Хамтаараа эзэмшдэг хамтын даатгалын компани

Монголд даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Ердийн даатгалын 15 компани, давхар даатгалын 1 компани, амьдралын даатгалын 1 компани байна. 2017 онд даатгалын компаниуд 144 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олж, үүнээс ердөө 45 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт өгчээ. Даатгалын компаниуд 100 тэрбум төгрөгийн орлого олжээ. Даатгалын хураамжийн нийт орлогыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлтийг даатгалын нэвтрэлт гэдэг. Энэ үзүүлэлт Монголд 0.5 хувь байна. Гэтэл хөгжиж байгаа орнуудад даатгалын нэвтрэлт гурван хувь, олон улсын дундаж долоон хувь байдаг. Эндээс ойрын ирээдүйд хөгжиж байгаа орнуудын түвшинд очиход Монголын даатгалын зах зээл зургаа дахин тэлэх болно. Цаашдаа олон улсын дундаж үзүүлэлтэд хүрэх үед даатгалын зах зээл 14 дахин тэлнэ. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлбэл даатгалын компаниудын орлого ирээдүйд 600 тэрбумаас 1 их наяд 400 тэрбум төгрөгт хүрнэ. Энэ бол баялгийн хуваарилалт маш том нөлөө үзүүлэх тоо юм. Гэтэл даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг харвал бүгд цөөн «ГЭР БҮЛ»-ийн өмчлөлтэй байгаа нь ихээхэн эмзэглэл төрүүлж байна. Хэрэв даатгалын компаниудын өмчлөлийн бүтцийг өөрчлөхгүй байх аваас ирээдүйд даатгалын зах зээл тэлэхийн хэрээр баялгийн тэгш бус хуваарилалтыг улам нэмэгдүүлнэ. 

Нөгөө талаас даатгалын зах зээлд эрүүл өрсөлдөөн дутагдаж байна. Даатгалын компаниуд гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироодог үйлдлүүд их байна. Тухайлбал, даатгалын компаниуд «Даатгуулагч гэрээгээ цуцалбал үлдсэн хугацааны даатгалын хураамжийг буцааж олгоно» гэсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй даатгуулагчдыг хохироосоор байна. Тэд «Манай компаний дотоод журмаар таны мөнгийг буцаан олгох боломжгүй» гэсэн тайлбар өгдөг байна. Даатгалын компаниуд гэрээнээс давсан дотоод журам байгаа нь  шууд хэлэхэд боловсон луйвар юм. Жолоочийн хариуцлагын даатгал бол албан журмын даатгалын нэг юм. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өндөр байна. Замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох арван онооны системийг даатгалын компаниудын захиалгаар хийсэн гэх хардлага нийгэмд хүчтэй байдаг. Гэтэл Монголын Даатгагчдын Холбоо албан журмын 34 төрлийн даатгалыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Даатгалын компаниудын лоббигоор ойрын үед албан журмын даатгалууд нэмэгдэх нь лавтай. Албан журмын даатгалднотариатч, өмгөөлөгч, эмч, багш зэрэг мэргэжлийн хариуцлагын даатгалууд нэмэгдэнэ. Даатгалын компаниуд ёс зүйтэй  ажиллавал албан журмын даатгал бидэнд үр өгөөжөө өгнө. Харин банкууд шиг, шатахуун импортлогчид шиг  хуйвалдаад байвал бидэнд ихээхэн дарамт болох нь тодорхой.

Дээр дурдсан хоёр шалтгаан бидэнд тулгалт биш бодит сонголт хэрэгтэй болсоныг харуулж байна. «ХАМТЫН ДААТГАЛЫН КОМПАНИ» бол бидний хүсэн хүлээсэн тоглогч мөн. Японд топ зургаан даатгалын компаний дөрөв нь хамтын даатгалын компани байна. Японы даатгалын зах зээлийн бараг 40 хувийг хамтын даатгалын компаниуд эзэлж байна.

