Эрдмийн баяр нэрийдлээр мөнгө татсаар байх уу

2017-2018 оны хичээлийн жил дуусах гэж буй энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн төдийгүй цэцэрлэгийн төгсөх ангийнхан хүртэл хонхны буюу эрдмийн баяр тэмдэглэж байна. Ойрын өдрүүдэд сургууль, цэцэрлэгүүд баярын уур амьсгалтай, хөл хөдөлгөөн ихтэй байна. Аливаа нэгэн баяр ёслолын маршрутад багтдаг төв талбай, Гандантэгчинлэн, Зайсантолгой болон томоохонд тооцогддог зоогийн газрын гадаа үнэтэй автомашин сойж зогссон дүр зураг харагдана. Охид нь өндөр өсгийт, гоёлын даашинз, хөвгүүд нь загварлаг хослолоор гангардаг уламжлалтай. Энэ нь тэдний эрхийн асуудал. Ийн нэг өдөр зугаацахын тулд эцэг эхчүүдийн халааснаас ихээхэн хэмжээний мөнгө татдаг. Тодруулбал, унаа, зоогийн газар, сургууль, анги болон багшдаа дурсгалын зүйл авч өгөх, салхинд гарах буюу зугаалга гэх мэтээр багагүй мөнгө хураадаг. Энэ бол төгсөх ангийн сурагчдыг тойрч биш дайрч өнгөрдөг хууль бус үйлдэл. Ийн тодотгосны учир нь, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар төгсөлтийн баяртай холбогдуулан сурагчдаас төлбөр, хураамж, хандив авах, аялал зугаалга хийхийг бүрэн хориглосон тушаал гаргасан.

Тодруулбал, БСШУС-ын сайд нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд хэд хэдэн тодорхой чиглэл хүргүүлсэн билээ. Тухайлбал, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ нь олон жил үргэлжилсэн хууль бус үйлдлийг таслах авууштай шийдэл болов ч харамсалтай нь үр дүн гарсангүй. Яагаад гэвэл тушаалыг ерөнхий боловсролын сургуулийн захирал болон багш, ажилчид дагаж мөрдөхгүй, түүнд нь хяналт тавихгүй байгаа учраас салбарын сайдын шийдвэр хэдий оновчтой, зөв байлаа ч цаасан дээр бичигдсэн тунхаг төдий болоод байна. Иймд аливаа шийдвэр, захирамж, тушаал гаргасан тохиолдолд түүний хэрэгжилтэд заавал хяналт тавьж, мөрдөөгүйд нь хатуухан хариуцлага тооцдог системд шилжихгүй бол асуудал бахь байдгаараа, харин ч бүр илүү боловсронгуй, халхавчилсан хэлбэрт шилжиж байна.

 Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхныг хонхны баяр тэмдэглэхийг хориглочихоор түүнийг эрдмийн баяр гэж нэрийдэн, улмаар эцэг эхийн зөвлөл нэрийн дор мөнгө хураах явдал газар авч байна.

Мөнгө хураах явдлыг эцэг эхчүүд өөгшүүлж байна

Уг нь сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоохыг салбарын сайд үүрэг чиглэлдээ тодорхой тусгасан. Тиймээс хэрэв ямар нэгэн асуудал үүсвэл эцэг эхчүүд өөрсдөө санаачлан зохион байгуулсан гэдэг тайлбарыг сургуулийн захиргаа өгдөг аж. Харин эцэг эхчүүд “Мөнгө хураасан асуудалд сургуулийн захирал, багш нар хамаагүй. Бид өөрсдөө сайн дураараа мөнгө цуглуулсан” гээд асуудлыг намжаадаг байна. Энэ нь нэг талаараа мөнгө хураах явдлыг эцэг эхчүүд өөрсдөө өөгшүүлж, хавтгайруулж буйн илрэл юм. Үүгээр ч зогсохгүй зарим эцэг эхийн амнаас “Хүүхдүүдийнхээ төлөө ганц удаа мөнгө хураалгалгүй яах вэ” гэдэг үг гарч, улмаар бусдадаа нөлөөлж, үйлдлээ хэрэгжүүлдэг байна.

