АНУ-ын төсвийн алдагдал 804 тэрбум ам.долларт хүрчээ

АНУ-ын Конгрессын төсвийн албаны нийтэлсэн тайланд “Татварыг бууруулж, зардлыг нэмэгдүүлэх гэсэн Д.Трампын шийдвэрийн уршгаар АНУ-ын төсвийн алдагдал 2020 он гэхэд нэг их наяд ам.долларт хүрнэ” хэмээн тусгажээ. Тайланд бичсэнээр, 2018 онд АНУ- ын Засгийн газрын санхүүгийн алдагдал 804 тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос бараг 21 хувиар нэмэгдсэн байна. АНУ-ын санхүүгийн байдалд ноцтой хохирол учирч байгаагийн шалтгаан нь Дональд Трампын Засгийн газрын татварыг бууруулж, зардлыг нэмэгдүүлэх арга барилаас болсон гэдгийг шинжээчид онцоллоо. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2017 онд баталсан татварыг бууруулах хуулийн төслийн дагуу, ирэх 10 жилд татварыг нэг их наяд 500 тэрбум ам.доллараар бууруулах ёстой байв. Мөн цэргийн зардал, Засгийн газрын төсвийг нэмэгдүүлэхээр Цагаан ордны захиргаа төлөвлөж байгаа билээ.

АНУ-ын Конгрессын төсвийн албаны ахлах шинжээчийн дүгнэж байгаагаар Д.Трампын Засгийн газрын санхүүгээр сэдэл өгөх бодлого нь эдийн засгийн өсөлтийн хурдыг богино хугацаанд нэмэгдүүлэхэд тустай боловч дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг үр ашигтай ахиулж чадахгүй аж. Өөрөөр хэлбэл, татварыг бууруулах зэрэг арга барилын сэдлээр энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд 3.3 хувьд хүрэх боловч ирэх жил унаж 2.4 хувьд хүрэх юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)