34 орны мал аж ахуйн төлөөлөгчид таван өдрийн турш амжилттай чуулж, тодорхой шийдэл-дүгнэлтэд хүрлээ

 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа болж, дэлхий нийт энэ зүгт таван хоног анхаарлаа хандууллаа.

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.

Таван өдрийн турш дэлхий, бүс нутаг, улс орны түвшний олон чухал асуудалд төвлөрч, гарц шийдэл илэрхийлсэн, ажил хэрэгч, бүтээлч олон улсын уулзалт өнөөдөр (2018.06.15) хаалтаа хийлээ. Хаалтын ёслолд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нар оролцож үг хэлсэн. Дэд сайд Ж.Сауле, "Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл нь бэлчээр. Иймд бэлчээрийн доройтлыг сааруулах, хамгаалах чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, экспортыг малын өвчин хязгаарлаж байна. Тиймээс малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохистой менежментийг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэв.

Тэрбээр, хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангахын тулд мал аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлого чухал ач холбогдолтой. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого, амьжиргаа буурах хандлагатай байгаа тул малчдыг дэмжих, малчдын залгамж халааг хангах хэрэгтэй байна.

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат энэхүү олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт нь манай улсын тусгай хамгаалалттай газар нутагт унаган төрхөө хадгалан үлдсэн байгальд малчны хотны дэргэд зохион байгуулсан нь онцлог гэдгийг хэлж байлаа. Уулзалтаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хамтын ажиллагаанд шинэ талбар болсон гээд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг төлөвлөгөөгөө олон улсад танилцуулснаа онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр явагдсан хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд бүхэлдээ Энэ удаагийн хурлаар үндсэндээ малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн асуудлыг чухалчилж, нэгдсэн байр сууринд хүрсэн юм. Тухайлбал,

Малын эрүүл мэнд, тавлаг байдал асуудлын хүрээнд мал эрүүлжүүлэх ажлыг чанартай явуулж, хил дамнан гардаг малын халдварт өвчний дэгдэлтийг бууруулахын тулд хөрш улсуудтайгаа хамтран ажиллах нь зүйтэй гэж даян дэлхийн мал аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд хэллээ. Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, олон төрлийн амин дэмээр баялаг шинэхэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх дадлыг хэвшүүлэхийн тулд олон нийтийг мэдлэг, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна гэж хүнсний салбарынхан дүгнэсэн. Мал аж ахуйн салбар нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Тиймээс тогтвортой мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүн амын амьжиргаа сайжирч, эдийн засаг өснө гэдэгт олон улсын уулзалтад оролцсон төлөөлөгчид санал нэг байлаа.

Мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь мал аж ахуйн салбартаа хүндрэл учруулж байна. Тэр дундаа малчдын амьжиргаанд сөрөг нөлөөлж байгаа юм. Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авч байгаа боловч үр дүн нь харилцан адилгүй байна. Тиймээс мал аж ахуйн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүнд суурилан бүс нутгийнхаа онцлогт тохирсон стратегиа боловсруулах нь зүйтэй гэж олон улсын судалгааны байгууллагынхан үзэж байна.

Ийнхүү “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дугаар уулзалт”-ыг тус хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер дүгнэлээ. Тэрбээр, дараа, дараагийн уулзалтад олон талын оролцоог сайжруулах ёстой. Сайн шийдэл, тэргүүн туршлагыг олж тодорхойлоход хамтын ажиллагаа хамгийн чухал. Хөтөлбөрийнхөө үйл ажиллагаанд технологийн дэвшил ашиглаж, гишүүн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцон, бусдаасаа туршлагаас суралцан, шийдэл нь тодорхой болсон асуудлыг цаг алдалгүй бусдад ойлгуулахын тулд дуу хоолой нэгтэй байхыг уриаллаа.

Монгол Улсын мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд байнгын хамтын ажиллагаагаар дэмжиж байдаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн хандивлагчид, гишүүн олон улсын төлөөлөгчид зэрэг бүх талуудад талархал илэрхийлье.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)