Б.Баярцэнгэл: Үзэсгэлэнг зураачийн Буддаг хайсан туршилт гэж ойлгож болно

Аниргүйд хөгжим эгшиглүүлэх мэт “Самади” нэрт үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийгээд удаагүй байна. Зураач Б.Баярцэнгэлийн тус үзэсгэлэнгийн гол дүр нь Будда ч илэрхийлсэн агуулга, утга санаа нь хэдэн арван янз гэж тодорхойлж болно. Яг л энэ ертөнцөөс ямар нэгэн зүйл хайж байгаа мэт санагдах түүний үзэсгэлэнгээр зочилж цөөн хором ярилцсан юм. 

-“Самади” үзэсгэлэнгээ гаргах санаа хэзээ төрсөн бэ?

-Хэдэн жилийн өмнө дотнын найзаа алдсан юм. Цасан шуургатай үе таарч газар руу нь явахад нэг том Буддагийн хөшөө байдгийг олж харсан. Тухайн үед бидний хажуугаар автомашины олон цуваа өнгөрч, дотнын хэн нэгнээ тэр газар үлдээчихээд явж байгаа нь надад гунигтай санагдсан. Яг л хүмүүс хайртай нэгнээ бурханд хүргэж өгчихөөд яваа мэт. Сэтгэл санаа тааруухан байсан болоод ч тэр үү тэр байдлыг хараад их эмзэглэсэн. Түүнээс улбаалаад л “Бурхан гэж хаана байдаг юм бэ. Хэн нэгэн харж байсан юм уу” гэсэн асуултыг өөртөө тавьсан. Үүнээс шалтгаалан анхны Буддагийн дүрийг хоёр жилийн өмнө зурсан юм. Түүнээс хойш бүтээсэн бүтээлүүдээрээ “Самади” үзэсгэлэнгээ гаргалаа. Самади гэдэг нь бясалгалын нэг төрөл. Хүн бясалгал хийх тусам самадид ордог. Өөрөөр хэлбэл, нэг зүйлд төвлөрдөг гэсэн үг. Нарийн судалбал самади дотроо олон үе шаттай. Уран бүтээлчид ч тодорхой хэмжээгээр самадид ордог. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнг залуу зураачийн буддаг хайсан туршилтууд гэж ойлгож болно.

-Та хайсан зүйлээ олсон уу?

-Олон зураг зурсны эцэст миний хайж байсан зүйл нь хүн гэдгийг ойлгосон. Шашин бол их хүч юм. Тиймээс бид шашныг маш гүн судалж, ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь тэр бүгдээс өөрийгөө олох нь чухал юм. Эхлээд өөрийнхөө мөн чанарыг ухаарсан хүн шашны талаар ойлгох боломжтойг мэдсэн.

 

-Бурхны дүрийг бүтээх нарийн дэг жаягтай байдаг. Хамгийн сүүлд мэлмийг нь нээдэг. Энэ ёсоор та зургаа зурсан уу?

-Зургуудаа нарийн дэгээр зураагүй. Буддагийн дүрийг зурахдаа хүн зурж байна гэж л төсөөлсөн. Зарим Буддагийн мэлмийг нээлттэй зураагүйн шалтгаан нь “Энэ бол бид юм” гэсэн санааг гаргахыг хүссэн юм. Бид аливаа зүйлийг ухаарч ойлгохоороо мэлмийгээ аньдаг. Өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгон ухаарч, зөөлөн сэтгэлтэй болдог. Бас уужуу тайван болж, хүн муулахаас эхлээд хэрэггүй зүйлээс ангижирдаг.

-Уран бүтээлийн сэдвээ ихэнхдээ юунаас, хаанаас авдаг вэ?

-Энгийн зүйлсээс авдаг. Хийдийн хажуугаар өнгөрөхдөө бурхны дүрийг хараад бүтээлийн санаа төрсөн. 86 настай өвөө өвдөг нь өвддөг ч бурханд сунаж мөргөж байгаагаас бүтээлийн сэдвээ олдог.

-Таныг дүрслэх урлагт дурлуулсан хүн хэн байв?

-Багадаа зураг зурах дуртай байсан. Энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн хүн нь ээж минь. Би зургаан настайдаа ээжтэйгээ анх хотод орж ирж байсан. Сургуульд орох гээд хичээлийнхээ хэрэглэлийг бэлтгэхээр ирэхэд ээж минь надад анх удаа галерей үзүүлсэн. Тэр надад маш гүн сэтгэгдэл төрүүлж, түүнээс хойш би мөрөөдөлтэй болсон.

-Мөрөөдлөө биелүүлж амжсан уу. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш олон туршилт хийж байна. Цаашид ч хийх байх. Хэн нэгэн “Амьдралд хэцүү зүйл тохиолдвол аялж зугаал, ямар нэгэн сайн сайхан зүйл тохиолдохгүй бол аял. Мөн сайхан үйл явдал тохиолдвол аял” гэж хэлсэн байдаг. Тиймээс нэг хэв шинжид автахгүйн тулд үзэсгэлэнгийнхээ дараа аялалд гарахаар төлөвлөөд байна.

 

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)