Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорчээ

 -79 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛД ХАРИУЦЛАГА ТООЦНО-

Дунд сургуулиа төгсч буй хүүхдүүд ЭЕШ-аа өгч дууслаа. Уг шалгалт өчигдөр албан ёсоор өндөрлөсөн бөгөөд улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд хоцорсон дүн мэдээтэй байгааг салбарын сайд нь дуулгалаа. Энэ сарын 19- нд шалгуулагчдын заавал өгөх ёстой шалгалтын нэг болох монгол хэл, бичгийн шалгалтыг тодорхой байруудад авсан. Харин энэ өдөр Яармагийн гүүрэн дээр ноцтой осол гарч, зам түгжирсэн учраас тухайн чиглэлийн хоёр хүүхэд ЭЕШ-аа өгч чадаагүй байна. Түүнчлэн улсын хэмжээнд долоон хүүхэд шалгалттай холбоотой гомдол гаргажээ. Бусад гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэсэн ч шалгалтаас хоцорсон хүүхдүүд нэг жил хүлээхээс аргагүй болж буйг албаныхан хэллээ. Учир нь, ЭЕШ маш хариуцлагатай учраас эцэг эхчүүд болон хүүхдүүдэд тодорхой анхааруулгыг хүргэсээр ирсэн. Тиймээс шалгалтаас хоцорсон хүүхдүүдийн асуудлыг энэ жилдээ шийдвэрлэх боломжгүй юм байна. Түүнчлэн ЭЕШ- ыг хэрхэн зохион байгуулсан талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй шалгуулагчдыг хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн газартай серверээ холбосон.

Шалгалт өгөх гэж байгаа хүүхдийн регистрийн дугаарыг хийхээр шалгуулагчийн бүх мэдээлэл гарч ирж байгаа учраас бүртгэл дээр ямар нэгэн гомдол гараагүй. Мөн хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохирсон гэсэн гомдол гараагүй. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шалгалт өгөх анги танхим бэлдэж өгсөн. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг харгалзагчийнх нь хамт шалгалтад оруулсан. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарна” гэлээ. Харин энэ долоо хоногийн эхэнд 11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амь насаа алдсан асуудлын талаар тэрбээр “БСШУСЯ- наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургуулд болсон асуудлын хүрээнд очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглодог юм байна. Хөлбөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ, жижүүрт ч арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэр хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүйн асуудал учраас арга хэмжээ авна” хэмээн мэдэгдлээ.

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Жа (202.179.24.135)

    2018-06-21

    ХУДЛАА Хоцорсон хүүхдийн тоонд ОНОО хүрээгүй хүүхдүүд бий шүү