Ази, Номхон далайн бүсийн чуулган зохион байгуулах хороо хуралдлаа

Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс ирэх 2019 онд Монгол Улсад болох юм. Уг конгрессыг удирдах зохицуулах үүрэг бүхий Зохион байгуулах хороог Ерөнхий сайдын энэ сарын 5-ны захирамжаар байгуулж, хорооны даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг томилсон. Хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд орсон бөгөөд тэд өнөөдөр /2018-06-18/ анхдугаар хурлаа “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд хийж конгрессын бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар ярилцлаа.

        Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  1978 онд “2000 он гэхэд “Бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атагийн тунхаглалыг гаргасан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна.

        Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга зам нь Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага гэдгийг НҮБ-аас цохон тэмдэглэсэн байдаг. Ази, Номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг бөгөөд анхдугаар их хурал 2008 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болоход 53 орны  630 төлөөлөгч оролцсон. Хоёрдугаар их хурал нь "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор 2011 онд Филиппинийн Манилад болсон бол гуравдугаар их хурлыг "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор 2015 онд Японы нийслэл Токиод зохион байгуулж улмаар дараагийн хурлыг 2019 онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

         Энэ удаагийн конгрессыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор явуулахаар болсныг Зохион байгуулах хорооны хурлын мэдээлэлд дурджээ. Одоогийн байдлаар уг хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 гаруй, Монголоос 200-300 хүнийг оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд оролцогчдын 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх ба тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай юм.

        Зохион байгуулах хорооныхны үзэж буйгаар уг конгрессыг зохион байгуулснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд сурталчлах сайн талтай. Түүнчлэн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад шаардлагатай хүртээмжтэй орчинг бүрдүүлж, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, иргэд, олон нийтийн хандлагыг үзүүлэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)