З.Чинтүшиг: Түлэнхийн төвийн санхүүжилтийг Кувейтийн Засгийн газар шийдсэн

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.ЧИНТҮШИГТЭЙ ярилцлаа.

-Таныг Элчин сайдаар томилоод нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Монгол Кувейт улсын хоорондын үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс Кувейт Улстай дипломат харилцаа тогтоогоод 43 жилийн хугацаа өнгөрлөө. Миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сард томилогдож ирээд Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль- Жабер Аль-Сабахт Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад ажилдаа орсон. Бид Монгол, Кувейтийн улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Кувейт хотод зохион байгуулсан нь томоохон арга хэмжээний нэг болсон. Монголын талаас Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Кувейтийн талаас Сангийн дэд сайд нь ахалж, бүх яамны төлөөлөл оролцсон уг хуралдаанаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, цаашид хийх ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.

-Монголын талаас Түлэнхийн төвийн барилга байгууламжийн асуудалд Кувейт улсаас дэмжлэг хүссэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?

-Бид хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээр хийхээр болсон. Манай талаас хөрөнгө оруулалт, санхүүжилт хүссэн төслүүдээ өгсөн байгаа. Төслүүдийг Кувейтийн тал судалж байна. Мөн сэтгүүлчдийг солилцооны сургалтад хамруулах асуудлыг ч ярилцсан. Түүнчлэн Түлэнхийн тө­ вийн санхүүжилтийн найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг шийдсэн. Бу­ цалтгүй тусламжийн дөрвөн сая ам.долларыг ярилцаж, өнгөрсөн оны арванхоёр­ дугаар сард Кувейт улсын Засгийн газар шийдвэр гаргаад Монголын талд хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Ямар төслийг санхүүжүүлэх буцалтгүй тусламж авах вэ гэдгийг Монголын тал шийдвэрлэнэ.

-Газрын тосны нөөцөөрөө дэлхийг тэргүүлдэг энэ орны хувьд иргэд нийгмийн халамжийн системээсээ их зүйл хүртдэг юм байна. Манай хоёр орон газар зүйн хувьд алс хол байрлалтай ч худалдаа наймаанд хамтрах боломж бий юү?

-Арабын орнуудын иргэд Монголын ноолууран бүтээг­ дэхүүнийг санал болгон нийлүүлэх боломжтой. Энэ талаар холбогдох компаниу­ даас санал тавьсныг бид албан ёсоор Кувейтийн талд уламжилсан. Манай Элчин сайдын яам Кувейтэд байрлалтай боловч Булан­ гийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн Саудын Араб, Бахрайн, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг зургаан орныг хариуцаад ажиллаж байгаа. Энэ зах зээл нь дөрөв орчим их наяд эдийн засагтай бөгөөд Арабын 55 сая иргэн амьдарч байна. Сэтгэлгээ нь төстэй, өмсч зүүж байгаа нь ижилхэн учраас нэг зах зээлд өрсөлдөх боломжтой.

-Монгол Улс нефть боловсруулах үйлдвэр барих гэж байгаа. Тэгэхээр мэдээж энэ улсын газрын тосны салбарыг ихээхэн сонирхож байна. Кувейт улсаас ямар туршлага судалж болох вэ?

-Кувейт улс бага зардлаар ихийг олборлодог. Газрын тосны үйлдвэр нь 1930-аад оноос олборлолтоо эхэлсэн ч хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Газрын тос олборлохдоо хамгийн хямд зардлаар олборлодог. Тиймээс бид эхний ээлжид энэ туршлагаас суралцаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. Элчин сайдын яамны зүгээс энэ асуудлаар ажиллаж, газрын тос импорт­ лох хүсэлтээ тавьж байсан. Гэвч Кувейтийн талаас тат­ галзсан хариу өгсөн байдаг.

-Ямар учраас татгалзсан юм бол?

-Гурван учир шалтгааныг харгалзан үзэж татгалзсан байдаг.Нэгдүгээрт, Монгол Улсыг нефть боловсруулах үйлдвэргүй. Хоёрдугаарт, тээврийн зардлаа яаж шийдэх нь тодорхойгүй, далайд гарцгүй орон.Гуравдугаарт, Кувейт улс өөрөө газрын тос экспортлогч орнуудын ОПЕК-ийн гишүүний хувьд олборлолтоо багасгасан байгаа учраас одоогоор экспортлох боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа.

