Ц.Магсар: Өөрт оногдсон ажлаа үнэн зөвөөр хийвэл аяндаа үр дүн гарна

А.С.Пушкины нэрэмжит шагнал хүртсэн утга зохиол судлаач, орчуулагч, багш Ц.Магсарыг ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр “Кириллица” орос сургуулийг үүсгэн байгуулагч, өдгөө Уралын их сургуульд зочин профессороор ажиллаж байгаа юм. Доктор, профессор Ц.Магсар 30 гаруй жил их, дээд сургуульд багшлахын зэрэгцээ орос хэлнээс орчуулга хийсэн бөгөөд хамгийн сүүлд А.С.Пушкины “Руслан Людмила хоёр” найраглалыг эх хэлнээ хөрвүүлжээ.

-Та сайхан зусч байна уу?

-Сайхаан. Сайхан зусч байна уу.

-Аль нутгийн хүн билээ?

-Увс аймгийн Тариалан сумын уугуул. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд Архангай аймагт Багшийн сургуульд суралцсан. Дараа нь Уралын их сургуулийг зорьсон доо. Хүний нутагт явсан зорилгоо биелүүлж улаан дипломтой төгсч ирээд Намын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багшаар ажилласан. Тэр үед онц дүнтэй төгссөн хүмүүсийг Төв хорооны шугамаар ажилд томилж, хуваарилдаг байсан юм. Би Уралын их сургуулийг уран зохиолын мэргэжлээр, Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Уран зохиол сонирхдог учраас тэр чиглэлээрээ хуучин Орос хэлний дээд гэж байсан, одоогийн Хүмүүнлэгийн их сургуульд ажиллах сонирхолтой байсан болохоор саналаа Боловсролын яамны Болд даргад хэлсэн ч бүтээгүй. Тэгээд л Намын дээд сургуульд 1983-1992 он хүртэл есөн жил ажилласан. Тэнд уран зохиол, соёлын хичээл гээд цөөхөн цагтай, орос хэл нь илүү олон цагтай байв. Тухайн үед Намын дээд сургуулийн бараг бүх хичээлийг орос хэлээр заадаг байсан юм. Оросын мэргэжилтэн багш нар ч ажилладаг байлаа. Намайг “Монголын уран зохиолыг орос хэлээр заа” гэдэг байлаа шүү дээ. Гэвч тийм боломж байхгүй. Монголын уран зохиолыг ярихад өөрийн эрхгүй эх хэл рүүгээ шилжинэ. Нэг удаа намын дарга орж ирээд суучихсаныг анзаараагүй, монголоор лекцээ уншчихаад дараа нь бага зэрэг зэмлүүлсэн ч тал бий. Гэхдээ тэд ч үүнийг бас ойлгож байсан.

-Уралын их сургуулийн зочин профессороор ажиллаад удаж байна уу?

-Өнгөрсөн жил хүртэл МУБИС-д ажиллаж байгаад нас 60 хүрэхэд тэтгэврийн асуудал яригдсан. Тухайн үед миний төгссөн Уралын их сургуулиас ажиллах санал ирчихсэн байсан учир ОХУ-ыг зорьсон. Гэхдээ бүтэн цагаар биш л дээ. Миний насны хүн гэр бүлээсээ хол олон сараар явахад бэрх. Тиймээс зочин профессороор тодорхой хугацаанд гэрээгээр ирж очин ажиллахаар болсон хэрэг. Монголын тухай, соёл судлал, орчуулгын чиглэлээр хэд хэдэн лекц оюутнуудад уншсан. Хэдийгээр би багш ч сайн бэлтгэхгүй бол орос оюутнуудын мэдлэгийн төвшин өндөр. Тэр тусмаа хэл шинжлэлийн салбарынхан мэдээлэл сайтай, их уншдаг хүмүүс байдаг. Тэнд сурч байсны хувьд энэ талаар мэднэ. Намайг сурч байхад манай уран зохиолын ангид шигшиж авсан юм шиг 16 оюутан байсан. Оросод очоод би тэдний уншиж, ойлгодог төвшинд хүрэх хүртлээ хол байгаагаа ойлгосон.

-Гэсэн ч та Уралын их сургуулийг улаан дипломтой төгссөн гэхээр нэлээд дайчин оюутан байж дээ?

-Дайчин ч гэж юу байхав дээ. Үнэндээ Оросод анх очихдоо хэлийг нь ч сайн мэдэхгүй. Багшийн дээд сургуулийн орос хэлний ангид нэг жил сураад Уралыг зорьсон юм.“Берег” гээд Юрий Бондаревын нэг роман Оросод гарч нийгэмд шуугиан болж байсан үе. Хожим энэ зохиолыг монгол хэлнээ хөрвүүлсэн юм билээ. Зохиолын агуулга нь фашизмыг дайны сэдэвт уран зохиолд нэлэнхүйд нь хараар бичиж байсан цаг үеэс Бондаревын зохиол арай өөрөөр тусгаж харуулсан байв. Би тэр зохиолыг “барьж авсан”. Хичээлээс гадуурх сэдэв болохоор эртний Оросын уран зохиол, хуучин слав хэл зэрэг нэлээд хүнд даалгавруудаа дийлэхгүй байж хажуугаар нь “Берег” романаа уншина. Ангийнхаа орос оюутнуудаар мэдэхгүй, чадахгүй байгаагаа заалгуулж авна. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Эхний семестр нэг иймэрхүү л өнгөрч байсан. Тэр үеийн багш нар “Энэ гадаад оюутан, орос хэлэндээ тааруу” гээд “толгой илдэггүй” байлаа шүү дээ. Екатеринбург хотод монголоос өөр гадаадын оюутан байдаггүй тийм л цаг үед бид сурсан юм. Манай монгол оюутнууд бүгд л тийм шаардлагын дор сурч байсан.

