Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хамтын ажиллагаа чухал болохыг ухамсарлах хэрэгтэй

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санаачилгаар Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг өнгөрсөн долоо хоногийн эцсээр зохион байгууллаа. Чуулганд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, цагдаагийн алба хаагчид зэрэг 200 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Жендерт суурилсан хүчирхийлэл нь Ази, Номхон далайн бүс, Монгол улсад охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн чадавхид ихээхэн сөрөг үр дагавар учруулсан нийгмийн эрүүл мэнд, хүний эрхийн ихээхэн санаа зовоосон асуудал хэвээр байгаа төдийгүй нийгэмд эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, тогтвортой хөгжилд саад учруулж байна. 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтууд дотор охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, жендерийн тэгш байдлыг хангах явдлыг бүхэл бүтэн бие даасан нэг зорилт болгон баталсан юм. Үйлчилгээ үзүүлэгчид бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг дэмжих тэргүүн фронтод ажиллаж байгаа хүмүүс. Иймд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганаар бүх салбарын үйлчилгээ үзүүлэгчид хуран цуглаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй амжилт, тулгарч байгаа бэрхшээл сургамжийг хэлэлцлээ.

Ингэхдээ эрүүл мэнд, аюулгүй байдал, хууль зүй, нийгмийн хамгааллын салбарууд өөр хоорондоо туршлага солилцож, өнгөрсөн жил Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарсан сургамжуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг цаашид хэрхэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

Л.Бямбасүрэн: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ИХЭВЧЛЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД, ӨНДӨР НАСТНУУД ӨРТДӨГ

Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Гэр бүл гэдэг нь хүний хамгийн нандин үнэт зүйл байдаг. Хүн бүр өөрийн гэр бүлээ үүсгэхдээ аз жаргалтай, өнөр өтгөн, элбэг хангалуун, элэг бүтэн байна гэж, улс орны ирээдүй болсон хүүхдүүд гэр бүлдээ инээд баяслаар цангинаж, амьдралдаа итгэх итгэл төгс байна гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байхыг хүсдэг. Гэвч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн улмаас байнгын айдас, дарамттай байх нь олонтаа тохиолддог. Өнөөдөр зөвхөн Монгол улсын хэмжээнд бус дэлхийн төвшинд тулгамдсан асуудлын нэг бол яахын аргагүй гэр бүлийн хүчирхийлэл. Дэлхийн олон улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг олон салбарын мэргэжилтнүүд нэг цэгээс үзүүлэх үйлчилгээ бий болоод 20 гаруй жил болж байна. Дэлхий дээр таван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. 10 эмэгтэй тутмын нэг нь хэн нэгэнд хандаж тусламж үйлчилгээ хүсдэг гэж үздэг. Энэ мэтээр гэр бүлийн хүчирхийлэл давтагдсаар байдаг. Иймд манай улсын Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж, хэрэгцээ шаардлага байгааг олж харан хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны зүгээс дангаар болон хамтарсан журмуудыг 2017 онд батлан гаргасан. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдсэн гэж ойлгож болно. Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг нь судалгаанаас харагддаг.

Гэр бүлийн хүчирхийлэл хэдийгээр нийгэмд ил мэт боловч ихэнх тохиолдолд амьдралын нөхцөл, эдийн засгийн хараат байдал зэргээс хамааран ил гарахгүй, нуун дарагдуулах шинжийг агуулж байдаг. Ийм ч учраас бидний зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоог хангах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээнээс гадна эхчүүд, ар гэрийнхэнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Цаашдаа гэр бүлийн эмэгтэй, нэг ч хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй, гэр бүл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр халуун дулаан хайранд өсөн торниж, аз жаргалтай байгаасай. Бидэнд ийм ирээдүй ирнэ гэдэгт найдаж, цаашид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭХ УХАМСАР НЭМЭГДЖЭЭ

Цагдаагийн байгууллагад оны эхний гурван сарын байдлаар 140 гаруй мянган дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн 24 мянган дуудлага бүртгэгджээ. Энэ нь нийт дуудлагын 17,2 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн сангаас хохирогчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төрлийг ангилж үзэхэд нэг цэгийн үйлчилгээний төвд 128, түр хамгаалах байранд 36, ойр дотнын хүний хамгаалалтад 1300 гаруй хүнийг хүргэж өгсөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага мэдээлэл иргэдээс ирэх нь нэмэгджээ. Энэ нь иргэд хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй болсныг харуулж байгаа юм. Улсын хэмжээнд оны эхний улиралд 10 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 56,5 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 306 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 83 хэргээр буюу 21,3 хувиар буурсан байна. ЦЕГ-ын чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батзориг “Энэ оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 306, зөрчил 930 бүртгэгдсэн. Үүнээс 921-т нь баривчлах шийтгэл ногдуулжээ. Үлдсэн найман хүнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Цагдаагийн байгууллагаас энэ сард “Хүүхдээ хамгаалъя” аян зохион байгуулж байгаа. Гарч буй нийт гэмт, хэрэг, зөрчлийн 60 гаруй хувь нь нийслэлд байдаг. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг цаашид хэрэгжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг урьтал болгох нь чухал. Хүчирхийллийг бууруулж, урьдчилан сэргийлж ажиллахад хамтарсан баг буюу ажлын хэсгийг чадавхжуулах нь чухал. Бид үүнд анхаарч ажиллаж байна” гэв.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ZOOCHIN (112.72.11.113)

    2018-04-16

    TEGEED NYARAI HUUHED HUCHINDSEN HUNIIG UHAARUULJ OILGUULNA GEED L BAILGAAD BAIH UU. IIM L ERGUUNUUD SHUU DEE. NEG L IH UHAARUULDAG MUNDAG HUN BOLOH GEED YADSAN YUMNUUD.