С.Баярцогтыг хөөж, Ч.Сайханбилэгийг өмгөөлөх нь АН-ын ардчилал уу

АН-д ардчилал ор мөргүй устжээ. Тэр дундаа намын дарга С.Эрдэнийн хүн чанарыг дэнслэхээс аргагүй өдрүүд үргэлжилж байна. Учрыг тайлбарлахын өмнө үйл явдлын өрнөлийг тоймлоё. Нэгэн цагт энэ намын тэргүүн эгнээнд зүтгэж, нэр нүүр нь болж явсан төдийгүй Монголын улс төрд цэл залуугаараа орж ирсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр ар араасаа “аавын хаалга” татсан нь хэн бүхний анхаарлыг эрхгүй татаж эхэллээ. Уг процесст адилтгаж болох олон тал байна. Юуны өмнө, тэдний саатуулагдсан шалтгаан нь улс орны эрх ашигтай холбоотой том асуудал. Тухайлбал, С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан цагдан хорьсон бол Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулаад байна. Тэдний хувьд дээрх гэрээнүүдийг үзэглэсэн байдаг. Цаг хугацааны хувьд ч дээрх эрхмүүд долоо хоногийн зайтай ийнхүү саатуулагдлаа. Харин эдгээр баривчилгааны араас хамгийн түрүүнд АН-ын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн нь содон байв. Эхний удаад Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас баривчилсны дараа АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, түүнийг намаас хөөснөө албан ёсоор зарласан. АН-ын дарга энэ талаар “С.Баярцогт анх 1.2 сая ам.долларын хадгаламжаа мартаад, тухайн үедээ УИХ-ын дэд даргаасаа огцроод асуудал өнгөрсөн. Дараа нь 8.2 сая еврогийн асуудал үүссэн. Үүнийгээ хүнээс зээлсэн гэж тайлбарласан. Гэхдээ албан ёсны тайлбар өгөөгүй. Гурав дахь удаад 30,40 сая ам.долларын асуудал гарсан. Үндсэндээ гурав, дөрвөн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө оффшор дансанд байна гэсэн асуудал ил болсон. Жилийн өмнө Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байх үед нь С.Баярцогтод оффшор дансныхаа асуудлыг тайлбарла, эх үүсвэрийг нотол, тэр болтол намын төлөөлийн төв байгууллагад нэр дэвшүүлэх боломжгүй байна гээд бүртгэхээс татгалзсан. Бүтэн жил өнгөрөхөд нэг ч тайлбар өгөөгүй, ямар нэгэн уулзалт хийгээгүй. Тэгээд дахиад манай ротацийн сонгуулиар Үндэсний бодлогын хороонд нэр дэвших үеэр нь дээрх асуудлыг дахиж ярьсан. Ер нь өмнө нь намаас өгсөн удирдамжийг биелүүлээгүй, албан ёсны тайлбар хийгээгүй, нэг биш удаагийн үйлдэл нь тогтоогдоод эхэллээ. Ийм үйлдэл байж болшгүй, асуудлаа шийдээд, шүүхийн шийдвэр гарсны дараа намын гишүүнчлэлийн асуудлыг ярих нь зүйтэй гэж үзээд намаас хөөх шийдвэр гаргасан” гэх тайлбарыг өгч буй. Харин Ч.Сайханбилэгийн тухайд “Ч.Сайханбилэг ямар нэгэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэр нь нотолсон шүүх, хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байгаа. Ч.Сайханбилэгийн гэм буруутай нь тогтоогдох хүртэл АН-ын гишүүн хэвээрээ байна.

Шаардлагатай гэвэл намаас бүх талын дэмжлэг, тусламж үзүүлнэ. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх ч юм уу ямар нэгэн асуудал үүсвэл бид улс төрийн тодорхой алхмыг ч хийнэ” хэмээн мэдэгдлээ. Намынх нь хоёр гишүүн шүүхийн хаалга татангуут даргынх нь хийсэн тайлбар тэнгэр газар шиг зөрүүтэй. Нэгийг нь “бидэнд хамаагүй” гээд хаалгаа хаасан атлаа нөгөөг нь “эцсээ хүртэл хамгаална” гэх жишээний. Хэдийгээр дээрх хоёр процессыг ялгаатай гэж тайлбарлаж байгаа ч Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрын хэнийх нь ч асуудлыг шүүх эцэслээгүй. Тэднийг дөнгөж л шалгаж эхэлж байна. Тодруулж хэлбэл, “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэх Эрүүгийн хуулийн тодорхой заалт бий. Гэтэл АН-ын дарга шүүхээс урьтаад С.Баярцогтыг “яллачихаж” байгаа юм. Том зургаар нь харвал АН-д ардчилал бүрэн утгаараа устжээ гэж дүгнэж болохоор байна. Дотоод эрх ашиг гэх шалтгаантай холбож үзвэл АН-ын дарга хэтэрхий жижиг улс төр хийж байна. “Үндэсний хэмжээний том нам” гэж тодорхойлдог АН-ынхан, даргад нь “төрүүлсэн үрсээ” ард, урдаас төрсөн гэж алагчлах жижиг эрх ашиг үйлчилж буй нь энэ намын цар хүрээг бэлхнээ тодорхойлоод өгчихлөө. Энэ үүднээс нь авч үзвэл АН-д том эрх ашиг, амбийц гэж байхгүй болжээ. Тэр дундаа намын дарга С.Эрдэнэ хүн чанарын хувьд хэн бэ гэдгээ бүрнээ илтгэж байх шиг. Энэ удаад унасан хүүхдийг татаж босгох ухаан түүнд байсангүй. Гагцхүү унаж яваа нэгнээ араас нь өшиглөөд гаргачихлаа. С.Эрдэнэ энэ удаад намын нөхдөөсөө хасах оноо авч буй нь гарцаагүй. Учир нь, намд зүтгэж, итгэл үнэмшилдээ үнэнч зүтгэж яваа залууст хэзээ нэгэн цагт асуудал үүсвэл намын дарга нь лав хөөгөөд гаргах нь. Магадгүй, Ч.Сайханбилэг шиг намын даргаараа тултал өмгөөлүүлэх жижиг эрх ашиг үүсгэж чадаагүй бол шүү дээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mngl (64.119.16.176)

    2018-04-16

    teneg setguulchee ter muu bayartsogt chamd heden tugrug amlaa yu hulhi nohoi ogohgui shuu ofshor ni haagdsan

  • (110.70.54.155)

    2018-04-12

    hamgin hereggui nam bol an mun.

  • зочин (103.212.116.200)

    2018-04-12

    Энэ С.Эрдэнэ гэгч нөхөр хаашаа явж байгааг ч мэдэхээ болисон амьтан.Нэг хэсэг Баярцогтыг хөөсөн гээд л нөгөө Магнайтайгаа нийилээд баахан ярьсан дараа нь хөөх дүрэм байхгүй болсон.Одоо болохоор өмгөөлнө ч гэх шиг.Сайханбилгийгээч яах юм.Хөл толгойгоо мэдэхгүй дарга яана даа яана