Сири улс орших уу эс орших уу

 АНУ болон Франц, Их Британийн арми хамтран Сирийн нийслэл Дамаск хотод агаарын цохилт өгсөн байна. Энэхүү үйлдлийг дэлхийн улс орнууд эрс буруушааж, “Гурвалсан түрэмгийлэл”-ээ зогсоохыг шаардаж эхэллээ. “Америкийн дуу хоолой” радиогийн албан ёсны сайтад Пентагоны тэргүүний “Дамаскт нэг л удаа пуужингийн дайралт хийсэн” гэх мэдэгдлийг эш татан холбоотон орнууд Сирийн хямралыг лавшрууллаа хэмээлээ. Ажиглагчдын таамаглаж буйгаар түгшүүртэй бүс нутагт байдлыг даамжруулсан энэ түрэмгийллийг зогсоохгүй бол Сири улс орших, эс оршихын төлөөх ширүүн дайн дэгдээж болзошгүй гэнэ. Мөн Арабын Бүгд Найрамдах Сири улсад үүссэн ээдрээтэй нөхцөл байдал дэлхийн III дайны эхлэлийг тавьж магадгүй талаар зарим эх сурвалж онцолж байна.

Д.ТРАМП: ДАМАСКИЙГ БУУЖ ӨГТӨЛ АГААРЫН ЦОХИЛТ ӨГНӨ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид цохилт өгөх тушаалд гарын үсэг зурж, холбоотон орнуудаа уриалсан билээ. Цагаан ордны тэргүүн Америкийн цэргийн хүчин Сирид удаан хугацаагаар байрлах шаардлагагүйг мэдэгджээ. Дамаскийн талаас химийн зэвсэг ашиглахаа болих хүртэл АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ Д.Трамп онцоллоо. Түүний мэдэгдлийн дараа Сирийн нийслэл Дамаскад дэлбэрэлт болж буй дуу чимээ гарч, хотын дээр утаа суунаглаж эхэлсэн талаар CNN уламжиллаа. Мөн “Сирийн нийслэл Дамаск хотын Барзех дүүрэг хэд хэдэн удаа агаарын цохилтод өртсөн” гэж барууны эх сурвалжууд онцолсон юм. Тус дүүрэгт Сирийн эрдэм шинжилгээний томоохон төвүүд байрладаг. АНУ цэргийн ажиллагааг үй олноор хөнөөх зэвсгийг дахин ашиглах оролдлогыг таслан зогсооход оршсоныг Вашингтоны холбоотнууд онцолж байгаа билээ. АНУ болон олон улсын байгууллагуудын мэдэгдсэнээр, Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн Засгийн газрын хүчнийхэн химийн довтолгоо үйлдсэний улмаас 40 орчим хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байгаа юм.

БАШАР АСАД: НҮБ-ЫН ДҮРМИЙГ ЗӨРЧЛӨӨ

Сирийн Үндэсний телевизийн мэдээлснээр, энэ сарын 14-нд АНУ тэргүүтэй олон орны арми Дамаск хотод цэргийн ажиллагаа явуулжээ. Тус улсын Засгийн газар эх оронд нь түрэмгий дайн хийж буй АНУ, Франц, Их Британийн эрх баригчдад байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Энэ үйлдэл нь олон улсын хууль болон НҮБ-ын дүрмийг зөрчиж байгааг Башар Асад цохон тэмдэглэсэн байна. Сирийн Гадаад хэргийн яамнаас мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд АНУ, Англи, Франц зэрэг орны агаарын гэнэтийн довтолгоог хатуу зэмлэн буруушааж, “Олон улсын энхтайван болон аюулгүй байдалд заналхийллээ. Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээллийг шалгахаар Сирид Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчдийг ирэхтэй давхцуулан агаарын цохилт өглөө. Энэ нь тус байгууллагын ажилд саад учруулах болон хуурамч баримтууд бүрдүүлсэн нь илчлэгдэхээс сэрэмжлэх зорилготой” гэжээ. Сирийн Засгийн газрын мэдээлснээр, АНУ- ын холбоотон орнууд нийслэл Дамаскийн орчимд 110 удаа пуужин хөөргөсөн гэнэ. Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах арми пуужингийн ихэнхийг хориглон устгасан ч хотын чухал газрууд довтолгооны бай болсон байна. Тухайлбал, Дамаск хотын зүүн хойд хэсгийн Барзех бүсийн шинжлэх ухааны судалгаа, сургалтын төв лаборатори пуужингийн довтолгоод өртжээ.