-Бага ангийн багшийн мэргэжил эзэмшсэн хүн яагаад Уралын их сургуулийг зорих болов. Эсвэл та анхнаасаа энэ чиглэлээр мэргэших бодолтой явсан уу?

-Архангай аймгийн Багшийн сургуулийг дөрвөн хүүхэд онц төгссөн. Тэр үед онц төгссөн оюутныг хуваарь өгч дээд сургуульд үргэлжлүүлэн суралцуулдаг байлаа. Надад УБДС-ийн монгол хэлний ангийн хуваарь таарсан ч зургийн анги авсан найзтайгаа солихоор болсон. Найз маань зураг зурах авьяасгүй байсан учир өөр боломж байгаагүй. Би ч гэсэн зургийн ангид сурч чадаагүй. Хэцүү юм билээ. Тэр үед яах учраа олохгүй явсанаа орос хэлний ангид сурч байсан Дорнодын нэг хүүтэй ангиа солихоор болсон. Тэгээд л хоёулаа хөтлөлцөж гүйсээр байгаад хуваариа солиулсан даа. Орос хэлний ангид ороод эхний жил шувтарч байтал сайн сурч байна гэж үзсэн юм байлгүй Орост явж сурах хуваарь өгсөн. Сургууль, багш нарын л дэмжлэг шүү дээ.

-Ардчиллын жилүүдэд Багшийн дээд сургуулиас гадна хаана ажиллаж байв?

-Сургуульдаа л багшилсан даа. 1992 оноос аспирантурт сурсан. Хажуугаар нь хааяахан хичээл зааж, сардаа 7000 төгрөгийн тэтгэлэг авдаг нь хаана ч хүрэхгүй байсан учир ах маань Москвич машин хямдхан авч өгч заримдаа халтуур хүртэл хийж үзсэн. Хойшоо, урагшаа дүүгээ дагаж наймаанд явлаа. Гэхдээ чадахгүй юм гэдэг чаддаггүйгээрээ дуусдаг юм билээ. Хоёр, гурав яваад наймаа хийх бодлоо орхисон. 1995 онд Багшийн их сургууль намайг дуудсанаас хойш өнгөрсөн жил хүртэл 20 гаруй жил сургуульдаа ажилласан. Боловсролын их сургууль надад их ээлтэй. Би Оросод ажиллахдаа ч гэсэн сургуультайгаа хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ гэдэгт санаа тавьж, хөөцөлдөөд явж байна. 

 

....Хэл шинжлэл дэх “Улс төрийн гал тогоо” гэсэн сонирхолтой сэдэв бий. Энд би Монголтой холбоотой материалыг бэлтгэж өгүүллээ бичээд дууссан. Тухайлбал, “бялуу хуваах” гэдэг хэллэг байна. Мөн монгол хэлэнд “холион бантан”, “бантан хутгах” гэж байна. Энэ хэллэг Оросод “каша”, “варить кашу” гэсэн адил утгаар ордог байх жишээтэй. ...

 

-А.С.Пушкины медалийг танд өгөхөөр болсныг хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ой болсон юм. Ойгоор Ж.Гүррагчаа баатар, Д.Цогзолмаа дарга санаачлан миний нэрийг энэ шагналд дэвшүүлсэн. Тэгээд орос хэлний багш нарын холбоогоор дамжуулан бүтээлийн жагсаалт, тодорхойлолт гэх мэт материал бүрдүүлсэн. Дараа нь Францад болсон тэргүүлэгчдийн хурлаас надад А.С.Пушкины нэрэмжит медаль олгохоор болсон тухай захидал МАПРЯЛ-ын Ерөнхийлөгч Л.А.Вербицкая ирүүлсэн. Тэгээд сая тэмдэглэсэн “Оросын өдрүүд”-ээр медалиа авлаа. Энэ шагналыг өмнө нь Ардын багш, доктор, профессор С.Галсан, Гавьяат багш Э.Равдан, профессор С.Эрдэнэмаам зэрэг орос хэл, соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст өгч байсан юм билээ.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний судалгааны ажил монгол судлал, орос судлал, уран зохиолтой холбоотой. Хамгаалсан сэдэв маань уран зохиолын шүүмж судлал. Харьцуулсан уран зохиол, орчуулга, орос хэл, соёлтой холбоотой гурван чиглэлээр судалгааны ажлаа хийж ирсэн. Уралын их сургуульд дээр дурдсаны сүүлийнхээр нь ажиллаж байна. Финландын эрдэмтэн А.С.Мустайоки, Оросын эрдэмтэн И.Т.Вепрева нартай хамтарч энэ ондоо багтаан Web of Science буюу Scopus ангиллаар хэвлэгдэх хоёр өгүүлэл бичих ёстойгоос нэгийг нь “гараас гаргасан”. Хэл шинжлэл дэх “Улс төрийн гал тогоо” гэсэн сонирхолтой сэдэв бий. Энд би Монголтой холбоотой материалыг бэлтгэж өгүүллээ бичээд дууссан. Тухайлбал, “бялуу хуваах” гэдэг хэллэг байна. Мөн монгол хэлэнд “холион бантан”, “бантан хутгах” гэж байна. Энэ хэллэг Оросод “каша”, “варить кашу” гэсэн адил утгаар ордог байх жишээтэй. Өвөрмөц хэллэгийн төвшинд ийм хэллэг маш олон байдаг юм байна. Энэ чиглэлээр материал бүрдүүлж баримтжуулсан.