 

ХАМТЫН  ДААТГАЛЫН КОМПАНИ ГЭЖ ЮУ ВЭ?

Хамтын даатгалын үүсэл тэртээ 17-р зууны сүүлээр Англид тавигджээ. Тэр үед барилга байшингууд гал түймэрт ихээр нэрвэгддэг байлаа. Хүмүүс өөрсдөд нь учрах нийтлэг бэрхшээлээ арилгахын тулд нэгдэж, гамшигаас учирсан хохирлыг арилгах зорилго бүхий дундын сан байгуулж байсан юм. Харин хамтын даатгалын компанийг даатгалын зах зээлийн нэгэн том төлөөлөл болгох үндсийг Америкийн ерөнхийлөгч Бэнжамин Франклин тавьсан гэж үздэг. Тэрээр 1752 онд “Гал түймрийн хохирлоос амины сууцуудыг хамгаалах даатгалын Филаделфийн Контрибюшн-шип” байгуулсанаар хамтын даатгалын тогтолцоог бий болгожээ.
 

Өдгөө хамтын даатгалын компаний загвар АНУ-д өндөр түвшинд хөгжижээ. Америкийн хамтын даатгалын компаниуд зах зээлийнхээ 37.7 хувийг эзлэж, жилдээ 496 тэрбум долларын даатгалын хураамж төвлөрүүлж байна. Америкийн амьдралын даатгалын топ зургаан компаний гурав нь хамтын даатгалын компани байна. Тухайлбал, "Нортвестерн Мютуал" хамтын даатгалын компани Америкийн №2 амьдралын даатгалын компани юм. "Нортвестерн Мютуал" компани 26.7 тэрбум долларын орлого олсон. Үүнээс 5.5 тэрбум долларыг даатгуулагчиддаа ноогдол ашиг болгон хуваарилжээ. “Стэйт Фарм” хамтын даатгалын компани бол автомашины болон барилга байшингийн даатгалын төрөлд Америкийн №1 даатгагч юм. Энэ аварга даатгалын компанийг 14 сая даатгуулагчид өмчилдөг. Тэд бол “Стэйт Фарм” компаний эзэд юм.

Хамтын даатгал гэдэг бол харилцан хамааралтай, харилцан ашигтай даатгал (mutual insurance) гэсэн утгатай. Даатгуулагч хамтын даатгалын компанид даатгуулсанаар компаний гишүүн болж, компаний засаглалд оролцох эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл даатгуулагч өөрийнхөө компанид даатгалаа хийлгэж байгаа гэсэн үг юм. Хамтын даатгалын компаний бий болгосон ашгийг хэрхэн хуваарилахыг даатгуулагчид шийддэг. Нэг хэсгийг компаний хөрөнгийг өсгөхөд хуваариладаг бол тодорхой хэсгийг даатгуулагчидад ноогдол хувь болгон өгдөг, эсвэл дараа төлөх даатгалын хураамжаас суутган хөнгөлөлт үзүүлдэг байна. Харин хөрөнгө оруулагчид эзэмшдэг даатгалын компаний ашиг даатгуулагчдад хүртээлгүй, хөрөнгө оруулагчдад л хуваарилагддаг. Хамтын даатгалын компаний уламжлалт хоршооллын загвараас ялгаатайзүйл бол гишүүдээсээ шууд хөрөнгө оруулалт хийдэггүй, даатгалын хураамжаа төлөөд даатгалын үйлчилгээний авч байх хугацаандаа даатгалын компаний гишүүн байдаг. Үйлчлүүлэгчид хамтын даатгалын компанид даатгуулсанаар компаний засаглалд оролцох эрхтэй болдог. Хамтын даатгалын компаний засаглал “Гишүүд - Төлөөлөгчдийн Их хурал - Төлөөлөн удирдах зөвлөл - Гүйцэтгэх удирдлага”   гэсэн схемээр хэрэгждэг. Даатгуулагч хамтын даатгалын компаний гишүүн болсоноор компаний Төлөөлөгчдийн их хуралд орох төлөөлөгчийг сонгох, өөрөө төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй болдог. Гишүүд нь саналаа өгөхдөө “нэг гишүүн – нэг санал”  гэсэн хоршооллын зарчимаар саналаа өгдөг. Гишүүдээс сонгогдсон төлөөлөгчид Их хуралдаа оролцон ТУЗ-ийн гишүүдийг сонгодог. ТУЗ-ын гишүүд Гүйцэтгэх удирдлагыг томилдог. Гүйцтгэх удирдлага компани өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна.

