Хүн хүчээр баялгаа эргэлтэд оруулсан Хятадын хязгаар

 

БНХАУ ядуурлаа хэрхэн бууруулж байгаатай танилцахаар Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын сүүлчээр тус улсыг зорьсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Сэтгүүлчид хоёр багт хуваагдан явсан бөгөөд бид Сычуань, Ченду хот, Лянь Шань мужийн Шичан хязгаарын аж байдалтай газар дээр нь очиж танилцахаар хөлгийн жолоо залсан юм. Энэ удаагийн тэмдэглэлээр дурдсан нутаг орны эко муж, хот болоход хэрхэн анхаарч байгаа талаар сонирхуулна. Юуны түрүүнд Сычуань мужийн тухай товчхон мэдээлэл хүргэе. Энэхүү муж нь Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 486 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршдог. Байгалийн нөөц баялаг ихтэйгээс гадна Хятадын хамгийн том усан цахилгаан станц энд бий. Байгалийн хийн нөөц, занарын хий, эрдэс баялгийн нөөцөөр арвин. Дэлхийн соёлын болон байгалийн өвөөрөө баялаг гайхалтай газар орон юм. Сычуань шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн үндэс суурьтай. Энэ нь үндэсний тогтолцоонд инновацийн шинэчлэлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн туршилтын бүс, улсын цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн гурван их үйлдвэрийн нэг, дөрвөн их цахилгаан салбарын мэдээллийн нэг юм.

БНХАУ ядуурлаа хэрхэн бууруулж байгаатай танилцахаар Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын сүүлчээр тус улсыг зорьсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Сэтгүүлчид хоёр багт хуваагдан явсан бөгөөд бид Сычуань, Ченду хот, Лянь Шань мужийн Шичан хязгаарын аж байдалтай газар дээр нь очиж танилцахаар хөлгийн жолоо залсан юм. Энэ удаагийн тэмдэглэлээр дурдсан нутаг орны эко муж, хот болоход хэрхэн анхаарч байгаа талаар сонирхуулна. Юуны түрүүнд Сычуань мужийн тухай товчхон мэдээлэл хүргэе. Энэхүү муж нь Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 486 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршдог. Байгалийн нөөц баялаг ихтэйгээс гадна Хятадын хамгийн том усан цахилгаан станц энд бий. Байгалийн хийн нөөц, занарын хий, эрдэс баялгийн нөөцөөр арвин. Дэлхийн соёлын болон байгалийн өвөөрөө баялаг гайхалтай газар орон юм. Сычуань шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн үндэс суурьтай. Энэ нь үндэсний тогтолцоонд инновацийн шинэчлэлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн туршилтын бүс, улсын цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн гурван их үйлдвэрийн нэг, дөрвөн их цахилгаан салбарын мэдээллийн нэг юм. Сүүлийн жилүүдэд Сычуань гадаад харилцаагаа эрчимжүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсэд багтсан бөгөөд баруун бүсийг нээх, хөрөнгө оруулалтын хамгийн үнэ цэнэтэй газруудын нэг болжээ. Өнгөрсөн онд тус мужийн эдийн засгийн нийт хэмжээ 3.6 их наяд юаньд хүрч, баруун өмнөд худалдааны болон логистикийн төв, санхүүгийн чухал байр суурийг эзлэх болсон байна. Харин бидний очсон Чендү хот Сычуань мужийн төв төдийгүй Хятадын баруун бүс нутгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн гол газар юм. Чендуг өөрөөр “Rong” гэж нэрлэдэг ажээ. Энэхүү хот 2300 гаруй жилийн түүхтэй. “Нэг бүс нэг зам” болон Хөх мөрний стратегийн чухал сав газар юм. Ченду нь инноваци, чөлөөт худалдааны бүс, олон улсын худалдаа, сайн хөгжлийг дэмжихэд ихээхэн анхаарч байгаа газруудын нэг. Зүүн Ази, Өмнөд Ази, Европын орнууд руу чиглэсэн олон улсын нэгдмэл цогцолбор бий болгохын тулд баруун болон өмнөд хэсгээрээ нээлттэй бодлого баримталдаг. Хойд Америк, Европ, Номхон далай, Африк, Азийн гол хотуудыг хамарсан олон улсын шууд нислэг 105 байдгаараа онцлогтой. Үүнээс аялал жуулчлалынхаа салбарт ямар их анхаарал хандуулдаг нь харагдана.

