Ши Жиньпин: Хятадын хоёр дахь хувьсгалыг бид эхлүүлсэн

Хятадын Хайнань мужийн Боао хотноо Азийн эдийн засгийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт "Нээлттэй, шинэ Азийн цэцэглэн хөгжилт" уриан дор болж, салбар бүрийн 2000 гаруй төлөөлөгч чуулж буйгаараа онцлог болж байна. Хятад улсын удирдагчдаас гадна Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте, Пакистаны Ерөнхий сайд Аббаси, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсеан Лоон болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш, Олон улсын валютын сангийн тэргүүн К.Лагард нарын 63 орны төр засаг, олон улсын байгууллагын тэргүүн оролцож байна. Хятад улсын дарга Ши Жиньпин чуулганыг нээж, илтгэл тавьжээ. Хятад улс нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойтой 2018 оны Боаогийн чуулган давхцаж байгаагаараа онцлогтойг тус улсын төрийн тэргүүн онцоллоо. Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс хэрхэн гадаад оронд нээлттэй болж, өөрчлөлт шинэчлэлээ үргэлжлүүлэх хэтийн төлөвийг танилцуулжээ. Мөн Азийн төдийгүй хүний сайн сайхан ирээдүйг цогцлоох тухай Хятадын шинэ эриний дөрвөн тулгуурт хөгжлийн онолыг танилцуулсан Ши Жиньпиний илтгэлийг дэлхийн нөлөө бүхий хэвлэл, мэдээллийн агентлагууд өөрсдийн байр сууринаас тодорхойлж байна. Боаогийн эдийн засгийн чуулган өнөөдөр өндөрлөнө.

БНХАУ-ЫН ДАРГА Д.ТРАМПЫГ “ЧИМХЭВ”

Ши Жиньпин “Энхтайванч хөгжил бол нийт хүн төрөлхтний хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд хүйтэн дайны сэтгэхүйгээр олон улсыг хохироосон эдийн засгийн өрсөлдөөн үеэ өнгөрөөсөн. Зөвхөн улс орноо бодсон увайгүй үйлдлээ зарим улс орон зогсоох хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил жил ирэх бүр уялдаатай болж, харилцан нөлөөлөх нь нэмэгдсэн учраас улс орнууд хөгжил дэвшилд хүрэх нийтлэг бодлого баримтлах шаардлагатай. Өөрчлөлт, инновац бол хүн төрөлхтний нийгмийг урагшлуулах үндсэн хөдөлгүүр бөгөөд хэн нэгэн үүнээс татгалзвал даруй цаг үеэсээ хоцрогдож, түүхэнд жигшигдэх болно. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагаас санаачилсан Засгийн газрын худалдан авах хэлэлцээрт нэгдэн орох үйл явцаа түргэтгэнэ” хэмээн Боаогийн чуулганы индрээс хэллээ. Түүний үгийг Европын ажиглагчид “Цагаан ордны тэргүүнийг “чимхсэн” далд агуулгатай үгийг Хятад улсын дарга илтгэлдээ хавсаргалаа” хэмээн онцолж байна. Хятад улс автомашин тэргүүтэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулж, иргэдийнхээ хэрэгцээт барааны импортыг нэмэхээ мэдэгдсэн. Түүнчлэн Ши Жиньпин АНУ-д хандан зориуд хязгаар тогтоохоо больж, Хятадад чиглүүлсэн дээд технологийн барааны экспортод тавьж буй хязгаарлалтаа султгахыг шаарджээ.

