Г.Занданшатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 44,6 хувьтай байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44,6 хувьтай” байна гэлээ.

Хэрэгжилтийн бодлогоор нь авч үзвэл

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53,9 хувь

-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39,8 хувь

-Нийгмийн бодлого 46,0 хувь

-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41,2 хувь

-Засаглалын бодлого 47,2 хувьтай байна гэдгийг онцоллоо.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлж байна.

Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан 2017 оны IV улиралд арилжихаар төлөвлөж байсан 594.0 трбум төгрөгийн үнэт цаасны арилжааг зогсоосон, мөн 1,0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг эргүүлэн төлж, 370,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий өндөр хүүтэй Засгийн үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авлаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1,4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120,0 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа гэлээ. Мөн их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэж Г.Занданшатар хэллээ.

2017 онд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг үргүй зардал гаргахгүй байх, хөрөнгө оруулалтыг оновчтой хийх, тэвчиж болохуйц зардлыг бүрэн зогсоох, компанийн удирдлагын цалинг үе шаттайгаар бууруулж, тендерийг ил тод, нээлттэйгээр цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр хяналт тавьж ажилласны дүнд 2016 онд 379,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан төрийн өмчит хуулийн этгээдүүд 2017 онд  859,0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд: 

Инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5  тэрбум төгрөг, 62.0 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4  тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусган батлуулснаар иргэдийн тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100, 11200 төгрөгөөр нэмэгдсэн.

  Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж,  ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн.

Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 хувь болгож 3.0 хувиар бууруулсан.

Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байна.

Малчдын тэтгэврийн насыг урагшлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болов. 2018 онд 13.5 мянган малчин тэтгэвэр тогтоолгож, үүнд 44 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад байна.

  2016 онд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 34 сургууль 3 ээлжээр хичээллэж байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 20 сургууль болж буураад байна. 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 99 сургууль, 19 дотуур байр, 127 цэцэрлэгийг барьж эхэлж байна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.  

 

 “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчилж Оюутны сургалтын зээлийг хүүгүй болголоо зэрэг мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)