Жимсний код юу өгүүлдэг вэ?

Жимсэн дээр наалттай 4 юм уу 5 оронтой тооноос генетикийн өөрчлөлттэй эсэх, мөн хорхой шавьжны эсрэг устгалын бодис хэрэглэсэн эсэхийг  харах боломжтой гэсэн буруу ойлголт тархаад байна.  PLU буюу price look up коодны талаарх зөв мэдээллийг хүргэе.

Буруу ойлголт 1: 3 юм уу 4-өөр эхэлсэн 4 оронтой тоо бол шавьж устгалын бодис хэрэглэсэн.

Зөв нь: Жимс жимсгэнэ зэрэг шинээр  нь хэрэглэдэг  бүтээгдэхүүнд наалттай байдаг  Price Look Up коод буюу PLU коод гэдэг нь супермаркетуудад 1990 оноос хойш нэвтрүүлсэн, шинээр нь хэрэглэх ёстой хүнсийг ялгахад хэрэглэдэг коод юм.  Ямар хүнсэнд ямар коод хуваарилахыг Хүнсний Стандартын Олон Улсын Федерац хэмээх байгууллага хариуцдаг. Одоогоор төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж,  3000-4999 хоорондох 4 оронтой коод хуваарилдаг. Жишээ нь 4011  коод гадилыг илэрхийлнэ. Гэхдээ энэ нь гадилыг бусад бараанаас ялгах зориулалтаар оноосон коод нь болохоос ямар нэг онцгой утга агуулахгүй. 3 юм уу 4-өөр эхэлсэн коодтой жимсийг тарьж ургуулахад устгалын бодис ашигласан ч байж болно, ашиглаагүй ч байж болно. Ер нь ХАА бүтээгдэхүүнд пестицид хэрэглэсэн байх магадлал өндөр тул сайн угааж, арилгаж идэх нь тустай. 

Буруу ойлголт 2: 8-аар эхэлсэн 5 оронтой коод нь генетикийн өөрчлөлттэй хүнс буюу ГМО-г илэрхийлнэ.

Зөв нь: Анх PLU коодын системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд 8-аар эхэлсэн 5 оронтой тоогоор ГМО бүтээгдэхүүнийг ялгах санаачлага гарч байжээ. Гэхдээ хэзээ ч хэрэглэгдээгүйгээр барахгүй, яваандаа илүү олон коод хэрэглэх хэрэгтэй болж байгаа тул ГМО биш жирийн бүтээгдэхүүнд, 3000-4999 завсрын коодтой адил, ямар нэг бүтээгдэхүүн ялгах төдий коод болгож хэрэглэх төлөвтэй байна. Хаа сайгүй байдаг 3-аар эхэлсэн жимстэй адилхан өргөн хэрэглээнд нэвтрэх тул тэр болгоныг ГМО гэж буруу ойлговол идэх юм олдохоо болино. 

Зөв ойлголт: 9-өөр эхэлсэн 5 оронтой тоо органик гэдгийг илэрхийлнэ

Харин жимсний органик мөн эсэхийг мэдэх боломжтой.  Жишээ нь 4011 коодтой банана органик банана бол өмнө нь 9-ийн цифр нэмсэн 94011  гэсэн 5 оронтой коодоор илэрхийлдэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)