ВАЛЮТЫН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЛЭЭ

“Хятад улс бүх талаар нээлттэй болсон аугаа үсрэлтийг амжилттай хийж, олон улсын өмнө өргөн үүдээ нээлээ. Өөрчлөлт, нээлт бол Хятадын хоёр дахь хувьсгал бөгөөд ард түмний хөгжил, шинэчлэл, сайн сайхан амьдралын түүхэн шаардлагыг дагаж цаг үеийн урсгалтай нийцсэн шийдвэр гаргана. Бид социализмыг баримтлахын зэрэгцээ зах зээлийн эдийн засгийн өөрчлөлтийн бодлогоо гүнзгийрүүлнэ. Орчин үеийн хөгжилд хүрэх зам ганц байдаггүйг манай улсын туршлага харууллаа. Өнгөрсөн 40 жилд манай ард түмэн бүтээн байгуулалт хийж, өөрчлөлт нээлтийн бодлогыг баримталснаар нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлсөн. Өдгөө Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь том хүчин, аж үйлдвэрийн хамгийн том гүрэн, бараа худалдааны голлох орон болж, гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. Бид өнгөрсөн хугацаанд НҮБ-ын тогтоосон стандартаас доогуур амьдралтай байсан 700 сая иргэнээ ядуурлаас гаргасан. Хятад улс энэ онд хэд хэдэн чухал арга хэмжээ авч, зах зээлийн стандартыг шинэчилнэ. Эдгээр арга хэмжээнд үйлчилгээний салбар, тэр дундаа банк, санхүүгийн салбарыг хамруулна. Бид өнгөрсөн оны эцсээр эхлүүлсэн банк, үнэт цаас, даатгалын салбар дахь гадаадын хөрөнгийн харьцаанд тавьсан хязгаарлалтыг багасгах арга хэмжээг хэрэгжүүлж, даатгалын салбарын нээлттэй хөгжлийг түргэтгэх болно. Дотоодын банк, санхүүгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг багасгаж, хязгаарлана. Гэхдээ автомашин, хөлөг онгоц, нисэх онгоц зэрэг цөөн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг чөлөөлнө” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин улсынхаа эдийн засгийн нээлттэй бодлогын талаар онцлон тэмдэглэлээ.

"НЭГ БҮС, НЭГ ЗАМ" САНААЧИЛГАД 80 УЛС НЭГДСЭН

“Манай улс их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, "Нэг бүс, нэг зам" санаачилгыг эхлүүлж, Азийн эдийн засгийн хямрал, олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ санаачилгыг 2013 онд дэвшүүлснээс хойш 80 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай "Нэг бүс, нэг зам" хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Манай улс "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд хувийн жижиг ашиг сонирхлоо бусдад хүчээр тулгаагүй. Талууд харилцан хүндэтгэж, хамтдаа зөвшилцөн, хамт байгуулж хуваалцах зарчмаар "Нэг бүс, нэг зам"-ыг дэлхийн эдийн засгийн даяаршлын урсгалд нийцсэн, олон улсын хамтын ажиллагааны хамгийн өргөн хүрээг хамарсан талбар болгон байгуулах хэрэгтэй. Хятад улс олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийн уялдаа холбоог эрчимжүүлж, ил тод байдлаа нэмэгдүүлэн, өмчийн эрхийг хамгаална. Ингэхдээ олон улсын эдийн засаг дахь монопольчлолыг эсэргүүцэх болно” гэж Ши Жиньпин мэдэгдлээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.179.24.245)

    2018-04-11

    manai ene ochuuxen xar ayga xoolnoos xetrexgui maluud unshaasai manai uls torchid ard tumnees door bolvsrol medlegtei setgeltei chadvartai bgaa shuu amani ard tumeniizaya tusheed ene muusain xognuudaas salax udur xurdan ireesee ene eren ued xyataduud delxiid mundag yavj bna sain udridagchtai aztai ard tumen yum mundag bn shuu

  • ffff (202.131.225.150)

    2018-04-11

    xi jinping

  • (103.87.255.66)

    2018-04-11

    uls orniig ingej l udirdaad bgaa ym daa getel manai maluud yaj bna

  • Zochin (202.131.243.190)

    2018-04-11

    Hyatad neriig mongoloor bichihdee yaj zov bichihee ene setguulchid medeh heregtei, medehgui bol asuuj lavlah heregtei sh dee. Hyatdiin dargiin neriig Si Zinpin, Esvel Shi Jinpin gej 2 ooroor bichih yumaa. Yag alban esoor ali ni zov yum be

    ffff (202.131.243.190)

    2018-04-11

    xi jinping