-Кувейт Улсад газрын тосны үнэ унаж, олборлолт багассанаас болж улсын төсвийн алдагдал нь 20 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Газрын тосноосоо эдийн засгийнхаа 95 хувийг босгодог улсын хувьд энэ хүнд бэрхшээлийг хэрхэн давдаг юм бол?

-Газрын тосны үнэ унаснаас болж, 2016 онд 21 тэрбум ам.долларын төсвийн алдагдалд орж байсан юм билээ. Ингээд 2017 оны нэгдүгээр сард 30 жилийн хугацаатай бонд анх удаа гаргасан байдаг. Энэ нь нийтдээ 83 тэрбум ам.доллар. Энэ мөнгөөр төсвийнхөө алдагдлыг нөхнө гээд хуримтлуулаад явж байна. Цаашид газрын тосны үнэ хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Энэ жилийн төсвийн төсөөллөөр газрын тосны үнийг 50 ам.доллар байна. Дахиад 20 тэрбум ам.долларын алдагдалтай төсөвтэй байгаа гэсэн төсөөлөл бий. Гэхдээ өнөөдөр газрын тос 70 ам.доллар хүрчихээд байна. Алдагдлаа нөхөхийн тулд бондоосоо гаргах уу, хойч үеийн сангийн мөнгөнөөсөө гаргах уу гэсэн асуудал байгаа. Ер нь нөөц бол их. Олсон мөнгөө хойч үеийн санд байршуулаад, мөн “Кувейтийн хөрөнгө оруулалтын сан” гэдэг байгууллагаараа дамжуулан томоохон компаниудад хө­ рөнгө оруулалт хийн ашиг хүртээд явдаг.

-Хойч үеийн сандаа хэдэн хувийг нь байршуулдаг вэ?

-“Кувейтийн хөрөнгө оруулалтын сан”, “Хойч үеийн сан” гэж хоёр тусдаа бий. Газрын тосноос олсон орлогынхоо 10 хувийг “Хойч үеийн сан”-даа байршуулдаг. Хөрөнгө оруулалтын газар нь олсон орлогыг төсөвт хуваарилаад үлдсэн орлогыг нь дэлхийн том компанийн хувьцааг худалдаж авах за­ маар ногдол ашиг хүртдэг.

-Газрын тосны 200 жилийн нөөцтэй гээд байгаа. Энэ нь дуусвал яах бол. Энэ асуудалд Кувейтийн тал хэр санаа тавьдаг вэ?

-Газрын тосны нөөц нь өнөөдрийн олборлож байгаа хэмжээгээр тооцвол 100 жилийн дараа дуусна гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэхдээ газрын тосны үнэ, олборлолтын хэмжээнээс шалтгаалаад яг хэзээ дуусахыг тодорхойлох боломжгүй. Мөн батлагдсан нөөц нь 104 тэрбум бар­ рель. Батлагдаагүй нөө­ цүүд бий. Хайгуулын аж­ лыг их хийж байна. Кувейт Улс 2035 он хүртэлх стра­ теги төлөвлөгөөгөө бо­ ловсруулсан. Төлөвлө­ гөөндөө эдийн засгаа солонгоруулж, булангийн хамтын ажиллагааны зөвлө­ лийн орнуудын санхүүгийн төв болох зорилт тавьсан. Түүнчлэн аялал жуулчлалыг дэмжих, жижиг дунд биз­ несийг эхлүүлэх талд анхаарч ажиллаж байна.

-Манай улсад шатахуун үнэтэй бол энд ус нь үнэтэй юм байна. Кувейт улсын хувьд усны хэрэгцээгээ яаж хангадаг юм бол?

-Халамжийн нэг хэлбэр нь шатахууны үнийг хямд байлгах юм. Худалдах зөрүү мөнгийг улсаас гаргадаг. Усны асуудал тулгамдсан асуудлын нэг. Кувейт улс бол ерөнхийдөө далайн ус цэвэршүүлэх байгууламж бариад усаа хангадаг. Одоогийн ус цэвэршүүлэх технологиос 50 дахин хямд, далайн ус цэвэршүүлээд ундны ус хийдэг технологийг Эмиратад туршиж байгаа. Энэ технологи нь харьцангуй шинэ технологи. Цаашид энэ технологийг ашиглаж далайн усаа цэвэршүүлэх замаар усныхаа асуудлыг шийдэх зорилготой.

