Пхеньяны тал Бээжин, Улаанбаатар хотыг уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ

Цагаан ордны тэргүүн Д.Трамп нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-д дээд хэмжээний айлчлал хийснийг онцоллоо. Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд Д.Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийсний дараа “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзана. Энэ удаагийн уулзалт эерэг хандлага авчирна гэдэгт итгэлтэй байна. Бид дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хотыг санал болгосон таван улсаас сонгох юм. Уулзалт зохион байгуулах магадлалтай газрын жагсаалтад АНУ-ыг багтаагаагүй. Гэхдээ Майк Помпео Ким Жон Ун нарын уулзалт маш амжилттай болсон. Хоёр тал сайн харилцаа тогтоолоо. Ким Жон Ун уулзалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь бидний үүрэг юм” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан газруудад Бээжин, Улаанбаатар, Швейцарь багтсан тухай эх сурвалжууд онцоллоо. Пхеньяны эрх баригчид Бээжин, Улаанбаатар хотыг уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ. NBC телевизийн мэдээлснээр, Д.Трампын Засаг захиргаа Швейцарьт уулзах хүсэлтэй байгаа ч Пхеньяны санаачилгыг дагах төлөвтэй юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхийлөгч Д.Трампын онц элчийн хувиар БНАСАУ-д нууцаар айлчилсан гэсэн мэдээллийг Цагаан ордны зүгээс баталлаа. Ерөнхийлөгч Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс нь Майк Помпео Ким Жон Унтай уулзсаныг нотолсон ч “Энэ талаар тайлбар хийхгүй” гэжээ.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)