С.Чинзориг: Албан бус хөдөлмөр эрхлэгчид бидэнд хамаагүй

Улсын Их Хурлын ээлжит чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан, 13 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болохоор хуульд тусгасныг нь тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийн харилцааг зохицуулахад анхаарал хандуулж ирсэн. БНСУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийснээр тус улсад ажиллаж байсан иргэд хөдөлмөр эрхэлсэн хугацаанд төлсөн даатгалын тэтгэмжээ авч байгаа. Мөн Чех, Польш, Унгар, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж, эдгээр оронд ажилласан хугацаанаасаа хамаарч даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авах, тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг хийж байна” гэж хариулав. Мөн тэрбээр “Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын гэрээ байгуулсан харилцааг зохицуулахаар тусгасан. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад нэг сая 200 мянган ажиллагсад байгаагийн 400 гаруй мянга нь албан бус хөдөлмөр эрхлэгчид байгаа.

Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг уг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй” хэмээн хариулж байлаа. Ажлын хэсгийн зүгээс, “Хөдөлмөрийн тухай хуульд 15 нас хүрсэн, суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн бичигтэй бол хөдөлмөрийн харилцаанд орж болно гэж заасан байгаа.

Харин 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага хийх боломжийг олгох үүднээс ийм заалт оруулсан” гэж байлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулгадаа дурдлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ- ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ажлын хэсгийнхэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй өдийг хүрсэн. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжид оногдох татварын дарамтыг багасгахын тулд ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсан. Төлбөрийг тооцохдоо ус бохирдуулсан бодис, хэмжээг нь нарийвчлан тооцсон аргачлалыг гаргасан. Энэ аргачлалд заасны дагуу аж ахуйн нэгжийн усны хэрэглээ, цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа усны бохирдлын хэмжээ, бодисны орцоос хамаарч төлбөр нь харилцан адилгүй байгаа. Тухайлбал, энэ аргачлалаар тооцоход нэг аж ахуйн нэгжид 3.3 сая төгрөгийн төлбөр ногдуулна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа бохир усаа цэвэршүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөхөөр тусгасныг онцолж байлаа.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)