Дэлхийн банк Монголын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь байхаар төсөөлжээ

Дэлхийн банкнаас гаргасан Зүүн Ази, Номхон далайн бүсийн нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцууллаа. Тус бүс нутагт Хятадаас гадна хөгжиж буй гэх тодотголтой Камбож, Мьянмар, Папуа шинэ Гвиней, Филиппин, Тайланд, Вьетнам, Зүүн Тимор болон Номхон далайн арлын орнууд багтдаг. Дэлхийн банкнаас хоёр жил тутам гаргадаг тайлангийн энэ удаагийнхад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилж, энэ онд 6.3 хувьд хүрэх төлөвтэй байгааг онцолжээ. Дэлхийн банкны тус бүс нутгийн ерөнхий эдийн засагч Судхир Шеттийн хэлснээр, энэ бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгаа ч богино болон дунд хугацаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад цөөнгүй сорилт тулгарах бололтой. Эдгээр сорилтыг даван туулахын тулд хөгжингүй эдийн засагтай орнуудад мөнгөний бодлогыг чангатгасны улмаас үүсч болзошгүй нөлөөллийг бууруулах, бодлогын тодорхой бус байдал, худалдааны урт хугацааны өсөлтийн төлөвийг сайжруулах арга хэмжээ авах нь чухал болохыг Дэлхийн банкнаас анхааруулжээ. АНУ, ОХУ, Хойд Солонгос зэрэг улс орны худалдаа, геополитикийн зөрчилдөөнөөс улбаалан дэлхийн худалдааны тогтолцоонд аюул занал учирсан хэвээр байгаа учраас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд худалдааг интеграцчилах, хөнгөвчлөх үйл ажиллагааг эрчимжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатайг Дэлхийн банк онцолж байна. Тус бүс нутагт нөлөө бүхий Хятадын эдийн засаг өнгөрсөн онд хүлээлтээс илүү хурдацтай буюу долоон хувиар өссөн ч эдийн засгаа тэнцвэржүүлэх, өсөлтийг чанаржуулах хөрөнгө оруулалтаас илүү дотоодын хэрэглээг бодлогоор дэмжиж, зээлийн өсөлтийг удаашруулах бодлого баримталснаар энэ онд 6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа аж. Индонез, Тайланд, Малайз, Вьетнам улсын эдийн засаг сэргэж, өсөлтөө хадгалах боломжтой болжээ. Монгол Улсын хувьд нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, микро эдийн засаг тогтворжсоноор өнгөрсөн онд эдийн засаг 5.1 хувиар өссөн нь хүлээлтээс давсан эерэг үзүүлэлт болжээ. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьд хүрч байсан бол өнгөрсөн оны эцэст 1.9 хувь болтол огцом буурч, төсвийн нөхцөл байдал эрс сайжирчээ. Эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, энэ онд 5.3 хувьд хүрч, ирэх жилүүдэд зургаан хувиас давах төлөвтэй байгааг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жон Паскал онцлон тэмдэглэлээ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв байдлыг танилцуулсны дараа ноён Жон Паскал болон эдийн засагч Б.Даваадалай, Ш.Алтанцэцэг нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Монгол Улсын эдийн засаг олон улсын байгууллагуудын төсөөлж байснаас илүү өндөр үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн хүчин зүйлийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

- Юуны өмнө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, донор орон, олон улсын байгууллагаас орж ирсэн зээл тусламжийг үр ашигтай зарцуулж байна. Мөн төсвийн орлогын гүйцэтгэл сайжирч, Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд хяналтыг сайжруулсан нь сайнаар нөлөөллөө. Инфляцын төвшинг 6.4 хувьд барьж чадсан нь Төвбанкны зорилтот хэмжээнээс бага байсан. Монголбанкны зохистой бодлогын үр дүнд төгрөгийн ханш чангарч, өрхийн бодит орлого 6.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд эдийн засаг өсөлттэй гарснаар ядуурлын төвшинг багасгахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

-Энэ онд эдийн засгийн өсөлт манай улсын хувьд ямар байх төсөөлөлттэй байна вэ. Үндсэн шалтгаан нь юу байх бол?

