Гурван талт хэлэлцээрийг баталснаар эдийн засагт эерэгээр нөлөөлнө

 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Манай улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж ирсэн байдаг. Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай авто тээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байгаа аж. Засгийн газар хоорондын дээрх гурван талт хэлэлцээрийг баталснаар нэгдүгээрт, Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Гуравдугаарт, Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлыг хөнгөвчилнө. Дөрөвдүгээрт, автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн автозамын сүлжээний АНЗ болон АН4 автозамд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын автозамын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх аж.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Манайд олон улсын дамжин өнгөрөх авто тээвэрлэлтэд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ, камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тулгарч байна. Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан- Улаанбаатар, Улаанбаатар- Алтанбулаг чиглэлийн олон улсын автозамын шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Үүний хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлуудыг шийднэ гэж үзэж байна” гэлээ. Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ- ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын нисэхийн тухай хуулийг анх 2003 онд баталсан юм. Уг хуулиар улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн төслийг баталснаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан, түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.

М.ОРГИЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.182.139)

    2018-04-15

    unegui byaslag gesen ug