Төр, засаг тогтвортой байх нь хөгжлийн тулгуур болдог аж

Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр Монгол Казахстаны Засгийн газар хоорондын VII хуралдаан Астана хотноо болсон нь дөрвөн жил завсарласны дараа болж буй анхны уулзалт байлаа. Манай хоёр орон социалист систем задарсны дараа зах зээлийн жам хуулийг дагаж, хөгжлийн замд гарсан ч Казахстан улс аль ч салбарт, түүний дотор эдийн засгийн хувьд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа юм. Үүнийг Монгол Улсаас Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга ч хэлж байлаа. Ерөнхийдөө манай хоёр улс өнө эртний түүхийн холбоотой. Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”-гаас харвал Их Монгол Улсын цэрэг Дундад Азийг байлдан дагуулж асан 1220-оод онд Чингис хааны хөвүүн Зэв, Сүбээдэйн дайчид казахуудтай байлдаж, 1237 оноос Хасагийн тал нутаг Бат хааны мэдэлд, зарим нь Цагаадайн эзлэн түрэмгийлэлд өртөж байжээ. Харин 1391 онд Төмөр хаан ялагдал хүлээснээр Дундад Азид ноёрхлоо тогтоосон монгол үндэстэн түрэгжиж дууссан гэж үздэг юм байна. Эндээс хасаг үндэстэн үүссэн аж. Түүнээс хойш ЗХУ-ын бүрэлдэхүүнд Хиргис нэрт автономит улс үүсч, 1936 онд Зөвлөлт социалист бүгд найрамдах хасаг улс болж нэгдсэн нь 1991 он хүртэл хэвээр явж байжээ.

Тухайн оны арванхоёрдугаар сарын 15-нд, Орост өрнөсөн өөрчлөн байгуулалтын далбаан дор БНКазУ тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, дараа жил нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. Монгол Улс 1961 онд тусгаар улсаа баталгаажуулж, НҮБ-д элсч байсан гээд бодвол манай хоёр улсын хооронд зарим ялгаа байгаа боловч далайд гарцгүй, эдийн засаг нь уул уурхай, байгалийн баялгаас хамааралтай, өргөн уудам газар нутагтай гээд ижил төстэй зүйл ч олон бий. Гэхдээ л Казахстаны ДНБ-ий хэмжээ /420 тэрбум ам.доллар/ нэг хүнд ногдох ДНБ 24 мянган ам.доллар гээд маш олон давуу талтай болжээ. Энэ бүхний нууц нь газар нутгийн хэмжээ /2.7 сая хавтгай дөрвөлжин км. Дэлхийд есөд ордог/, хүн амын тоо /17.5 сая/-ноос хамааралтай байдаг биз. Эдийн засгийн өсөлтийн тоо хөөвөл Казахстан улс өнгөрсөн жил 5.1 хувь байсан бол манайх 5.4 хувийн өсөлттэй байлаа. Казахстан улсын эдийн засгийн ийм өсөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь төр засгийн тогтвортой байдал гэж казахууд үздэг юм байна. Учир нь, 1990 оны сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч Н.Назарбаев одоо хүртэл ажиллаж, өнгөрсөн таван сонгуульд 90-ээс дээш хувийн санал авсан бол өнгөрсөн 18 жилийн хугацаанд Ерөнхий сайдаар найман хүн ээлжлэн ажилласны дотор одоогийн Ерөнхий сайд Карим Масимов хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж байна. Нэгдүгээрт, төр засгийн тогтвортой, тууштай байдал улс орны хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг ард олны энэ сонголт харуулж байгаа болов уу. Хоёрдугаарт, дэлхий дахинд үгүй юмаа гэхэд бүс нутагтаа тухайн улс өөрийн байр суурь, амбицтай байх нь чухал. Казахстан улс гэхэд Ази тив, ялангуяа төв Азид өөрийн амбицаа илэрхийлж 2050 он хүртэл дэлхийн хөгжсөн 30 орны тоонд багтах зорилго, зорилтоо тодорхойлж, төлөвлөгөөгөө боловсруулаад хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэдгээрийг хөгжлийн томоохон сангуудад тулгуурлана гэдгээ албан ёсоор зарласан. Тухайлбал, Үндэсний сан буюу хуримтлалын нөөцийн эх үүсвэр нь газрын тос, газрын хийгээс олох орлогоо хадгалж, ирээдүйн үр хүүхдүүддээ зарцуулахад зориулагддаг аж. Нөгөө нь “Самру казино” гэж сан байх бөгөөд үүнд төвлөрүүлсэн хөрөнгөөр төрийн өмчит компаниудаа тэтгэж, эргэлтэд оруулж байдаг. Тус сангийн үйл ажиллагаатай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс танилцсан байна билээ. Казахстан улс 190 мянга орчим км авто замтайгаас 110 мянга нь цардмал зам байдаг бөгөөд улсын хэмжээнд 3.3 сая орчим тээврийн хэрэгсэлтэй гэсэн.

