Ленин ба “Гурав дахь зам”

Их Ленин (Владимир Ульянов)- ий улс төрийн амьдрал, үйл ажиллагаа, нийгмийн зүтгэл, зохиол бүтээл нь хүмүүн төрөлхтөнд мартагдашгүй өв болон үлджээ. Үүнийг тодруулан харуулах үүднээс зарим судлаачийн санааг авч үзье. Зөвлөлт-Оросын эрдэмтэн С.Н.Земляной (1949-2012) «Ленин ба Оросын “гурав дахь зам”» гэдэг сонирхолтой өгүүлэлдээ (С.Н.Земляной. Георг Лукач и западный марксизм. М. 2017 номноос үзнэ үү) Горбачев, Яковлев, тэднийг тойрон хүрээлэгчдийн гунигт үед Ленинийг гутаах гэж зарим зохиогч яаж сүржигнэж байсныг эхлэн товч сануулжээ. Тэд: Ленин сифилисээр өвдсөн, Лениний судсанд еврейн цус урсаж буй, нас барсан савхин хүрэмтэй хүний төмөр авдраас олдсон үнэт эрдэнэсийг Свердлов Ленинтэй хувааж авах гэж оролдсон, өөрийнх нь тухай М.Горькийн бичсэн найраглалаас аль хэсгийг нь уншиж өгөхөд бие нь их муу байсан Ленин хэрхэн уйлсан, Ленин “Их хуралд бичсэн захидал”-аа дуудаж бичүүлснийг сонсоод Сталин Крупская-г хэрхэн доромжилж харааж загнасан гээд л мөн ч их донгодцогоосон доо. Би бол үүнээс өөр зүйлийг мэдэж байна. Ленин муу хүн байсан уу, сайн хүн байсан уу, зээлсэн өрөө нөхдөдөө зохих ёсоор төлж байсан уу, үгүй юү гэх мэтийг тааварлаж ярихыг би огт сонирхохгүй байна. С.Н.Земляной ингэж хэлээд цааш нь В.И.Лениний талаар томоохон сэтгэгчдийн хэлсэн бодит дүгнэлтийг чухалчлан сануулжээ. Юуны түрүүнд Бертран Расселаас иш татсан байна.

Б.Рассел Зөвлөлт Орос Улсын жолоодогч Ленин нас барсан тухай мэдээг сонсоод 1924 оны хоёрдугаар сард хэвлүүлсэн товч тэмдэглэлдээ “Ленин өөд болсноор дайн байлдаанаас төрөн гарсан гав ганцхан жинхэнэ аугаа суут хүнээ дэлхий ертөнц маань алдлаа. Бидний энэ зуун нэг нь шинжлэх ухааны салбарт, нөгөөх нь үйл үйлдлийн салбарт синтез бий болгосон асар их ажлыг хийж чадсан Ленин, Эйнштейний зуун болж түүхэнд орно” хэмээн бичсэн ажээ. Нээрэн үнэхээр, энэ хоёрын нэг нь нийгэм шинжлэлийн онол-практикт, нөгөөх нь байгаль шинжлэлийн онол-практикт үнэхээр давтагдашгүй хувь нэмэр оруулсан гэдэг нь одоо улам ч тодорхой болсоор байна. Ер нь улс төрийн зүтгэлтний танин мэдэхүйн онол, чадвар нь түүний практик үйл ажиллагаагаар илэрдэг билээ. Ленин “Октябрийн эргэлт”-ийг (Лениний өөрийнх нь нэр томъёо) толгойлж, большевикууд засгийн эрхийг авч Оросын хөгжлийг өөр чиглэл рүү эргүүлэх зорилго тавьж, энэ зорьсондоо хүрсэн гэж С.Н.Земляной бичжээ. Тэрбээр Лениний талаар Бухарины бичсэнийг бас эшилсэн байна. Ленин үнэ цэнээ сайн мэддэг боловч нэн даруу төвшин хүн байсан бөгөөд асар их мэдлэгтэй, нэн их соёлтой, тэрбээр дэндүү аугаа ихтэн учраас өнгөрсөн түүхийг даган дуурайх гэж оролддоггүй байжээ. Унгарын марксист Г.Лукач (1885-1971) Ленин тусгай (оросын онцлог), ерөнхий (дэлхий дахины байдал)-ийн харилцан сүлжилдсэн хэлхээг нарийн ухааран сэтгэж чадсан, “Капитализмын хөгжлийн талаар бүхэлд нь Марксын ойлгож чадсан тэр зүйлийг Ленин манай энэ үед хийж амжуулсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Марксын адилаар Ленин Орос бүс нутгийн амьдрал-туршлагыг хязгаарлагдмал орон зай, цаг хугацаанд дагнан дүгнэх гэж хэзээ ч оролдож байгаагүй.

