Х.Баделхан: Дэд бүтэц сайтай газрын үнийг хоёр дахин нэмнэ

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Газрын үнэлгээний бүс /зэрэглэл, тойрог/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. 1997 оноос хойш үүнийг шинэчлээгүй өдийг хүрээд байсан юм. Ийнхүү шинэчилснээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төлбөрийн хувь хэмжээ зах зээлийн өнөөгийн нөхцөлд тохирох боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Ирэх оноос шинэчлэн тогтоосон үнийг мөрдөх аж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАНТАЙ ярилцлаа.

-Засгийн газраас Газрын үнэлгээний бүс, суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээг шинээр тогтоолоо. Ямар өөрчлөлт оруулсан бэ?

-Газрын суурь үнэлгээний мөрдөж байгаа үнийг 1997 онд тогтоосон байдаг. Монгол Улс 21 жилийн дараа газрын суурь үнийг шинэчлэн тогтоолоо. 1997 онд газрын суурь үнийг тогтоохдоо хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын газрын үнийг ялгавартай тогтоосон. Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг хангай, алтайн уулархаг бүс, хээр талын, талын бүс гэж дөрөв хуваасан. Ингэхдээ мөн дотор нь бэлчээр, тариалан, хадлангийн бүс гэж үнэ тогтоож, мөрдөж ирсэн. Нийслэлийн хувьд ганцхан үнэлгээ тогтоосон бөгөөд нэг га газар 440 сая төгрөг байсан. Өнгөрсөн хугацаанд Газрын тухай, Газар хувьчлалын тухай хуулийг батлан гаргасан.

Тиймээс үнийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан учраас шинээр үнэ тогтоож байгаа юм. Ингэхдээ хөдөө аж ахуйн газрыг 31 бүсэд хувааж, үнэ тогтоосон. Тухайлбал, алтайн уулархаг бүсийг дотор нь 10 орчим бүсэд хуваан нарийвчилсан. Ингэхдээ газрын үр шимтэй холбогдуулан үнийг тогтоосон. Мөн бэлчээр, хадлан, тариалангийн зориулалтаар өөр үнэ тогтоож байгаа юм. Улаанбаатар хотын газрыг 16 бүсэд хуваасан. Ингэхдээ төвийн буюу инженерийн шугам сүлжээтэй хэсэг, хотын зах гэсэн байдлаар хотын захаас төв рүү үнэ нь өссөн байдлаар хуваасан. 16 бүсээ 17 зориулалтаар газрын үнэлгээг тогтоосон. Тухайлбал, улсын төсвийн байгууллага газар авбал нэг үнэ, бизнес, барилга, орон сууц барих зориулалтаар авбал өөр үнэтэй байх юм. Хөдөө аж ахуйн зориулалттай газрын үнийг долоон жилд нэг удаа, Улаанбаатарын газрын үнийг хоёр жилд нэг удаа өөрчлөхөөр журамд тусгасан. Үүнтэй хамт Газрын үнэлгээний журмыг өөрчилж, үнэ тогтоохдоо хоёр жил орчим зах зээлийн судалгаа явуулж, орон нутгаас санал авсан. Тогтоолын төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Тэгээд дахин судлах шаардлагатай гэж үзэн зургаан сарын хугацаанд УИХ, Засгийн газар, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнийг тогтоосон. Үржил шим багатай газрын үнэ өмнөхөөсөө 2-3 дахин буурсан. Улаанбаатар хотын дэд бүтэц сайтай газруудын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Засгийн газрын тогтоолыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Тогтоолын төслийг хэрэгжүүлснээр газар жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орно.

-Иргэнд ямар нэгэн байдлаар дарамт учруулах эрсдэл бий юу?

-Иргэнд ямар нэгэн төлбөрийн дарамт учрахгүй. Харин бизнесийн зориулалтаар ашиглахад зориулж суурь үнийг тогтоож байгаа.

-Гадаадын иргэнд газар өмчлүүлэх боломж бүрдүүлэх нь гэх шүүмжлэл гарсан. Та энэ тухайд тайлбар өгнө үү? -Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Улс төр явж байна. Гадаадын иргэнд газар ашиглуулж болно. Тухайлбал, саяхан Замын-Үүдэд БНХАУ-д хоёр га газрыг 70 жилийн хугацаатай ашиглуулахаар болсон. Түүнээс биш өмчлүүлнэ гэсэн заалт хуульд байхгүй.

-Сургууль, цэцэрлэг барихын тулд газраа чөлөөлж буй айлын газрыг дээр дурдсан үнэлгээгээр тооцож авна гэсэн үг үү?

-Төсвийн байгууллага сургууль, цэцэрлэг барина гэвэл үнэ багатай. Улаанбаатар хотод төсвийн байгууллага зөвхөн албан хэрэгцээндээ газар авна эсвэл сургууль барина гэвэл нэг га нь 23600 төгрөг, хамгийн өндөр нь арьс ширний үйлдвэр барина гэвэл нэг га нь 1.4 сая төгрөгийн суурь үнэтэй. Үүний хооронд үнэ хэлбэлзэнэ. Энэ бол суурь үнэ. Уг үнийг хэлэлцээд нийслэлээс суурь үнийг тогтоож болно. Дуудлага худалдаа явуулаад ч шийдэж болно. Улаанбаатарын хувьд дэд бүтцэд холбогдсон, үйлчилгээндээ ойр газрын үнэ өндөр байна гэсэн үг.

-Улсын хэмжээнд борлуулагдааргүй хэчнээн орон сууц байна вэ. Үүнийг борлуулах талд яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотын утааг бууруулахтай холбоотой УИХ-ын тогтоолыг баталсан. Тогтоолд улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууцыг судлах, мөн бэлэн болсон борлуулагдаагүй орон сууцыг судалж борлуулах талаар арга хэмжээ авахаар тусгасан. Үүний дараа уг ажлыг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын тогтоол гаргасан. Үүний хүрээнд судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууц байна. Үүнээс Улаанбаатар хотод 59 мянга, хөдөө орон нутагт 12 мянган орон сууц барьж байна. Борлуулагдаагүй 6390 орон сууц бий. Улаанбаатарт байгаа борлуулагдаагүй орон сууцыг бизнес, энгийн, стандарт гэж ангилсан. Үүний дотор хамгийн хямдхан нь 1.6 сая төгрөгийн өртөгтэй, 2118 орон сууц байна. Эдгээр орон сууцыг эргэлтэд оруулах саналыг ярьж байна.

-Борлуулагдаагүй орон сууцыг төр худалдаж аваад, урьдчилгаа төлбөр, хүүгүйгээр төрийн албан хаагчдад олгоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, эрх зүйн үндэслэлээр төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох боломж бий. Үндсэн хууль, Төрийн албан хаагчийн тухай хуулиар төрийн албан хаагчийг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Үүний хүрээнд дээрх төрийн албан хаагчдын орон сууцны судалгааг гаргасан. Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч байна. Эдгээрийн зөвхөн 60 орчим мянга нь дэд бүтцэд холбогдсон орон сууцтай гэсэн тоо байна. Өнөөдрийн байдлаар орон сууцад орох хүсэлтэй 56 мянган төрийн албан хаагч байна. Тэдний хэрэгцээг хангахын тулд бэлэн буюу борлуулагдаагүй орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах талаар Засгийн газар ярилцаж байна. Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал хэрэгжүүлж болох хувилбар гэж үзэж байгаа юм.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)