Б.Дайчинхүү: Зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна

Бурхантай хөшөөний хашаан дотор баригдсан барилгыг цагдаагийн хамгаалалт доор буулгаж байгаатай холбогдуулан барилгын эзэн, иргэн Б.Дайчинхүү өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр мэдэгдэл хийсэн. Энэ үеэр тэрээр эрх мэдэлтнүүдийн авлига авах арга нарийссан, төрийн алба шат шатандаа асар хүнд сурталтай байдаг талаар мэдээлсэн. Энэ талаар болоод Тусгай хамгаалалттай газар нутагт эрх мэдэлтнүүд хэрхэн газар эзэмших зөвшөөрөл олгодог асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Танай барилгыг зөвшөөрөлгүй гэж үзэн хүчээр буулгах үйл ажиллагаа хийгдлээ. Та төр хувийн өмчийг хүчээр дээрэмдэж байна гэж мэдэгсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Манай компани 2016 онд БОАЖЯ-ны харьяа Үндэсний аялал жуучлалын төвтэй гэрээ байгуулсан. Гэрээнд энэхүү газрыг таван жилийн хугацаатайгаар жуулчдад зориулсан үзвэр, үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний төв барина гэж заасан. Мөн жил болгон газрын төлбөрөө төлж явна. Харин Үндэсний аялал жуулчлалын төвөөс манай барилгыг цэвэр бохирын шугаманд холбох зөвшөөрлийг гаргаж өгөх нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг маягаар энэхүү гэрээ байгуулагдсан. Ингээд гэрээнийхээ дагуу үндэсний хэв загварыг шингээсэн хоёр давхар байшин барьсан. Энэхүү барилгыг эхэлж барьж байхад Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас юу ч хэлээгүй. Байгаль орчны яам, хянаж, шалгадаг мэргэжлийн байгууллагуудаас хүмүүс ирдэг л байсан. Ирж, шалгаж байгаа хүмүүст зөвшөөрлөө үзүүлж, барилгын үйл ажиллагаа хэвийн л явж байлаа. Барилга баригдаад жил гаруй үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд цахилгаан, дулаан, цэвэр, бохирын зөвшөөрөл гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ бид холбогдох газарт нь хүргүүлж байсан.

Гэвч бидний хүсэлтийг хүлээж авах, энэхүү ажлыг хийдэг нэг ч хүн байгаагүй. Алхам тутамд мөнгө харсан, хүнд суртал нь дээд цэгтээ хүрсэн хүмүүс л төрийн албанд байдаг. Ингээд бидний эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа олигтой ашиг, орлого олж чадаагүй. Хэн цахилгаан, дулаангүй газар орж ирж үйлчлүүлэх билээ дээ. Ингээд би хэдэн найз нартайгаа хамтарч энэхүү газарт томоохон барилга барья гэж шийдсэн. Улмаар өмнө барьсан барилгаа дахиж буулгаад одоо байгаа таван давхар байшинг барьсан юм. Тэр үед нөгөө холбогдох газрууд мөн л юу ч дуугараагүй. Ингээд зүгээр явж байсан манай барилгын ажил нэг эрх мэдэлтний зөвшөөрлөөр олгогдох газрыг худалдаж аваагүйгээс болж зогсчихлоо. Би өмчөө дээрэмдүүлсэн. Учир нь ямар нэгэн барилгыг буулгаад буулгасан эд зүйл буюу барилгын материалуудыг нь тухайн компани, эзэнд нь хүлээлгэн өгдөг. Гэтэл шууд л ачаад аваад явсан. Үүнийг дээрэм гэхгүй өөр юу гэх юм. Өөрөөр хэлбэл жирийн бизнесийнхэнд төр яаж хүч хэрэглэж хувийн өмч рүү халдаж байгаагийн бодит жишээ энэ л дээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хүчээр зогсоосон гэсэн үг.

-Барилга буулгах гэж хоёр зуу гаруй цагдаа хүчнийхэн очдог нь ямар учиртай юм бол?

