Д.Баяртогтох: Монголын агаарын орон зайг 100 хувь хянадаг боллоо

ИНЕГ автомат, ажиглалтын ADSB системийг нэвтрүүлснээр Монгол Улсынхаа агаарын орон зайг 100 хувь хянах боломжтой боллоо. Энэ талаар ИНЕГ-ын Техник хангалт, новигацийн үйлчилгээний албаны дарга Д.БАЯРТОГТОХТОЙ ярилцлаа.

-Агаарын орон зайн автомат ажиллагааны систем нэвтрүүлсний ач холбогдол нь юу байх вэ. Энэ ажлыг хийх бэлтгэлийг хэрхэн хангав?

-Ажиглалтын радиолокаторын системийг ИНЕГ 2007 оноос хөгжүүлж эхэлсэн. Энэ ажлыг 2015 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсынхаа агаарын орон зайн 85 хүртэлх хувийг хянадаг болсон юм. Нислэгийн аюулгүй байдлыг хангахад системийн нөөц зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс сүүлийн үеийн хамгийн дэвшилтэт технологи болох 12 иж бүрдэл бүхий автомат, ажиглалтын ADS-B системийг нэвтрүүлэх ажлыг 2012 оноос эхэлсэн. Үүнийг мөн гурван үе шаттай хийж хэрэгжүүлснээр нийт нутаг дэвсгэрийн агаарын зайг ажиглаж хянах боломжтой болж байна. Энэ системийг ашигласнаар өмнөх радиолокаторын долоон системийг нөөцөөр бүрэн хангахаас гадна нислэгийн аюулгүй байдал маш өндөр төвшинд хүрч, системийн тасалдал гэдэг ойлголт үгүй болж байгаа юм. Монгол Улс олон улсын тавцанд нислэгийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цөөхөн орны нэг болж байна.

-Өнөөдрийн байдлаар манай агаарын орон зайг хэр ашиглаж чадаж байгаа вэ. энэ системийг хөгжүүлснээр ямар өөрчлөлт гарах бол?

-Автомат хамааралтай ажиглалтын энэ системээр Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагт хамаарах 6100 м-ээс дээш агаарын орон зайг хянаж байна гэсэн үг. Монголын аэроновигацийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны байдлыг харгалзаж гадаадын аэрокомпаниудын нислэг жилээс жилд өсч байна. Одоогийн байдлаар өдөрт 300-400 онгоц Монголын агаараар нислэг үйлддэг нь өмнөхөөс 4-5 дахин өссөн үзүүлэлт юм. Гадаадын аэролайнууд тухайн улс нислэгийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг тооцож үзээд “аюулгүй” гэж үзсэн тохиолдолд энэ чиглэлийг сонгож үйлчлүүлдэг.

-ADS-B системийг нэвтрүүлсэн Ази, Номхон далайн бүсийн цөөхөн улсын нэг нь манайх болж байгаа юм байна. Ер нь дэлхий нийтэд хэр нэвтэрсэн технологи юм бэ?

-Энэ бол олон жил туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд инженер техникийн ажилтнуудын ур чадвар, нислэгийн удирдагчийн мэдлэг боловсрол, тухайн улсын иргэний нисэхийн салбарт баримталж буй бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг систем л дээ. IP технологид суурилсан учраас үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Тиймээс үүнийг нэвтрүүлж ашиглаж байгаа улс орны тоо одоохондоо цөөхөн байна. Манай улс Азидаа анхдагч болж байгаа бол дэлхийн 10-аад улсад л ашигладаг. Үүнээс харахад Монгол Улс маань дэлхийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, тэргүүлэгчдийн эгнээнд явж байна гэж ойлгож болно. Зургаан жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж, ийм технологийг эзэмшиж ашиглаж байгаа инженер, техникийн ажилтан залуучуудаараа бид бахархаж байна. Энэ автомат, ажиглалтын системийн шалгуур үзүүлэлт гэж байдаг. Нисэхийн бүх үйл ажиллагаа, үйлдэл нь стандарттай, зөвшөөрөл авдаг тун нарийн ажил. Энэ бүх үзүүлэлт шаардлагыг давж байж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Тухайлбал, инженер техникийн ажилтны сургалт, системийн нөөц, сэлбэг хэрэгсэл, цахилгаан тэжээлийн болон программ хангамж гэхчилэн олон шалгуур үзүүлэлт байдаг юм. Үүнийг бид даван туулж чадсан.

-Удахгүй Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны томоохон буудлыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ системийг тэнд ч үргэлжлүүлэн ашиглах уу?

-ADS-B систем нь зөвхөн нэг аэропорт (нисэх буудал)-д зориулагдаагүй, Монгол Улсын агаарын орон зайд байгаа, нисч өнгөрөх агаарын бүх хөлөгт хамаарах технологи юм. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх буудалд бууж хөөрөх агаарын хөлгүүдийг ч хянаж чиглүүлнэ гэсэн үг.

-Аливаа системийг нэвтрүүлж, тоног төхөөрөмж суурилуулах нь нэг хэрэг. Гэтэл түүнийг ашиглах, ажиллуулах боловсон хүчин гэж маш чухал зүйл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Юуны өмнө тодорхой тооны багш-инженерийг үйлдвэрлэгч дээр сургаж бэлтгэсэн. Мөн үйлдвэрлэгчид манайд ирж сургалт явуулснаар мэргэжлийн өндөр төвшний хүмүүсийг сургалаа. ADS-B системийг нэвтрүүлэхийн тулд нислэгийн хөдөлгөөний удирдагч, мэдээллийн ажилтан зэрэг 109 мэргэжилтнийг сургалтад хамруулсан. Ингэснээр тэдний ажлын байранд тавигдах шаардлага ч өндөр болж байгаа юм. Тэднийг хөндлөнгийн хяналттай чанарын үнэлгээний комисс шалгаж, зөвшөөрөл олгосон байгаа. Түүнээс гадна нисэхийн салбарын ажлын соёл гэж бий. Үүнд суралцсан, өөрт ногдсон үүрэг даалгаврыг чанарын өндөр төвшинд хариуц­лагатайгаар хийж гүйцэтгэх чадварыг бүрэн эзэмшсэн хүмүүс л энэ ажлыг хийж байдаг юм. Ер нь аливаа тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл тасралтгүй явагдаж байдаг онцлогтой. Тиймээс түүнийг улам боловсронгуй болгох, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх гээд олон ажил байна.

-ADS-B гэдэг систем нь хаанахын технологи вэ. Системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бол?

-Энэ нь Испани улсын “Индра” компанийн систем бөгөөд нийт 12 иж бүрдэл бүхий автомат, ажиглалтын системийг нэвтрүүлэхэд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан. Түүнээс гадна суурилуулалт болон сургалтын зардлыг тооцвол багагүй хөрөнгө зориулсан. ADS-B системийг өнөөдрөөс эхлэн ашиглаж байгаатай уялдуулан агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хийгээд явж байна.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • h (103.111.68.3)

    2018-06-22

    h

  • (202.70.33.242)

    2018-06-22

    ishhhhhhhh yadryy setgelgeetei huuhed dee