Харин ч тэрвээр манай эрин үеийн язгуур асуудлыг-нөмрөн ирж асан хувьсгалын асуудлыг-орон, цаг бүхэнд нь суут хүний нүдээр харж танин ойлгож чадаж байв” хэмээн бичсэн аж. С.Н.Земляной-н мэдээлж буйгаар, Оросын философич Н.Бердяев(1874-1948): “Ленин бол жинхэнэ орос хүн. Түүний зүс царайд ямар нэгэн орос-монгол зүйл харагддаг. Оросын ард түмний эгэл жирийн байдал. Тууштай чанар, өнгөлж гоёж гоодох, уран цэцэн ярих зэрэгт дургүй, амьдралд ойрхон сэтгэдэг зэрэг шинж тэмдгүүд түүнд бүрэн бий. Ленин бол хувьсгалч агаад төрийн хүн. “Лениний гүйцэтгэсэн үүрэг түүхэн үйл явдалд бие хүний гүйцэтгэх үүргийг яруу тод харуулсан баримт юм. Ленин бол хувьсгалын зайгуул сэхээтэн байгаагүй бөгөөд үүгээрээ Троцкий, эсхүл меньшевикүүдийн зүүн жигүүрийн толгойлогч Мартов нараас эрс ялгаатай байв” гэх зэргээр бичжээ. С.Н.Земляной дурдсан өгүүлэлдээ дээрх зохиогчдоос ингэж эшилснийхээ дараа Ленин Орос орны хөгжлийн “гурав дахь зам”-ын талаар бодож сэтгэж байсан тухайд санаагаа хэлэх үүднээс эхлээд Гефтер-ийн бичиж байсныг шүүн боджээ. Гефтер Лениний улс төрийн сэтгэлгээн дэх тусгай ба ерөнхийгийн диалектикийг шинжихдээ Ленин Оросын түүхэн замналын онцлогийн асуудлаар хэрхэн бодож байсныг уудлан ухаарах гэж оролджээ. Түүнийхээр бол, Ленин америк, “Пруссын (Германы, Б.Д.)” гэсэн хоёр замаас өөр сонголт хийх ёстой хэмээн үзэж байж. С.Н.Земляной XIX-XX зуунд Оросын түүхэн замнал, сонголтын тухай асуудлаар өрнөдийнхөн агаад Оросын почвенникууд (1860-аад оны Оросын нийгмийн сэтгэлгээний нэгэн урсгал: үндэсний хөрс бол Оросын социаль агаад оюуны хөгжлийн суурь, хэлбэр нь юм хэмээн үздэг)-ын хооронд болж байсан маргаан эдүгээ шинээр хүч аван дэгдэж эхэлсэн тухай, энэ маргаан мэтгэлцээнд оросын марксизм ямар үүрэгтэй байсныг судлаад, Ленин Оросын замыг улс орноошууд “вестернизацид оруулах” (шууд баруунчлах, Б.Д.), эсхүл дан ганц оросын нийгэм, соёлын уугуул байдлыг голлох хоёроос гадуур явах гурав дахь замыг сонирхож байсныг тодруулжээ. Тус зохиогчийн үзэж буйгаар, Ленин бол Оросын аугаа их соёлын бүтээгдэхүүн бөгөөд Толстойн мөнхийн ёс суртахуун, шашны мөнхийн үнэн гэдгийг нь шүүмжилж байсан боловч хувьсгалын дараах Орос орон барууны улс түмний адилаар “Мөхлийн замаар явахгүй байх” гэсэн түүний санааг ихэд анхаарсан ажээ. Л.Н.Толстойг В.И.Ленин “Оросын хувьсгалын толь” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй үнэлэлт биш амой. Нийгэм бол нэг л асар том фабрик юм гэж үздэг гадаадын төсөөллийг Орос оронд Ленин тулган хүлээлгэсэн хэмээн хэвлэлүүд хэтрүүлэн ярьдаг нь үндэсгүй. Ленин тиймэрхүү санаа гаргаж байсан авч энэ нь социализмын дүр төрхийн зөвхөн нэг талыг нь л харуулахаар хэлсэн хэрэг байв.