БАЙГААГАА БАЯЛАГ БОЛГОСОН БОДИТ ТУРШЛАГА

Монголын сэтгүүлчдийн сурвалжлах баг Ченду хотын Пиду дүүргийн зүүн хойд хэсэгт орших Чин Ганг Шү тосгонд хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар очлоо. Энэ тосгон 2.4 хавтгай дөрвөлжин километр нутагтай. 2012 онд “Сайн байшинд амьдрах, сайн сайхан амьдрах, сайн дадал хэвшүүлэх, сайхан уур амьсгалыг бий болгох” сэдэвт ажил өрнүүлж, 97 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай есөн бүлгийг байгуулсан. Орон сууцны хороолол бүхий орон нутгийн шинэ цогцолборт 805 өрхийн 2062 хүн амьдардаг байна. Чин Ганг Шүг өнгөрсөн онд Сычуаний топ 100 тосгоны нэгээр нэрлэжээ. Түүнчлэн 2015 онд БНХАУ-ын хамгийн үзэсгэлэнтэй 10 тосгоны нэг, 2016 онд үндэсний 4А төвшинтэй үзэсгэлэнт газрыг бий болгосон юм. Энэ тосгон мужийнхаа төвөөс 16 километрийн зайтай оршино. Анхандаа газар тариаланд тулгуурласан хөдөө аж ахуйн тосгон байсан. 2012 оноос газрын реформ хийж тосгоны бүх иргэн өөрсдийн хүсэл санаачилгаар нэгдэл байгуулжээ. Улмаар иргэд хувь нийлүүлэгч болж, тосгоны газар компанийн өмч болсон байна. Түүнээс 216 га-г шинэ тосгонд газар тариалангийн зориулалтаар ашиглажээ. Дээр нь нэмээд 269 мү /1 мү- 15 га/ газрыг худалдаж 190 гаруй сая юанийн орлого олсон гэдэг. Гэхдээ үүний 170 гаруй сая юанийг банкны зээлээ дарахаар тушаажээ. Учир нь, иргэд дээр дурдсан ажлыг эхлүүлэхдээ үндсэн хөрөнгөгүй байсан учир арга буюу банкинд хандсан байна. Өөрсдөд нь байсан хөрөнгөө ийнхүү эргэлтэд оруулахаар зориглосон нь хэдий эрсдэлтэй байсан ч тэдэнд орлогоо нэмэх, амьдралын төвшнөө сайжруулах боломж олгожээ. Зээлээ дараад үлдсэн 30 гаруй сая юань компанийн эргэлтийн хөрөнгө болсон байна. Ингэж нийтээрээ дорвитой алхам хийсний дүнд одоо энэ тосгон уламжлалт газар тариалангаас гадна аялал жуулчлалаас орлогын нэг хэсгээ бүрдүүлдэг болжээ. Чин Ганг Шү тосгоныхон өнгөрсөн онд аялал жуулчлалаас 45 сая юанийн орлого олсон. Ингэж зориглон хэрэгжүүлсэн ажил нь үр дүнд хүрснээр иргэд сүүлийн жилүүдэд ногдол ашгаа авдаг болсон байна. Ганцхан тоо баримт дурдахад, энэ оны хоёрдугаар сараас хойш Чин Ганг Шү тосгон сая жуулчин хүлээн авчээ. 3000 хүрэхгүй оршин суугчтай тосгоны хувьд энэ их тоо юм. Үнэндээ тосгоныг тохижуулсан байдал нь тийм ч гайхалтай биш. Зочин угтах, хүлээн авах байдал зэргээс их зүйл шалтгаалдаг нь ажиглагдаж байсан юм. Аялал жуулчлалын чиглэлээр тохижуулсан гэхэд их энгийн харагдана. Гэсэн ч гаднын жуулчдын очих дуртай газрын нэг болжээ. Ганц давуу тал нь усжуулалтын систем гэж хэлж болно. Газар нутгийн хувьд ерөнхийдөө намгархуу байх бөгөөд халуун дулаан уур амьсгал нь олон төрлийн цэцэг ногоо, мод бут тарихад таатай орчинтой. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар тарих боломжгүй олон төрлийн мод, цэцгийг тэнд тарьсан байв. Гаднын гэлтгүй дотоодын аялагчид ч Чин Ганг Шүд олноороо ирдэг бололтой харагдсан. Тэдний зарим нь гэр бүлээрээ дугуй унаж орчинтой танилцах ажээ. Ингэж дугуйг өдрөөр унахад 60 юань төлдөг байна. Тосгонд ирсэн аялагч, жуулчдын заавал ч үгүй дайрдаг газрын нэг нь үндэсний хэв шинжийг агуулсан хоолон гэрүүд. Зочдынхоо ая тухыг бодолцож цэцэгсийн сайхныг ажингаа хооллох боломжтой асруудыг босгосон байв. Чин Ганг Шү тосгоны эмэгтэйчүүд нь их уран. Торгон утсаар элдэв зүйлсийг урлан суух нь жуулчдын нүд хужирлана. Тосгоны брэнд болж байгаа гар урлалын бүтээлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй гээд тоочвол хүний сонирхол татах зүйл тэнд байна. Ингэж хамтын хүчээр хөдөлмөрлөж, ядуурлаас гарч байгаа энэ тосгоныхноос суралцах зүйл олон ажээ. Анх Чин Ганг Шү тосгоны нэг хүнд ногдох орлого 14 мянган юань байсан бол одоо 26000 болсон байна. Таван жилийн дараа энэ тоог 40000-д хүргэхээр зорьжээ.

ТЭРЭЛЖИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХӨГЖҮҮЛЬЕ

Ингэж Чин Ганг Шү тосгоны байдалтай танилцаж явахдаа бидэнд ямар их нөөц бололцоо байгаа талаарх бодол толгойноос ер салаагүй юм. Энэ тосгон байгалийн тогтоц, байршлаараа тийм ч содон биш. Гэтэл манайд үүнээс ч илүү үзэх харах зүйлээр баялаг газар олон бий. Нийслэлд хамгийн ойрын жишээ нь, Тэрэлж байна. Байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газрыг төр, засаг бодлогоороо дэмжиж аялал жуулчлалын бүс болговол жуулчдын цуваа тасрахгүй байх боломжтой. Гэтэл бид байгалиас заяасан баялгаа эко системийг нь алдагдуулахгүйгээр ашиглаж чадахгүй явсаар өдий хүрлээ. Тэрэлжид хэчнээн олон жуулчны бааз байгааг мэдэх хүн байгаа болов уу. Уулын ам болгон амралтын баазтай болсноороо ямар хор уршиг тарьж байгааг анзаарч байгаа хүн бий юү. Тэнд ядаж нэгдсэн хогийн цэг алга. Үүнээс шалтгаалан амрагчид ууттай хогоо энд тэндгүй хаяж үлдээснээс гялгар уут цэцэг ногоо шиг алаглаж байна. Бас хэн дуртай нь хүссэн газраа малтаж байгаа нь цэвэр усны санг эрсдэлтэй болгож байгаа юм. Тиймээс энэ газар нутгийг анхааралдаа авч, нэгдсэн бодлогоор дорвитой хөгжүүлбэл дотоод төдийгүй гадаадын аялагчдын анхаарлыг татсан аяллын бүс болгох бүрэн боломжтой санагдана.

НАМГАРХАГ ГАЗРЫГ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ЦОГЦОЛБОР БОЛГОЖЭЭ
Чүнхаи ус намгархаг газрын үндэсний парк Сычуань мужийн Шичан хотод байрладаг. Парк ойролцоогоор 20000 мү талбайг эзэлдэг. Усны хамгаалалт, хот суурин газрын бичил биетнийг зохицуулах, усны чанарыг сайжруулах, амьтан ургамлын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, экологийн ландшафтыг бий болгох зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Энэ газарт тусгай анхааран Шичан хотын захиргаанаас хэдэн арван зүйлийн шувууг өсгөн үржүүлж байна. Чүнхаи ус намгархаг газрын үндэсний парк анхнаасаа ийм байсан уу гэвэл үгүй. Энд голдуу загасны аж ахуй, газар тариалангийн ажил эрхэлдэг байж. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод нуурын усны төвшин багасчээ. Тиймээс энэ газрыг сэргээх санаачилгыг 2009 онд гаргаж, загасны аж ахуй, газар тариалангийн ажлыг зогсоосон байна. Улмаар эко цогцолбор болгох санал дэвшүүлж, зургаан үе шаттайгаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ. Үүний хүрээнд тосгоны 1000 өрхийг нүүлгэсэн байна. Иргэдийг ажлын байраар хангасан учир нүүсэн ч амьдралд нь саад тотгор болоогүй ажээ.

Нуурыг тойроод 37 км зам тавьсан байна. Жил бүр энд марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулдаг. Гэрлийг нь нарны энергиэр шийдвэрлэсэн бөгөөд нарны тусгал ургамлын ургалтад сайнаар нөлөөлжээ. Шичанд И үндэстэн төвлөрөн суусан өөртөө засах муж юм. Таван сая гаруй хүн амтайгаас 2.7 сая нь И үндэстэн байна. Газрын байдал далайн төвшнөөс дээш 1500 метр өндөрт байрладаг. 19 хэмийн дундаж дулаантай. Энэ нь оршин суухад таатай орчныг бүрдүүлдэг. Хотын төвд байрласан Чүнхаи нуур Шичанд аялал эко орчныг бүрдүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж хэлмээр санагдсан. Мөн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд тус дөхөм болсон газрын нэг юм. 14 үндэстэн оршин суудаг Шичанд одоогоос хэдэн жилийн өмнө ядуурлын төвшин өндөр байжээ. 1950 онд Лянь Шань муж чөлөөлөгдөж, 1956 оноос хөгжлийн шинэ замд орсноор байдал эрс өөрчлөгдсөн аж. Комуннист намын XIX Бүгд хурлын дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Ши Жиньпин дарга энэ мужид ирж, ядуурлыг хэрхэн бууруулж байгаа газар орны байдалтай танилцжээ. Энэ үеэр ажлын чигийг нь тогтоож өгсөн байна. Түүнээс хойш ажил нь улам эрчимтэй явагдаж, Шичаны хязгаар жуулчдыг урин дуудах газруудын нэг болоод байгаа юм.

Үргэлжлэл бий

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)