- Эдийн засгийн өсөлт 5.1-5.3 хувь буюу өмнөх оны төвшинд байх болов уу. Ойрын хоёр жилийн хугацаанд зургаагаас доошгүй хувьд хүрэх төлөв байна. Үүнд, бүтээгдэхүүний үнийн өсөлт, уул уурхай, худалдаа, тээвэр зуучлалын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт гол нөлөөг үзүүлэх болно. Мөн хэрэглээний бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа нь томоохон дэм үзүүлнэ гэж найдаж байна.

-Том зургаар нь харвал макро эдийн засагт нөлөөлөх эерэг хүчин зүйл нь юу байна гэж тооцоолов?

- Мэдээж, уул уурхайн олборлолт, экспорт голлох байр суурийг эзэлсээр байх болно. Үүнээс гадна Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжилж, төмөр зам болон нүүрсний томоохон төсөл хөтөлбөрөө хөдөлгөх шаардлагатай. Эдгээрийн үр дүнд олон ажлын байрыг шинээр бий болгосноор ажилгүйдэл, ядуурлын төвшинг бууруулж чадна.

-Эдийн засаг цаашид тогтвортой байх, өсөлт нэмэгдэхэд учирч болох эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

- Юуны өмнө улс төрийн тогтворгүй байдал нь эрсдэл бий болгох магадлалтай. 2020 оны УИХ, орон нутгийн сонгууль болтол багахан хугацаа үлдэж байна. Үүний наана өнгөрсөн сонгуулиар уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эхлүүлэх амлалтын биелэлт хэр байх нь асуудал болно. Манай улс эрдэс баялгын экспортоос шууд хамааралтай орны хувьд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш ямар байх нь эрсдэл дагуулж болзошгүй юм. Мөн биднээс хамаарахгүй бас нэг эрсдэл нь хөдөө аж ахуй, газар тариаланд хүндрэл учруулах магадлалтай цаг агаарын тааламжгүй нөхцөл байдаг. Энэ оны эхний хоёр сарын байдлаар л гэхэд малын зүй бус хорогдол 2010 оноос хойш тохиолдоогүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Иймэрхүү эрсдэлийг тооцоолж, төр засаг шийдвэрээ гаргах нь чухал.

-Монгол Улсын эдийн засаг ийм өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, түүний дотор нүүрс голлох үүргийг гүйцэтгэсэн гэдэгтэй та бүхэн санал нийлж байна уу?

- Тийм, санал нэг байна. Энэ нь нэгдүгээрт, урд хөршийн нүүрсний хэрэглээ өссөн. Хоёрдугаарт, Хойд Солонгосын нүүрсний экспортод Хятадын талаас хориг тавьсан нь манайд эергээр нөлөөлсөн гэж бодож байна. Тийм ч учраас өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй хэмжээний нүүрсийг экспортолсон. Нөгөө талаар олон улсын байгууллага, бусад донор орны тусламжтайгаар Засгийн газар эдийн засгийг сэргээх олон чухал арга хэмжээг авснаар зах зээл идэвхжиж, гадаад өрийн хэмжээ буурлаа.

-Макро эдийн засаг өсч байгаа ч энэ нь иргэн, айл өрхөд мэдрэгдэхгүй, микро төвшинд өсөлт харагдахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ талаар та бүхэн ямар бодолтой байгаа вэ?

- 2016 онд өрхийн орлого найм хүртэл хувиар буурч байсан бол өнгөрсөн оноос өсөлт ажиглагдаж байна. Үүний үрээр өрхийн хэрэглээ өсч байгаа нь судалгаанаас харагддаг. 2014-2016 онд ядуурлын төвшин 30 орчим хувиар өсч байсантай харьцуулбал өнгөрсөн жилээс тогтворжиж байна. Цаашдаа Засгийн газраас хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна гэж Дэлхийн банк үнэлж байгаа юм. 2016 оноос дотоодын бизнесийн идэвх сэргэж, микро эдийн засаг хөдөлгөөнд орсны үр дүнд нийт эдийн засаг өнгөрсөн онд 5.1 хувийн өсөлттэй гарсан гэж ойлгож байна. Үүнд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгө, зээлийн бодлого ч чухал үүрэг гүйцэтгэсэн.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)