Ленин хамгийн гол нь социализм бол “Хүн төрөлхтнийг сайн сайханд хүргэчих бэлэн тогтолцоо биш, социализм бол үндсэн зорилтынхоо үүднээс өнөөдрийн энэ нэг зорилгоос маргаашийн нөгөө нэгэн зорилго руу өдөр тутамд ойртож байдаг үйл явц, хөдөлгөөн юм” хэмээн үзэж байжээ.

Социализм нь түүхийн үүднээс хөдөлгөөн учраас, инженер хүн коммунизмыг хүлээн зөвшөөрөхдөө нууц суртал нэвтрүүлэгч, ном зохиол бичигч шигээр хандахгүй өөрийнхөө л ухаан бодлоор хандана. Агрономич ч, ой үржүүлэгч ч өөрийнхөөрөө л коммунизмыг зөвшөөрнө. Энэ бүх эрэл хайгуул, туршилтын дүнд социализм “Бүрэн бүтэн болно” гэж Ленин үзэж байжээ. Газар тариалангийн (тариачид голлосон Б.Д.) Орос орныг гүнээ өөрчлөхөд хөдөө аж ахуйг төдийгүй бүх эдийн засгийг шинэчлэн хөгжүүлэх гэсэн хоёр зорилт Лениний өмнө тулгарчээ. Энэ нь Оросын хувьсгалын онцлогтой холбоотой байв. С.Н.Землянойн бичсэнээр, ер нь дэлхийн олон судлаачид одоо үед ч гэсэн хэлж байгаагаар, Ленин ч, Оросын хувьсгал ч санамсаргүй зүйл байгаагүй, Октябрийн хувьсгал хүнд хүчир империалист дайн байлдааны зовлон бэрхшээлээс үүдэлтэй. Энэ дайн Орос орныг үндэсний сүйрлийн эрмэг дээр аваачсан, энэ дайн Оросын нийгмийн гүн үндсийг эцэст нь хүртэл ганхуулан нураах холын аюулт үр дагавартай байв. Оросын нийгэм зохион байгуулалтаа алдаж, хүн хэвийн амьдрах наад захын нөхцөлгүй болсон үед хувьсгал гарсан. Төрийн нь бүтэц эвдрэлд орж, хоёр засаг тогтож, удирдлагагүй дураар авирлахын ангал руу Орос орон гулсаж байв. Энэ үед Лениний удирдлагаар хувьсгал дэгдэж, өөрийн эрхгүй “цэргийн коммунизмын бодлогод” хүрсэн. Энэ бодлого нь нийгмээ хадгалж үлдэх, бүрэн нэгдэл, бүтэн зохицолдоог бий болгоход оршиж байв. Цаашилбал, Октябрийн хувьсгал чухамдаа үндэсний хөгжлийн америк хувилбарт нийцсэн хөдөлгөөнийг бололцоотой болгох үндсийг тавьсан боловч энэ нь зөвхөн өнгөн төрх төдий зүйл байв. Яагаад гэвэл нэгд, энэ нь улс орныг зэрлэг капитализм руу түлхэн оруулахад хүргэнэ. Хоёрт, тус замаар явах нийт эдийн засгийн урьдач нөхцөл байсангүй.Гуравт, угаасаа хэвшиж тогтсон нийгмийн амьдралын эд эс, төрт ёсыг нь нураан унагаах аюутай байв хэмээн С.Н.Земляной дүгнэжээ. Тус зохиогчийн бодож буйгаар, Ленин хувьсгалжсан Оросын дэвшлийн зам нь Өрнөдийнх ч биш, почвенничество ч биш, онцгой байх учиртай. Энэ нь Оросын социализм юм гэж үзэж байв. Ленинийг өөд болсны дараагаар Бүх Оросын Коммунист (большевикуудын) намын удирдлагад гарсан хагарал нь чухамхүү Зөвлөлт Оросын цаашдын түүхэн замналын асуудалтай холбоотой байсан аж. Одоо Оросын философич Б.Ю.Кагарлицкий 2006 онд бичсэн бөгөөд бид орчуулж 2018 онд хэвлүүлсэн “Марксизмыг шинжлэхүй” номдоо Лениний талаар тусгайлан тэмдэглэсэн санаанаас нь товчлон толилуулъя. Түүний хэлж буйгаар, Ленин марксист онолыг хөгжүүлэхдээ шинэ хариултыг төдийгүй шинэ асуултыг ч бий болгож байв. “Гэхдээ Ленин гадаадад цагаачлан суугаад онолын үгүүлэл бичиж байсан ерийн нэг сэхээтэн, эрдэм номын хүн биш.