-Богд хан уулын хамгаалалтын захиргааныхантай бид үл ойлголцолд хүрсэн. Зарим нэг эрх мэдэлтнүүдэд авлига өгөөгүйгээс болж төрөөс ингэж дарамт ирж байна даа гэдгээ тухайн үед мэдэж л байсан. Гэхдээ төрийн цагдааг ингэж хувийн ашиг сонирхолдоо ашиглана гэж төсөөлж байгаагүй. Тус хамгаалалтын захиргааныхан жаран хүнтэй манай барилга баригдаж буй газар хүчээр дайрч орж ирсэн. Бидэнд үзүүлэх нэг ч бичиггүй хэр нь дайрч байгаа юм. Байгаль орчны сайдын тушаалаар буулгаж байгаа л гэж хэлсэн. Тэр тушаалд 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсооно гэж байна лээ. Би харсан. Гэхдээ миний нэр тэнд байгаагүй. Нэр байхгүй тушаал хэлж ингэж хувийн өмч рүү халдаж болохгүй шүү дээ. Ингээд манай компани ч гэсэн харуул хамгаалалтын албатай. Тухайн үед манай хамгаалалтын албаны гурван хүн байсан. Барилга нураах гэж орж ирсэн жаран хүний өөдөөс энэ хүмүүс юу хийж чадах билээ. Эхлээд нэг ийм үйл явдал болсон юм. Үүний дараа буюу энэ сарын 1-нд Өргөдлийн байнгын хорооны хуралдаан болсон. Тэр хуралдаанд зарим гишүүд Туул гол бохирдож байна, тэр орчимд байгаа барилгуудыг буулгая, төрийн цагдаа хүчгүйдээд байна. Хуулиндаа өөрчлөлт оруулаад хүч хэрэглэдэг болъё, эсвэл Зайсан толгойг төрийн тусгай хамгаалалтаас гаръя гэх мэт асуудлыг хэлэлцсэн. Тэгэхэд Байнгын хорооны дарга нь хуульд өөрчлөлт оруулахгүйгээр тэр барилгуудыг шууд буулга гэсэн зүйлийг ярьсан. Ингээд маргааш нь 200 гаруй цагдаагийн алба хаагчид, барилга буулгалтын компанитай нийлээд хүчээр барилгыг буулгаж эхэлсэн. Ингэж хүч хэрэглэх болсон шалтгаан нь БОАЖЯ-ныхан Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр буруу тайлбар өгсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Б.Дайчинхүү гэх хүн зөвшөөрөлгүй байшин барьдаг, төрийн цагдаа хүчгүй харагдаад байна гэсэн зүйлийг хэлсэн. Ингээд төрийг хүчтэй харагдуулахын тулд хүчээр барилгыг нь нураа гэдэг зүйлийг Байнгын хорооны дарга нь хэлсэн. Асуудал үүнээс л болсон. Үнэхээр зөвшөөрөлгүй гэж үзэж байгаа юм бол анхнаас нь манай барилгыг яах гэж бариулсан юм. Таван давхар барилга нэг өдрийн дотор л баригдчихгүй. Хагас жилийн хугацаа өнгөрнө. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд нь бидний зөвшөөрлийг үзээд л явдаг байсан. Хүчээр ингэж буулгахдаа биднээс ядаж зөвшөөрөлтэй юу гэдгийг асуух хэрэгтэй шүү дээ. Хэдэн гишүүний хэлсэн үгээр төр хүчгүй байна, хүчтэй харагдуулах хэрэгтэй гээд асуудлыг ингэж хүчээр шийдэж болохгүй.