-Кувейт улсын халамжийн систем бусад орноос өөр юм. Халамжийн системийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Кувейтийн халамжийн системийн талаар ярихын тулд гурван зүйлийг бодох хэрэгтэй байх. Нэгдүгээрт, Эрүүл мэн­ дийн салбарт хэрхэн халамж үзүүлж байна. Хоёрдугаарт, Боловсролын салбарт. Гу­ равдугаарт, Амьжир­ гааны төвшин доогуур, орлого багатай иргэддээ ямар халамж үзүүлдэг эсэх. Боловсролын систем нь үнэ төлбөргүй байдаг. Сурч байгаа мэргэжлээрээ гадаадад сурах болбол улсаас тэтгэлэг олгоно. Мөн энд эрүүл мэндийн бүх үйлчилгээ үнэгүй. Эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэнэ. Түүнчлэн гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол улсаас зардлыг нь бүрэн даана. Халамжийн тухайд, хүүхдийн мөнгө олгоно, ажиллах чадвараа алдсан иргэддээ авч байсан цалинтай нь дүйцэхүйц мөнгө олгоно. өнгөрсөн оны статистикаар нэг кувейт өрх улсаасаа жилд 20 мянган ам.долларын халамж авсан байна.

-Кувейтэд баялгийн тэгш хуваарилалт явагдаж байна гэж харлаа. Хаант засаглалтай ч ардчилсан улс шиг санагдаж байна?

-Кувейт улсыг хаант засаглалтай орон боловч хагас ардчилсан гэж ярьдаг. Учир нь шийдвэр гаргах эрх мэдэл нь хаанд байдаг ч парламентын гишүүд нь иргэдээсээ сонгогддог. Арабын бүс нутагт парла­ ментын гишүүдээ хаан нь томилдог. Харин Кувейтэд бол ард иргэд нь сонгодог. Парламентын гишүүд нь хууль тогтоох үүрэгтэй. Гэхдээ хуулийг эцсийн байдлаар хаан гарын үсэг зурж байж албажуулдаг. Мөн гишүүд нь хянан шалгах үүрэгтэй. Тийм болохоор хагас ардчилсан гэж үзээд байгаа юм. Баялгийн тэгш хуваарилалтын хувьд шүүмжлэл ихтэй. Зарим өрх худлаа өвдөж мөнгө авдаг, ха­ ламжийг хавтгайруулж байгаа гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг.

-Монголчуудын хувьд Кувейт улсад аялал жуулчлалын шугамаар ирэх боломжгүй байдаг юм байна. Харин сурч, боловсрол дээшлүүлэхээр ирдэг гэнэ. Суралцахаар ирж байгаа оюутнуудын хувьд ямар шаардлагыг хангаж ирэх вэ?

-Монгол Улс, Кувейт Улсын хооронд Засгийн газрын хэлэлцээртэй. Энэ шугамаар жил бүр таван оюутанд бакалаврын чиглэлээр квот олгодог. Бакалаврын зэргийг авахын тулд араб хэлтэй байх шаардлагатай. Мөн Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд нэг юм уу, хоёр жил их сургуульд сурсан байх ёстой. Одоо тус улсад Араб хэлний чиглэлээр хоёр монгол оюутан суралцаж байна. Ер нь шалгуур хангаад ирэх оюутан олддоггүй юм. Оюутнууд ирж суралцах нь Арабын ертөнцийг танина, хоёр улсын харилцаанд сайнаар нөлөөлнө.

-Саяхан энд Авлигатай тэмцэх хороог байгуулжээ. Баян оронд авлига байгаа гэдэг нь сонирхол татлаа. Ер нь Кувейт орон авлигатай хэрхэн тэмцдэг юм бол?

-Авлигын асуудал Кувейт орны хувьд шинэ асуудал юм. Өнгөрсөн жил Авлигатай тэмцэх хороог байгуулсан. Олон улсын “Транспаренси интернэшнл” байгууллагаас гаргасан үнэлгээгээр нийт 180 орноос 85-д орсон байдаг юм билээ. Хороо байгуулсан шалтгаан нь 2016 онд 70 дугаарт байрт явж байсан бол одоо ухраад байгаа. Тиймээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Кувейтэд авлигатай тэмцэх хууль байхгүй учраас нэн түрүүнд авлигын эсрэг хуулиа гаргах шаардлагатай гэж үздэг. Төрийн байгуул­ лагын төсвийн зарцуулалтыг аудитын байгууллага хянадаг. Энд Аудит бол том эрх мэдэлтэй байгууллага юм. Цаашдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулах байх гэж бодож байна.

 

В.САРАНТУЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.165.92)

    2018-04-14

    сайхан мэдээлэл байна Кубетын ард түмэнд баярлалаа