Хоёр настай хүүхдээр морь унуулж уралдуулсан эцэгт торгох шийтгэл оногдуулжээ

2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ. 

Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын холбогдох байцаагчаас мэдээлэл авахад "Найран дээр ирсэн айлын мал хариулдаг нэгэн залуу хоёр настай хүүгээ өөрийн хонины мориндоо мордуулж уралдуулсан хэрэг гарсан нь үнэн. Бид энэ талаар мэдээлэл авангуутаа тавдугаар сарын 20-ны өдөр гэр бүлийнхэн болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан. Мөн хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Үзлэгээр хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Гэхдээ залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан. Хүүхдийн эцэг энэхүү явдалд их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж бидэнтэй удаа дараа уулзаж зөвлөгөө авсан" гэлээ. 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн  6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)