 

ХАМТЫН ДААТГАЛЫН КОМПАНИУД ДЭЛХИЙД

Хамтын даатгалын компаний загвар дэлхийн 77 оронд амжилттай хөгжиж байна. Хамтын даатгалын компаниудын даатгалын зах зээлд эзлэх хувиар Австри улс 60.5 хувиар дэлхийд тэргүүлж байна. Удаах есөн байранд Недерландад 53 хувь, Францад 49.7 хувь, Словакт 47.8 хувь, Шведэд 47.6 хувь, Германд 47 хувь, Норвегид 46.7 хувь, Данид46.4 хувь,  Унгарт 42.8 хувь, Испанид 40.4 хувиар тус тус орж байна.

Дэлхийн хамгийн том даатгалын зах зээлтэй арван оронд хамтын даатгалын компаниуд том байр суурь эзэлдэг. Даатгалын зах зээлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч АНУ-д хамтын даатгалын компаниуд зах зээлийнхээ 37.7 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт Японд 39.1 хувь, Хятадад 0.2 хувь, Их Британид 8.5 хувь, Францад 49.7 хувь, Германд 47 хувь, Италид 22.1 хувь, Өмнөд Солонгост 10.1 хувь, Канадад 18.2 хувь, Недерландад 49.3 хувь  байна.

Бүс нутгуудаар авч үзвэл Өмнөд америкийн орнуудад хамтын даатгалын компаний загвар нилээд амжилттай хөгжижээ. Тухайлбал, Парагвайд 29.6 хувь, Пуерто Рикод 26.4 хувь, Панамд 24.1 хувь, Венсуелд 23.4 хувь, Аргентинд 23.2 хувь байна. Ази тивээс Японд 39.1 хувь, Саудын Арабт 20.3 хувь, Малайзад 10.4 хувь  хамгийн өндөр  үзүүлэлттэй байна. Африк тивд хамтын даатгалын компаний загвар харьцангуй сул байна. Хамгийн өндөр үзүүлэлт нь Алжирт 13.8 хувь, Тунист 13.6, Мароккод 8 хувь, Кенид 6.9 хувь байна. Хуучин социалист орон байсан зүүн европын улсуудад хамтын даатгалын компаниуд маш амжилттай хөгжиж байгаа нь ихээхэн сонирхол татна. Словак, Унгар улсууд хамтын даатгалаар дэлхийн топ 10 улсад багтаж байна. Хамтын даатгалын компаниудын зах зээлд эзлэх хувь Чехд 36.2 хувь, Румынд 35.3 хувь, Болгарт 24 хувь, Польшид 22.5 хувь, Сербэд 21 хувь, Хорватад 20.4 хувь байна.  Мөн Латви, Литва улс 2014 онд хамтын даатгалын компаниудын зах зээлийн өсөлтөөр дэлхийд тэргүүлсэн. Латвид хамтын даатгалын компаниуд зах зээлээ 79.7 хувиар тэлж чадсан бол Литва улс 70.5 хувиар удаалжээ. Хуучин социалист орнуудын туршлагаас харахад бид хамтын даатгалын компаний загварыг богино хугацаанд амжилттай хөгжүүлэх боломж байна. Даатгуулагчид бид нэгдэж, хамтаараа эзэмшдэг хамтын даатгалын компаниа байгуулах цаг болжээ.

Эдийн засагч Г.Энхнаст

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)