ОХУ татварын онцгой бүс байгуулна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ- аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгохоо амлалаа. Шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ. Энэ төлөвлөгөөг удаан хугацааны туршид ярьж байсанч АНУ- ын авсан хориг арга хэмжээ нь асуудлыг эргэн харахад хүргэсэн байна. Татварын шинэ орчныг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим километр газар нутгийг эзлэх Октябрийн арал байхаар төлөвлөжээ. АНУ энэ сарын 6-нд хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн үзэж байгаагаар компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ. Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжоор зохицуулна. Мөн оршин суугчид нь зөвхөн Оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)