Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Засгийн газрын өргөн мэдүүлсэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг нэгтгэн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан. Ингэснээр мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгохоор болсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ онд 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөг улсын төсвийн Халамжийн санд тусган баталсан. Харин 80 хувьд олгоход нийт 228 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар боллоо.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэн 80 хувийн хамрах хүрээг тогтоох юм. Дээрх 80 хувьд хамрагдах энэ онд шинээр төрсөн хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтээ гаргасны үндсэнд мөнгөн тэтгэмжээ авна. Цаашид хамрах хүрээг 80 хувиас бууруулахгүйгээр тооцож хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох эх үүсвэрийг ирэх оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгахаар боллоо. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, зөвхөн хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, цаашлаад хүүхэд бүрт олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)