Зээлийн хүүг 5-7 хувиар бууруулах боломжтой

 Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл өглөө. “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зөвлөлөөр батлуулах ажлын хүрээнд Сангийн яам болон бусад холбогдох газраас санал авчээ. Зээлийн хүүг бууруулах стратегийг зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулсан. Энэхүү стратеги нь бизнес эрхлэх санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох алсын зорилготой гэдгийг тэрбээр танилцуулсан. Зээлийн хүү буурах макро орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг нэмэгдүүлэх, банкны салбарын эрсдэл даах, үр ашиг болон засаглалыг сайжруулах зорилгоор 11 дэд зорилтыг дэвшүүлсэн байна. Стратегийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь орлогын төвшинтэй бусад орны хүүгийн төвшинд хүрэх буюу одоогийнхоос 5-7 нэгж хувиар буурах боломжтой гэж харж байгаа аж. Энэ стратегийг 2018 оноос хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд зохистой бөгөөд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийж, түүнд суурилсан банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч байгааг хэлсэн. Үүний үр дүнд эрүүл, хүчирхэг банкны салбар нь зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний өгөөж нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе. Я.Содбаатар: -Зээлийн хүүг бууруулах ажил иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Монгол Улсын зээлийн хүү олон улсын дунджаас таван хувиар өндөр байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн болон захиргааны аргыг хослуулах ёстой. Бусад оронд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон, түүнийг зохицуулсан хууль, эрх зүйн орчинтой байдаг.

Нөгөөтэйгүүр, зээлийн хүүг бууруулах ажлыг ойрын хугацаанд батлуулах хэрэгтэй. Удвал улстөрчид тоглолт хийж, зээлийн хүүг бууруулах нэрийдлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлж магадгүй юм.

Н.Баяртсайхан: -Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх нь зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой хэмжээний захиргааны арга хэрэглэх нь зайлшгүй юм. Тухайлбал, сүүлийн саруудад цалин, тэтгэврийн зээл зэрэг хэрэглээний шинжтэй зээл өсч байгаа. Тиймээс тэтгэврийн зээл олгохдоо тухайн иргэний нийт тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээгээр олгоно гэх зэрэг заалт оруулна.

Д.Тэрбишдагва: -2030 он хүртэлх хөгжлийн бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгаа вэ. Хадгаламжийн хүүг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ. Хадгаламжийн хүүг бууруулбал зээлийн хүү буурна шүү дээ. Мөн гадаад зах зээлээс босгосон өндөр хүүтэй эх үүсвэрээ цэгцлэхгүй бол үүнээс болж аж ахуйн зээл өндөр хүүтэй болж, зээлийн хүртээмж хангалттай биш байна. Н.Баяртсайхан: -Энэхүү бодлогын баримт бичиг 2030 он хүртэлх Хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдаж байгаа. Хадгаламжийн хүүг бодлогын хүүтэйгээ уялдуулан бууруулах асуудлыг тусгасан. Мөн гаднаас босгосон өндөр хүүтэй эх үүсвэрийг хямд эх үүсвэрээр солих арга хэмжээг ч тусгасан, анхаарч ажиллана.

Л.Энх-Амгалан: -Маш чухал бодлогын баримт бичиг гэж харж байна. Харин амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. 2023 он гэхэд зээлийн хүүг одоогийнхоос 5-7 хувиар бууруулна гэж тусгасан байна. Таван жилийн хугацаанд энэ хангалттай үзүүлэлт гэж бодохгүй байна. Тухайлбал, энэ жил гэхэд л зээлийн хүүг 2-3 хувь бууруулна гэж Монголбанкныхан ярьж байсан шүү дээ. Энэ жил яг хэдэн хувиар бууруулах юм бэ. Нөгөө талд, моргейжийн зээлийн нөхцөлийг бууруулах зэргээр бүтцийн өөрчлөлт хиймээр байна. Энэ чиглэлд юу хийх вэ.

Н.Баяртсайхан: -Бидний зүгээс зээлийн хүүг 5-7 хувиар бууруулна гэдэг нь хамгийн мининум хувилбар. Зорилт, төлөвлөгөөгөө нарийвчилж, хэрэгжилт сайн байвал үүнээс ч илүү бууруулах боломжтой. Гэхдээ макро тогтвортой байдлыг хангах нь ганцхан Монголбанкнаас хамаарахгүй. Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай салшгүй холбоотой.

Б.Жавхлан: -Үе үеийн Засгийн газар, УИХ зээлийн хүүг бууруулах талаар ярьж ирсэн. Харин үр дүн гаргасан нь ховор. Манай улсын эдийн засаг гадаад шокоос ихээхэн хамааралтай. Үүнээс хамаарч Засгийн газар, иргэд маш өндөр үнээр зээл авч, төлбөр хийдэг. Эдийн засгийн энэ гаж бүтцээ өөрчлөхгүйгээр макро эдийн засгийн тогтворжилт, зээлийн хүү бууруулах асуудлыг ярихад хэцүү. Үүнийг ганц Монголбанк хийж чадахгүй. Засгийн газартайгаа хамтарч, дунд болон урт хугацааны бодлогоо уялдуулж ажиллах ёстой. Н.Баяртсайхан: -Жавхлан гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж л тодорхой үр дүн гарна. Энэ ч утгаараа зээлийн хүүгийн стратегийн баримт бичгийг боловсруулахад бүх яам, агентлагаас саналыг сонсч, хамтран ажилласан.

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (59.153.113.176)

    2018-06-13

    bankuud shig luivar xiij baigaa gazar xaana baigaa yum . zeel avlaa gexed l shimtgel xuugii ni avch baigaa murtluu enene shig luivar xaana baigaa yum tur zasagt baigaa ulsuud ajlaa xiij chadaxgui baigaa bol suudlaa tavij ugux xeregtei shuu dee