Тавдугаар сард олон жилийн дунджаас дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 8 аймгийн 16 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 4828 га ой, 31999 га хээр, нийт 36827 га талбай тус тус түймэрт өртөж шатжээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгуулагаас 341 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэргийн анги байгууллагаас 22 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 667 иргэн, 75 автомашин, 53 мотоцикль, 39 морь, нийт 1030 хүн, 106 автомашин, 53 мотоцикль, 39 морьтой ажилласан.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 60 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 136 иргэн, 5 автомашин, 8 мотоцикль, 31 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.

Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан түймрийн голомтонд тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх тавдугаар сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөв гарчээ. Иймд түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)