Бага цаг унтдагаас болж хүүхдүүд таргалах нь нэмэгджээ

 

Манай улсад гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Ялангуяа хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэх болсон нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Наад зах нь бэлгийн бойжилт муу явагдаж, ирээдүйд үргүйдэлд хүргэдэг байна.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар таван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэжээ. Америк Европод дөрвөн хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг. Харин манай улсад 2009, 2013 онд хийсэн судалгаагаар 16-65 насны хүмүүсийн 33-34 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Таргалалт улам бүр залуужиж бага насны хүүхдүүд жингийн илүүдэлтэй байх нь түгээмэл болжээ. Нийт хүүхдийн 10-15 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд өгч байна. Үүнд хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдал голлох шалтгаан болдог. Тэгвэл хүүхдүүдийн дунд таргалалт их байгаа өөр нэг шалтгаан нь нойр болохыг  мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхэд хоногт 10-12 цаг унтах ёстой бол шөнө дөл хүртэл телевизор үзэж, компьютер тоглоом интернэт орчинд олон цагийг өнгөрүүлдэг болсон. Унтах цаг нь багасах хэрээр идэх нь нэмэгдэж, илүүдэл жинтэй болдог байна.

АШУҮИС-ийн дотрын анагаахын тэнхимийн эрхлэгч Т.Баясгалан таргалалтын талаар “Өсвөр насныханы дунд байгаа таргалалтын гол хүндрэл нь бэлгийн бойжилтын асуудал удааширдаг. Үүнтэй холбоотой цаашдаа үргүйдэх магадлалтай. Насанд хүрэгчдийн хувьд бодисын солилцооны хам шинж үүсээд зүрх судасны өвчлөл, хавдар, чихрийн шижингийн өвчлөл гэх мэт асуудлууд ар араасаа үүсдэг” хэмээн тайлбарлалаа.

Таргалалт нь мөн Д аминдэмийн дутагдалд хүргэдэг учраас булчин шөрмөс сулрах, яс сийрэгжих байдал ч хүүхдүүдийн дунд гарч байна. Цаашлаад тархины болон цусны хорт хавдар гэхчлэн халдварт бус олон төрлийн өвчин үүсэх нөхцөл болдог байна. Чихрийн шижин өвчин хэд хэдэн хэв шинжтэй байдаг. Таргалалтаас үүдэлтэй нь хоёрдугаар хэв шинжэд хамаардаг. Энэ хэв шинжээр хэдэн жилийн өмнө 35 аас дээш насныхан өвчилдөг байсан бол өнөөдөр хүүхдүүдийн чихрийн шижин өвчлөлийн 15 орчим хувь нь энэ хэв шинжэд хамаарч байна.

Чихрийн шижин өвчин нь хүндрэл ихтэй, эрт хөгжлийн бэрхшээлтэй болох нас барах эрсдэл дагуулдаг. Таргалалт залуужиж байгаа өөр нэг шалтгаан нь хөдөлгөөний эрчим юм. Залуус дасгал хөдөлгөөн гэнэт эрчимтэй хийж эхлээд тууштай явалгүйгээр гэнэт орхидог. Энэ нь эргээд өмнө байснаас илүүгээр таргалуулах магадлалтай юм байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)