Тэдний энэхүү үйлдлийг багш таслан зогсоох үүрэгтэй ч хэзээ ч ийм зүйл болж байгаагүй нь харамсалтай. Тухайн эцэг эх ганц удаа гэдэг хандлагаар хандаж болох ч нэг ангийн дунджаар 40-50 сурагчийн мөнгийг нийлүүлбэл, хэчнээн хэмжээний мөнгө болохыг тооцож үзэхэд илүүдэхгүй биз ээ. Эрдмийн баяр нэрийн дор нэг сурагчаас 100 мянган төгрөг хураалаа гэж бодоход нийтдээ 4-5 сая төгрөг болно. Хамгийн багаар бодоход ийм хэмжээний мөнгө цугларна. Үүнээс ч их мөнгийг эрдмийн баяр нэрээр зарцуулж буй явдал бий. Үүнийг таслан зогсоохын тулд холбогдох албан тушаалтнууд зохих шийдвэрийг гаргасан талаар дээр дурдсан. Нэг талаараа түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих хүмүүс нь сургуулийн удирдлага, багш, эцэг эхчүүд. Гэтэл өөрсдөө асуудлыг өөгшүүлсээр байна.

Жил бүр анги засварын мөнгө авдаг

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчаас ангийн засвар үйлчилгээнд зарцуулах нэрийдлээр жил бүрийн өдийд эцэг эхчүүдээс мөн л мөнгө хураадаг жамтай. Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги дунджаар 40-50 сурагчаас ойролцоогоор 5000-15000 төгрөг авдаг байна. Хачирхалтай нь үүнийг жил бүр авдгийг зориуд онцлоё. Тэгсэн атлаа намар хичээлийн шинэ жил эхлэхэд тухайн ангид ямар ч өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй, будаг ч хүргээгүй байдаг талаар эцэг эхчүүд гомдоллож сууна. Энэ талаар холбогдох газарт нь гомдол гаргаж, шалгуулж, хариуцлага тооцуулах эрх тэдэнд байдаг ч хүүхдийг нь ад үзэхвий гэхээс эмээж ам дамжин ярихаас цааш хэтэрдэггүй аж. Анги засвар, эрдмийн баярын мөнгө хурааж буйг асуудал болгосон хэн нэгэн эцэг эхэд ийм зүйл тохиолдсон учраас тэр бүр гомдол гаргаад байж чаддаггүй гэнэ. Сурагчдаас мөнгө хураадаг явдал зөвхөн нийслэлд бус орон нутагт ч мөн адил хавтгайрсан. Тодруулбал, саяхан нэгэн аймгийн нэр бүхий сургуулийн төгсөх ангийн сурагчдаас цонх солих, эрдмийн баяр тэмдэглэхэд шаардлагатай мөнгө хураасан байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш, эцэг эхчүүдийн дунд үүсдэг бас нэгэн асуудал нь төлбөртэй давтлага өгөх явдал юм.

Тодруулбал, анги дэвших болон улсын, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш нь сурагчдад төлбөртэй давтлага өгөх, мөн ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахах нь энгийн үзэгдэл болсон. Уг нь багш нар илүү цагаараа сурагчдадаа үнэ төлбөргүй давтлага өгч, шалгалт шүүлэгт нь бэлтгүүлэх нь зүйн хэрэг баймаар санагдах юм.

Баяр тэмдэглэж яваад гэмтэж бэртэн амь насаа алдахгүй гэх баталгаа алга

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 241 сургуульд 248 мянган хүүхэд суралцаж байгаагаас энэ жил IX ангийг 18663, XII ангийг 16200 сурагч төгсөх юм байна. Нийтдээ 34863 хүүхэд эрдмийн баяр тэмдэглэх бөгөөд нэг хүүхдээс дунджаар 100 мянган төгрөг хураахад гурван тэрбум 486 сая гаруй төгрөг болох нь. Энэ их хэмжээний мөнгийг эцэг эхчүүдийн халааснаас гаргуулж, бизнесийнхний түрүүвчийг зузаатгаж байгаа юм. Үүний үр дүнд гэмт хэрэг, осол аваар гарч, амь насаа алдах эсрдэл бий. Төгсөлтийн баяраа тэмдэглэн анги хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэд хэдэн зөрчил гарчээ. Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобус ачааны автомашинтай мөргөлдөж гурван хүн, таван хүүхэд гэмтсэн. Түүнээс дөрөв хоногийн дараа буюу мөн сарын 12-нд согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч Хан- Уул дүүрэгт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явжээ. Энэ мэт ноцтой зөрчил, осол аваар хэд хэдэн удаа бүртгэгдсэн аж. Энэ үеэр хүүхэд хүнд бэртэж, амь насаа алдаагүй ч гэлээ эрсдэхгүй гэх баталгаа алга. Дээр дурдсан хэрэг, зөрчил нь эрдмийн баяр нэрийн цаана ерөнхий боловсролын сургуулийнхан согтууруулах ундаа хэрэглэж, улмаар гэмт хэрэг гарах магадлал өндөр байгааг анхааруулж байна.

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)