-Энэ үйл явдалтай зэрэгцэн таны өвөөгийн талаар мэдээлсэн байсан. Тэр талаар та сонирхуулаач?

-Миний өвөө Цэдэн-Ишийн Нянгар гэж мал, хөрөнгөтэй хүн байж байгаад 1943 онд бурхан болсон юм билээ. 2000 хоньтойгоос гадна нэлээд хэдэн тооны бод малтай байж. Тухайн үед түүнийхээ нэг хэсгийг фронтод өгсөн гэдэг. Ингэж хэлснийг зарим хүн буруугаар ойлгож 2000 малаа фронтод өгсөн мэтээр бичсэн байна лээ. Түүнийг бодож Оросын Элчин сайдын яаманд очиж медаль авахдаа “Миний өвөөд очих ёстой шагнал надад ирлээ” гээд хэлчихсэн юм. Уг нь яруу найрагч Ш.Гүрбазарын миний өвөөд зориулж бичсэн “Өндөр гэгээнтний дуулал” хэмээх найраглалын тухай ярьсан юм л даа. Оросууд утасдаад “Танай гэр бүл Орос улсын төлөө ямар их зүйл хийсэн юм бэ” гэж байна лээ. Тэгэхэд нь ямар буруу мэдээлэл гаргасан гэлтэй биш. Дуугүй л өнгөрсөн дөө.

-Ярилцлагын өмнө дурдсан. Монголчууд хүнийг хөгшрөхөөр хэнд ч хэрэггүй болсон мэт үздэг. Гэтэл гаднын оронд харин ч эсрэгээр эрдэмтдийн зөвлөл байгуулж, зөвлөгөө авдаг. Энэ талаар таны байр суурийг асууя?

-Ер нь тийм шүү. 1983 онд намайг сургуулиа төгсч байхад хичээл зааж байсан багш нараас таван профессор одоо хүртэл Уралын их сургуульд багшилж байна. Би ямар хүмүүсээр хичээл заалгуулж байснаа сая л очихдоо мэдлээ. Тухайлбал, Л.П.Быков гээд гээд миний багш байна. Энэ хүн Оросын томоохон шүүмжлэгчдийн нэг төдийгүй Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эрхтэй тэнхмийг толгойлж байна. Тэднийг нэр дэвшүүлсэн ёсоор Беларусийн нэг эмэгтэй зохиолч уржнан жилийн Нобелийн шагналыг авсан. Тэдний хуримтлуулсан мэдлэг туршлага бол оюуны асар их өв юм. Гэхдээ энэ талаар манай улс нэг онцлогтой. Сайхан мэдлэг боловсрол эзэмшсэн ажилгүй залуу олон байна. Орон тооны хувьд ч хязгаарлагдмал юм. Нөгөө талаар биднээс зөвлөгөө авах хүн нь хэр олон билээ. Тэгээд ч цалин авчихаад ажилгүй суугаад байх ч хаашаа юм. Гэх мэтчилэн асуудал дагуулсан зүйл олон бий.

-Хүн бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Та зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна уу?

-Би хэл зүйч, орос хэл, уран зохиолын багш гэсэн дипломтой. Мэргэжлээрээ ажиллаад А.С.Пушкины медаль авснаа их том өндөрлөгт хүрлээ гэж ойлгож байна. Энэ нь надад хангалттай том үнэлгээ. Ер нь би алдар нэр, шагнал энэ тэр гэсэн зорилго тавьдаггүй. Өөрт оногдсон ажлаа үнэн зөвөөр хийгээд явбал аяндаа үр дүн гарна. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн миний хуурай ах. Тэрбээр “Хүн мөрөөрөө өмнөхөө хийгээд л явах ёстой. Тийм л зарчим барь” гэж хэлдэг. Өөрөө ч тийм зарчим баримталдаг хүн дээ.

-Эрдмээ өвлүүлж яваа дотнын шавь танд бий юү?

-Шавь олон байлгүй яахав. Бага сага туршлага энэ тэрээс гэвэл өвлөх хүсэлтэй нь ойрхон эргэлдэж л байдаг байх.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)