Тиймээс нийслэл Алматагаас Узбекистан, ОХУ- ын хил хүртэл таван чиглэлийн хурдны замтай. 15 мянга гаруй км урт төмөр замаар хөрш таван улстайгаа холбогдсоны дээр тухайн орны төмөр замын царигт тохирсон холболтын системтэй юм. Иргэний агаарын тээврийн “Эйр Астана” компани нь Алма- Ата, Астанагийн олон улсын нисэх буудлаас дэлхийн 50 орчим орон руу шууд нислэг үйлдэхээс гадна гадаад, дотоодод иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон 22 нисэх буудалтай юм байна. Дээрх зам тээврийн дотор “Хасагийн төмөр зам”компани 100 хувь төрийн өмчид байдаг бол “Айр Астана”-гийн 51 хувийг төр өмчилдөг. “Манай улсын тухайд улс төрийн болон эдийн засгийн ардчиллаа зэрэг хийсэн орон шиг байгаа юм. Казахстаны тухайд Хятад шиг эдийн засгийн ардчиллаа түлхүү явуулж, бүх юмаа босгочихоод араас нь улс төрийн ардчиллаа хөгжүүлсэн шиг санагдсан” гэж Элчин сайд Б.Баттулга дүгнэж байсан. Үнэндээ тийм ч биз. Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор Астана хүртэл 60 хүрэхгүй км бөгөөд энэ хооронд хоёр орны албаны хүмүүс зорчихдоо Москвагаар дамжиж нисэх юм уу, галт тэргээр 1700 км явдаг гээд бодоход л ложистик, зорчигч тээвэр хэрхэн хөгжиж байгааг харуулна.

Тиймээс Улаанбаатар-Астана, Өлгий- Астанагийн хооронд шууд нислэгтэй болох талаар дорвитой арга хэмжээ, яриа хэлэлцээ хийх цаг болсон. Үүнийг хамтын ажиллагаатай бусад улс орны харилцан ойлголцол, туслалцаатайгаар хэрэгжүүлэхэд ч болохгүй гэх газаргүй. Казахстан улс Европын холбоо руу чиглэсэн бодлоготойгоос гадна “Евроазиас” байгууллагад нөлөө бүхий, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад тодорхой байр сууриа нэгэнт эзэлчихсэн орон юм. Тиймээс Казахстантай гадаад худалдаагаа сэргээхийн тулд “Евроазиас”-тай худалдааны гэрээ байгуулахдаа тэднээс дэмжлэг авч чадвал Өлгий-Астанагийн хооронд хийж буй ганзагын наймаа олон улсын төвшинд очих бололцоо байна. Энэ сарын эхээр Астанад болсон Монгол-Казахстан улсын Засгийн газар хоорондын хуралдааны нэг гол асуудал нь ч энэ байлаа. Хэдийгээр өөрийн биеэр эрхэм дээдсийг дагалдан явж, Казахстан улс, нийслэл Астанагийн хөгжлийг нүдээр үзэж, чихээр сонсох завшаан тохиогоогүй ч албан болон бусад мэдээллээс олж авсан сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцахад ийм байна. Хөгжлийн бодлого тууштай байх болтугай.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Dovbdon (202.179.2.118)

    2018-04-18

    1-Hasagstan gedeg uls baihgui KAZAKHstan gedeg uls bii mongolchuud K ysgiig zov duuddag bolsoor 70 jil bolj bna ERHEMEE ,ta KANAD ulsiig nerteigeer n HANAD uls gej bicheerei kkk 2-SAMRUK KAZINO uuchlaarai ta anduursan bna SAMRUKKAZNA gej baih estoi,,,3-Baynolgiigoos Kazahstanii hil hurtel 60 km tsaashaa ASTANA holoo...Tuuhiin talaar bas neleed hudlaa burchihlaa

  • зочин (202.9.40.5)

    2018-04-18

    танай МАН-ын алнууд л тэгээд байгаа биз дээ