Тэрбээр улс төрийн хүчирхэг байгууллага буй болгохыг зорьсон хувьсгалч байсан юм. Тэрбээр хувьсгал ойртож байгааг мэдэрч байв. Ингэхлээр, түүний хувьд онолын асуудлууд практикийнх болж хувирсан байна, энэ нь Марксын гэрээстэй яв цав нийцэж байлаа. Ингээд асуудлыг өөрөөр авч үзэхэд хүрсэн юм. Ленин гол нь “улс төрийн асуудлыг сонирхож байв. Эдийн засгийн шинжилгээнээс улс төрийн дүгнэлт гаргаж авах нь түүний хувьд онцгой чухал байжээ. Тэрбээр улс төрийн онолын салбарт маргаангүй олдошгүй содон, гарамгай агаад бас эмгэнэлт зүтгэлтэн байсан юм” гэж Б.Ю.Кагарлицкий тэмдэглэжээ (дурдсан ном, 54-55-р талд үзнэ үү).Ленин тариачин голлосон, олон үндэстэн, ястнаас бүрдсэн, феодал-помещикийн харилцаа ноёрхсон, аж үйлдвэр, ажилчин анги нэгэнт үүссэн авч хөгжлөөр сул дорой байсан, хаант засаглалд нухлагдсан, ийм улс орныг шинэ зам руу оруулах асар хүнд хүчир ажлыг нэр төртэй удирдсан билээ. Энэ нь тэрбээр алдаа онооноосоо байнга сургамж авч суралцаж чаддаг, асар их мэдлэг, чадвартай байсны дүн юм. С.Н.Земляной дээр дурдсан номдоо мэдээлснээр, Б.Брехт (1898-1956)“Ме-ти. Книга перемен” (1930-аад он) бүтээлдээ: “Олон зохиогч Ми-энь-ле-ийг (Ленинийг) аугаа их практикч, харин Ле-те-ийг (Плехановыг) аугаа их философич хэмээн бичицгээдэг.Гэтэл Ле- Те их философич биш гэдгийг түүний практик тод харуулсан. Харин Ми-энь-ле их философич байсан гэдгийг түүний практик нь нотлов. Ми-энь-ле философид практикч байсан, практикт философич байсан” хэмээн бичиж байжээ(с.208-д үзнэ үү).

* * * Түүхийн диалектикийн үйлчилгээгээр мөлжигч ангийн дарлалын эсрэг хувьсгал хоцрогдсон капитализм-помещик- феодалын харилцаанд байсан Орос орон хийгээд колоничлол- феодалын харилцаанд нухлагдсан, улс үндэстэн нь сүйрлийн даваанд хүрсэн Монгол оронд эхлээд гарчихсан байна. Ингээд энэ хоёр орон хөгжил дэвшлийн ямар шинэ замд орохоо шийдэх хэрэгтэй болжээ. Орос орон хамжлагын харилцааг устгаад хурдан, түргэн урагшилъя гэвэл Барууны, тодруулбал, Англи, Америкийн замд шууд орох нэг мөр байв.

