сахин нисэх онгоц хөлөглөдөггүй бөгөөд Ким Жон Ун эцгийнхээ хуягт тэргээр Бээжин хүрсэн. Ким Чен Ир 2011 онд Москвад хуягт галт тэргээр хүрсэн бөгөөд айлчлалдаа 24 хоног зарцуулсан байдаг. Тиймээс Ким Жон Ун Орос тэр дундаа Москвад Трамптай уулзах бодолгүй байгаа аж.

ШВЕЙЦАРЬ УУ, САНААНД ОРОМГҮЙ СОНГОЛТ УУ

Умард Солонгосын одоогийн удирдагч Швейцарийн Берн хотын дунд сургуульд Пак Ун гэх нууц нэрээр суралцаж, төгсчээ. Тиймээс Ким Жон Ун Берн хотод Д.Трамптай уулзах магадлалтай. Мөн Дональд Трамп, Ким Жон Унтай санаанд оромгүй газар уулзаж болох талаар эх сурвалжууд дурдаж байна. Тухайлбал, Гуам, Хэджу арал дахь цэргийн баазад түүхэн уулзалтыг зохион байгуулж болох юм. Түүхийн хуудас сөхвөл, ЗХУ-ын удирдагч М.Горбачёв, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай /эцэг/ “Максим Горький” хөлөг онгоц дээр уулзаж, Хүйтэн дайныг эцэслэж байжээ. Мөн хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс болох Пханмунжом тосгонд Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтыг зохион байгуулж магадгүй талаар Японы “Асахи” сонинд мэдээлжээ. Харин Барууны зарим ажиглагч “АНУ, Умард Солонгосын цөмийн дайныг эцэс болгох уулзалтын найдвартай цэг бол Скайф цахим сүлжээ” хэмээн хошигнож байна.

ПХЕНЬЯН ЭСВЭЛ СӨҮЛ

Умард Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт зориулж төрөлх Пхеньян хотдоо дээд зэрэглэлийн “үдэшлэг” зохион байгуулж магадгүй талаар “Известия” сонин мэдээлсэн. Ингэхдээ Өмнөд Солонгосын эх сурвалжийг эш татсан байна. Хойд Солонгосын нийслэлд уулзалт зохион байгуулах хоёр үндсэн шалтгаан байгаа талаар эх сурвалжид дурджээ. Нэгдүгээрт, уулзалтын санаачлагч Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны аюулгүй байдал, хоёрт Орос, Хятадаас өөр Пхеньяны талд тохиромжтой улс байхгүй аж. Мөн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг Өмнөд Солонгосын нийслэлд зохион байгуулах боломжтой гэнэ. Учир нь талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, АНУ, Умард Солонгосын харилцааг сайжруулах талаар ярилцана. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын газрын даргын мэдээлснээр, тавдугаар сард болох түүхэн уулзалтыг Сөүлийн тал зохион байгуулахад бэлэн байгаа аж.

МОНГОЛ, ШВЕДИЙН САНААЧИЛГА

АНУ-ын CNN агентлагийн мэдээлж буйгаар Монгол, Шведийн тал Хойд Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргажээ. Тус сувгийн эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү үйл явцад Америкийн талаас Тагнуулын төв газар гол үүргийг гүйцэтгэж байгаа ажээ. АНУ болон БНАСАУ-ын тагнуулын албадын ажилтнууд хэд хэдэн удаа холбоо тогтоож, аль нэгэн гуравдагч улсад уулзсан байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт хаана, хэзээ болох нь одоогоор шийдэгдээгүй байгаа аж. Умард Солонгосын тал Пхеньянд уулзалтыг зохион байгуулахыг эрмэлзэж байгаа бол үүнийг Цагаан ордон зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Уулзалт болох бусад боломжит хувилбарын дотор Монголын нийслэл Улаанбаатар оржээ. Пхеньян дахь Швед улс Элчин сайдын яам Умард Солонгост хоригдсон барууны улсын иргэдийг чөлөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Валстром Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хог Стокгольмд өнгөрсөн сард хүлээн авч хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн үеэр Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтыг ирэх сард Шведэд зохион байгуулах талаар ярилцжээ. Дашрамд өгүүлэхэд, Швед улс БНАСАУ-тай харилцаатай Европын цөөн орны нэг юм.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)