ОХУ: ЭНЭ БОЛ АНУ-ЫН ТҮРЭМГИЙЛЭЛ

Сирид үүссэн нөхцөл байдлыг Оросын тал “АНУ-ын түрэмгийлэл” гэж үзэж байна. Оросын Төрийн думын Батлан хамгаалах хорооны тэргүүн дэд дарга Александер Шерин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Адольф Гитлертэй адилтгажээ. “Спутник” агентлагийн мэдээлснээр, А.Шерин “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол зүгээр ч нэг гэмт хэрэгтэн биш. Д.Трамп бол хоёр дахь Адольф Гитлер” гэв. Мөн ОХУ-ын Төрийн думын Батлан хамгаалах хорооны дэд дарга Юрий Швыткин мэдэгдэл хийхдээ “АНУ, Франц болон Их Британийн Сирид явуулж байгаа ажиллагаа сайн юманд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын энэ болчимгүй үйлдлийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдах шаардлагатай байна” гэжээ.

А.МЕРКЕЛЬ: Д.ТРАМПЫН СҮРДҮҮЛГИЙГ ДЭМЖИХГҮЙ

Германы канцлер Ангела Меркель “Өрнөдийн орнуудын Сирид явуулж эхэлсэн цэрэг дайны үйл ажиллагаанд Герман улс оролцохгүй. Химийн зэвсэг хэрэглэсэн ямарваа үйл ажиллагааг Герман улс зэмлэн буруушааж байна. Сирийн нийслэл Дамаскийн Зүүн Гута дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл бий. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирид хүч хэрэглэнэ хэмээн дахин сүрдүүлсэн. АНУ мөн Англи, Франц зэрэг холбоотон орнууд хамтрахаа мэдэгдсэн. Гэхдээ манай улс АНУ- ын уриалгад нэгдэхгүй” хэмээн мэдэгджээ.

НҮБ: СИРИЙН ЭСРЭГ ДАЙНД НЭГДЭЖ БОЛОХГҮЙ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш, АНУ, Их Британи, Францтай хамтран Сирийн нийслэлд хэдэн цагаар нарийвчилсан цохилт өгсөнтэй холбогдуулан мэдэгдэл хийлээ. “Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн орон байдлыг хурцатгахаас зайлсхий, Сирийн ард түмний эсрэг дайнд нэгдэж болохгүй. Бид энхтайван, аюулгүйн асуудлыг зохицуулахдаа НҮБ-ын дүрэм, олон улсын хуулийг мөрдөх ёстой. Энэ талаар НҮБ-ын дүрэмд маш тодорхой заасан. Аюулгүйн зөвлөл олон улсын энхтайван, аюулгүйн байдалд гол хариуцлага үүрэх учиртай. Эв нэгдэлтэй ажиллаж, энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэхийг миний бие Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд уриалж байна” гэжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.5.198.53)

    2018-04-16

    үхсэнийх нь мундаг гэж...ингэж бодож сэтгэж бгаа хүн өрөөсөн дугуй нь бололтой

  • irgen (62.167.114.16)

    2018-04-16

    delhiig suiryylj ashig oldog, amia hicheegch ornuud l ene gemt heregt orolzoj baigaa

  • (202.21.120.187)

    2018-04-16

    tramp mundag xvn bna, orosiin xamriig sqrgqqd...

    2018-04-16

    үхсэнийх нь мундаг гэж...ингэж бодож сэтгэж бгаа хүн өрөөсөн дугуй нь бололтой

  • (112.72.14.21)

    2018-04-16

    зургаа хараач, дамаск бөмбөгдөлтөнд өртөөгүй л байна шдэ

  • Зочин (103.229.121.157)

    2018-04-16

    Амeрик болиочээ дэлхийд муухай харагдаж байна . Дарга нь үгэнд нь орохгүй байна гэж ард түмнийн бөмбөгдөж болдог юм уу ? Түрэмгийлэгчид .

  • mandakh (139.5.216.179)

    2018-04-16

    amerik dain uduuhiighusej bna ene bol ardchilsan amerikiin unen nuur tsarai