Гэтэл энэ нь түрүүнд дурдсанчлан, Оросыг хөгжүүлэх бус, сүйрүүлэх зам байжээ. Яагаад гэвэл, тэдгээрийн бүхий л замнал, байдлыг үг сүггүй даган дуурайх хэрэгтэй болно. Бас хуучнаа хадгалаад хөгжих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл, өөрийн байгаа байдлаа давтах гэж хувьсгал гараагүй амой. Ийнхүү Лениний өмнө гурав дахь замын асуудал тулгарчээ. Тэр нь, эхний мөчдөө Оросын социализм байв (бодит социализм өмнө нь хаана ч байгаагүй билээ). “Монголын хувьд яах вэ”- асуулт үүснэ. Үүнийг шийдэхэд В.И.Ленин тусалжээ. Капиталын дарлалын замд оролгүй, энэ замыг алгасах хэрэгтэй. Энэ чинь хөрөнгөтний (капиталист) бус хөгжлийн зам юм гэж. Монголчууд энэ замаар нь яваад улс орон, үндэс угсаагаа аварч нийгмээ соёлжуулан хөгжүүлсэн билээ. Ленин Монголын тусгаар тогтнолын асуудалд хэрхэн анхаарч байсан, хөгжлийн онолд Ленин хэрхэн холбогдохыг миний бие өмнө нь “Монголын хөгжлийн философи. Асуудал, аргачлал, ашиг тус” (2017) бүтээлдээ тодорхой авч үзсэн тул энд давхардуулан давтах хэрэггүй болой. Миний бие энд Лениний талаар дээр дурдсан бүхнийг уншигчийн анхааралд толилуулахдаа гол нь хүн төрөлхтний нийгэм шинжлэл, улс төрийн эрдэм ухаанд, манай Монголын хөгжил, үйлсэд түүний оруулсан их хувь нэмрийг тодотгон харуулах гэсэн хэрэг амой. Улс төрийн зүтгэлтэн, улс төрийн бодлого боловсруулдаг хүмүүс гаднын сөрөг үзэл сурталд авталгүйгээр Лениний зохиол бүтээлийг уншиж судалж, логикийг нь ашиглаж сурахад илүүдэх зүйл үгүй бизээ хэмээн санагдана. Бас манай Монгол Лениний ач тусыг мартаж болохгүй хэмээн бодогдоно.

Б.ДАШ-ЁНДОН

/Философийн ухааны доктор (Ph.D), профессор/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • Шинэ үеийн социалист монгол (203.91.115.35)

    2018-04-23

    Социализм мандтугай. Ардчилал сөнөтүгэй.

  • (59.153.115.9)

    2018-04-22

    Энэ Улянов гэгч өвгөн төгцгийн эхлүүлсэн гай одоо хүртэл дуусаагүй л байна.

  • TQqq (66.181.190.235)

    2018-04-22

    Ленин хүн төрөлхтөнийг яаж сайн сайханд хүргэх талаар асар их судалгаа хийсэн олон бүтээл гаргасан хүн төрөлхтөний нэгэн суут хүн мөнөөс мөн!? Түүний нэртэй зэрэгцээд батүүлийг дурдах нь ёстой алдас болно биз?! Ардчиллын анхны их хурлын илтгэлээ нэргүй доктороор бичүүлж уншчихаад дараа нь тэр хүнээ мурьж байсан гудамжны нэг хулигаан шүү дээ!? Юун улсын баатар,харин энэ асуудлыг их нарын судлах хэрэгтэй байгаа юмаа?! Их учиртай асуудал даа...

  • (202.21.98.166)

    2018-04-22

    УУЛАН СОЦИАЛАЛИЗМ ГЭЖ ЯМАР......???????

