Үндэсний судалгаа юуг харуулна вэ?

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааг 2016-2017 онд хийсэн билээ.

Үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.  

  • 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай,
  • 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгааг тогтоосон. 
  • Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл, 
    • 6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9% нөөц дутмаг, 
    • жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4% дуталтай, 20.2% нөөц дутмаг,
    • 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4% Д аминдэм дуталтай, 41.9% нөөц дутмаг байдалд байгааг илрүүлсэн. 
  • Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.
  • Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна. 

 

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар МУ-д хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна. 

 

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал, 

  • 5 хүртэлх насны хүүхдийн 11.7% илүүдэл жинтэй, 
  • 6-11 насны хүүхдийн 22.2% илүүдэл жинтэй, 6.4% таргалалттай, 
  • 15-49 насны эхчүүдийн 46.2% илүүдэл жин ба таргалалттай, 16.5% тарган, 
  • 15-49 насы эрэгтэйчүүдийн 48.8% илүүдэл жин ба таргалалттай, 14.6%  тарган байгааг тогтоосон. 

 

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд МУ-ын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлсон.

 

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа аминдэм, эрдэс бодисын дутлыг буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

 

  • Нийт хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх; сүү, цагаан идээ, жимс, ногооны хэрэглээг дэмжих, 
  • Эрүүл мэндийн мэргэжилтний эрүүл, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх мэдлэг, ур чадварыг сайжруулах, 
  • Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх,  
  • Хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх.  

Монгол Улсын хүүхэд, насанд хүрэгчдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалтыг зогсоон барих, буруулахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: 

  • Эрүүл хооллолтын талаарх хүн ам, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл хооллолтыг дадлыг төлөвшүүлэх мэдээлэл харилцааг өргөжүүлэх, 
  • Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин (ажлын байр, нийтийн эзэмшлийн газар) бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох,   
  • Аминдэм, эрдсээр баялаг жимс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хүн амын хэрэглээг дэмжих,
  • Хүүхдийг эрүүл бус хүнсний зар сурталчилгаанаас хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,
  • Сургуулийг эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн орчин болгох. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)