-Та хэвлэлээр мэдэгдэл хийхдээ гурван тэрбум гаруй төгрөгөөр газар худалдан аваагүй болохоор ингэж шахаж байгаа гэж хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Энэхүү барилгын ажил явагдаж байх үед нэг хүн гарч ирсэн юм. Тэр хүн нэр бүхий УИХ-ын гишүүний дүү. Тэрээр надад Тусгай хамгаалалттай газарт тэрбум гаруй төгрөгөөр газар худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Мөнгө төгрөг цуглуулж байгаад би худалдан авч болох байх гэдэг зүйлийг хэлсэн. Энэ хугацаанд нөгөө газар хоёр тэрбум боллоо. Мөн дахиад л банк бусаас мөнгө төгрөг зээлж байгаад авах гээд уулзлаа. Тэгсэн ханш нь өсөж гурван тэрбум гаруй төгрөгөөр ав гэж хэлсэн. Яагаад үнээ өсгөөд байгаа юм бэ гэж асуулаа. Тэгсэн “эхний хэлсэн үнэ зүгээр газрын үнэ. Чи хоосон газар аваад дээр нь юу ч хийж чадахгүй шүү дээ. Харин гурван тэрбум гаруй төгрөгөөр авах юм бол бид бүх зөвшөөрлийг нь болоод төрийн байгууллагуудаас ямар ч дарамт ирэхгүй болгоод өгч чадна. Чи тэр газар дуртай зүйлээ хийж болно” гэсэн. Надад тэр гурван тэрбум нь байгаагүй учир татгалзсан хариу өгсөн. Ингэж хэлсний маргааш нь Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан хүрч ирээд шууд л барилгын ажлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эрх мэдэлтний гарын үсэг зураад олгочих газрыг нь би гурван тэрбум гаруй төгрөгөөр худалдаж аваагүйгээсээ болж зөвшөөрлийнхөө дагуу баригдаж байсан барилгын ажлыг ингэж зогсоож байгаа юм. Хэрэв тэр газрыг нь би гурван тэрбум төгрөгөөр авсан бол өдийд ямар ч хэл ам гарахгүй байсан байх. Төрийн алба шат шатандаа ийм л болж. Ёстой өндөр түвшний авлига гэдэг нь энэ л байх.

-Хан-Уул дүүргийн засаг дарга хууль бус захирамж гаргасан гэж ярьсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Хан-Уул дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалтай газар өгөх, газрын зөвшөөрөл цуцлах ямар ч эрх байхгүй. Ер нь газар дээр ямар нэгэн барилга байшин баригдчихлаа. Тэр нь хууль бус байна уу, хууль ёсных байна уу хамаагүй. Тэрхүү байшинг буулгаж болно. Буулгахдаа Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслээд шүүх эцэслэн шийдвэр гаргах хуультай.

-Танд зарах гээд байсан гурван тэрбумын газар хэдэн метр квадрат, ямар аж ахуйн нэгж дээр байгаа, тухайн газрын ард хэн байгааг хэлэхгүй юу. Шаардлагатай бол үүнийг хэлнэ гэж байсан...

-Үүнийг зарлахад арай эрт байна. Мэдээж хэрэг шаардлагатай тохиолдолд хэлнэ. Ер нь нэр бүхий нэг УИХ-ын гишүүн байгаа. Энэ гишүүн бусад улс төрчтэй бүлэг болчихсон том хүн. Тийм болохоор одоохондоо нэрийг нь хэлэхээс татгалзъя. Яагаад гэхээр магадгүй миний амь насыг хохироох хэмжээний үйлдэл хийвэл яах юм. Ер нь дарга нар нэг муу нэр зүүгээд улстөрийн карер нь дуусдаг. Би энэ хүнийг хэлэх юм бол насан туршдаа гурван тэрбумын шахаа хийдэг хүн гэдэг нэртэй л үлдэнэ.

Цаашид бид энэхүү шударга бус үйлдэлтэй хатуу тэмцэх болно. Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргааны удирдлагыг АТГ-аар шалгуулах хүсэлтэй өгнө. Мөн зөвшөөрөлтэй барилгыг хүчээр буулгах гэсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулна.

Э.ТҮВШИН

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (139.5.219.230)

    2018-05-20

    muu nobsh abilga ogch horiotoi gazar zobshoorol abaa biz.