  • (64.119.27.21)

    2018-04-22

    ЭНЭ ДАШЁНДОН ЕВРОПТ ЭЛЧИН БАЙХДАА ТАМХИ ДАМАЛЖ БАЙГААД БАРИГДСАН

  • (150.129.143.4)

    2018-04-21

    Mongolin ardchilal zerleg kapitilizem hunee bodohgui zuvhun darga nar uuriiguu boddog Bidnii muuldag komnist niigemchin harin ch hun bolgoniig boddog niigem baisan shuu

  • зочин (66.181.191.178)

    2018-04-21

    Даш ёондон гэгч одоо насгүй болсон хулгайч одоо гэгээрч эхэллээ юу.уулан соц нийгэм зөв явагдаж бсан гол асуудал манай нам төрд бсан нөхөдүүд чөтгөрийн тойрогт орчихсон нэг нэгэнээ матаж муулж албан тушаал дэвшиж намд орж нэг хоёр гуравдугаар хүн болох дарга суудалд санаархаж монголоор тоглоод дууссан даа.одоо ч энэ үйлдэл ндэн дээр 28 жил харагдаж бгаа биз.эд нар төрд гараад улс орон ард түмэнээ мартаж албан тушаал эрх мэдэлээ алдахгүй гэж цэдэнбал батмөнхийн үед ч ийм байсан.90 оноос чхойш ийм бна.юун улс ороноо удирдах хөгжүүлэх түүнийгээ мартсан.цаашид ямар ямар хөгжлийн хөтөлбөр боловсруулаад аажим аажимаар тэр зорисон зорилгодоо хүрэх үү.гэсэн зорилго төлөвлөлт алга аа.хятад өөрийн онцлогт тааруулаад тэр лениний бодож олсон замыг сонгоод төгс төгөлдөр соц изм байгуулж бгааг юу гэхэв.монголчууд тэр замаасаа гараад ойд төөрсөн сармагчин адил болсон.хятад замаа зөв олоод хөгжөөд бхад монголчууд яагаад чадахгүй бна.энэ бол чөтгөрийн тойрогтоо 28 жил болсны гай гарч ирлээ.дахиад 28 жил болвол монгол гэж дэлхийд байхгүй болно.

    2018-04-21

    УУЛАН СОЦИАЛАЛИЗМ ГЭЖ ЯМАР......???????

  • (66.181.189.201)

    2018-04-21

    Ленин амьд байгаа нь өдөр бүр мэдрэгддэг. Дарлал, капиталын дарлал өдөр ирэх тутам бидний амьдралыг утгагүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

  • (202.131.250.130)

    2018-04-21

    Багахаан засвар хэрэгтэй байсан гэж боддог. Даанч бурхны таалал бол таалал шүү дээ

  • иргэн (66.181.160.100)

    2018-04-21

    шунахай ардчилсан гэх удирдагчдаас болоод нийгэм муухай ухарч байна 04.22.My god.

  • Г.Батнасан (183.177.96.130)

    2018-04-21

    Ямар ч байсан Билл Клинтон, Барак Обама, Дональд Трамп, тэр ч бүү хэл В.Путин, Си Жин Пин нар түүхэнд юу хийснээрээ үлдэхгүй харин ерөнхийлөгч байсан гэдэг нэр л үлдэх байх. Харин явж, явж В.И.Ленин, И.В. Сталин, Адольф Гитлер нар Чингэс хаан шиг, Наплеон шиг, 1-р Петр хаан шиг нэрээ түүхэнд мөнхөд үлдээх болно.

  • оюутан (103.229.120.140)

    2018-04-21

    Даш-ёндон багш зөв талаас нь эрдэмтэн хүний үнэлэлт өгчээ.Харин БАт-үүл бол шууд л яргачин гэж хөшөөг нь нураасан болохоос түүнийг хүн төрөлхтний өмнө социальный буюу нийгмийн талыг баримжаалсан нийгэм байгуулна гэж зүүдлэх ч үгүй биз дээ.Аливаа хувьсгал хүний түүхэнд үргэлж л тэмцэл дагуулдаг.Тэр тэмцэлд үрэгдэх энэ тэр бол юу ч биш байх.Харин эцсийн зорилгодоо л хүрсэн байх эсхүл замхарч дуусах 2 замтай.Лениний хувьсгал бол зорилгодоо хүрсэн боловч хөгжлийн замыг удирдаж чадаагүйгээс нурсан юм

  • зочин (112.72.14.149)

    2018-04-21

    хүн төрөлтнийг аврах,байгаль эхээ хамгаална гэвэл социалзм, марксын сургаалыг дагахаас өөр зам хүн төрөлтөнд байгүй бизээ