Улаан лоолийг гэрийн нөхцөлд хэрхэн тарих вэ?

Бяцхан түүх дурьдахад, Америк тивийн Перу улсад одоогоос 400 гаруй жилийн тэртээ анх улаан лоолийг нээж, хоол хүнсэнд хэрэглэх болсон гэдэг. Харин испаничууд Америк тивийг нээснээр улаан лоолийг далайгаар тээвэрлэн Европ тивд авчирч тарималжуулсан түүхтэй юм байна. Тиймээс сайн ургадаг бас өргөн хэрэглэгддэгээр нь улаан лоолийг гэрийн нөхцөлд хэрхэн тарьж болох талаар танилцуулъя. 
Хөрс талбайг бордох:

-Шимт бордоо, сайн ялзарсан бууц болон шувууны сангас, ясны үнс, өндөгний хальсыг нунтаглаж хөрсөө бордоно. Ингэхдээ 1-2 см зузаантайгаар нэг метр.кв талбайд хоёр кг бууц цацаж бордоод 25 см гүн хагалж боловсруулалт хийнэ. Хөрсний хувьд дан хар шороо биш элс холих нь сайн, хөрсийг сийрэгжүүлж өгнө.

Үрсэлгээ хийх:

-Дөрөвдүгээр сарын эхээр улаан лоолийн үрийг модон эсвэл хуванцар сав, жижиг гялгар уутанд ч суулгаж болно. Үрийг +20, +30 градусын бүлээн усанд 30-40 минут байлгасны дараа уснаас гаргаж, шүүж, нойтон буюу сийрэг даавуунд боож +20, +30 градусын дулаан газар 2-3 хоног байлгаж хөөж соёолсоны дараа шороонд үрээ суулгаж соёолуулна. Үрслүүрийг суулгасан өдөртөө багтаан ханатал услаад хэд хоногийн дараа хөрсийг сийрэгжүүлж цааш өдөр тутам хөрсний зөвхөн өнгөн хэсгийг дэвтээх байдлаар чийглэж 7-8 хоногийн дараа хоёр дахь удаагаа сайн усална. Нойтон шороонд үрээ 1.5-2 см гүнд суулгана. Тарьсанаас хойш 3-4 хоногт анхны навч цухуйна. Энэ хугацаанд байрны дулааныг өдөртөө 20+25 градус шөнөдөө +18 градус байлгана. Энэ үед нь зөөлөн шүршиж услах нь тохиромжтой.

Усалгааны дараа 2-3 хоноод хөрсний өрөмтсөн өнгөн хэсгийг самнаж сийрүүлнэ. Хөрсний бүтцийн хувьд тавин хувь нь шигшсэн хар шороо, гучин хувь нь хонины бууц, адууны хомоол, хорин хувь нь үр тарианы лайн орсон холимог хөрс бэлтгээд үрээ нэг ижил гүнд суулгах хэрэгтэй. Үрслэгээний ургалтын явцад хамгийн түрүүнд хөрс сийрэг, гэрэл болон дулаан хангалттай сайн эсэх, усны дутагдалд орсон эсэхийг шалгаж өрөмтөхөөс сэргийлэх шаардлагатай.

Үрсэлгээ суулгах:

-Үрслүүр суулгац 15-25 см ургаж салаа мөчрүүдэд цэцгийн бундуу сууж цэцэглэх үед буюу 5-6 ширхэг жинхэнэ навчтай болоход үрсэлгээгээ савнаас нь гаргаж, урьдаар хонхойлгон нүхэлсэн газарт эсвэл хүлэмжиңд шилжүүлж суулгана. Иш, үндсийг хугалж гэмтээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тариалах явцад хамгийн чухал ажлын нэг бол гол ишээ зөөлөн уяагаар ороож, дээш нь татаж уях. Ийм сойлтыг хийхдээ хоёр метрийн урттай модыг 70 см зайтай зоож бэхлээд хооронд нь хорин см үечилсэн бүслүүр маягаар ороон нарийн утаснууд бэхэлж өгөх хэрэгтэй. Суулгац шилжүүлсэний дараа усалгаа сайн хийх хэрэгтэй бөгөөд 2-3 хоногт нэг удаа өрөмтсөн хөрсийг 3-4 см хэртэй гүн сийрүүлж өгөх хэрэгтэй.

Арчилгаа:

-Улаан лоолийг ургуулах явцад хамгийн гол арчилгаа нь олон салаалсан суганы навчийг түүх, мөн оройн нахиаг хоёр метр, ишний тоог 18-20 болоход тасдаж авч байх явдал. Суганы навчийг үрслэг суулгаснаас хойш арав хоногийн дараагаас авч эхэлнэ. Харин салаа ишнүүдээс ургасан суганы навчийг жимс өгч эхэлснээс хойш авах хэрэгтэй. Гол иш болон хажуугийн салаа мөчрийн хооронд ургасан илүү салаа нахиаг тасална. Тайралтыг өглөө эрт хийх нь хялбар байдаг. 15 хоног хүртэл идэвхитэй ургадаг навчийг авахдаа багажаар бус зөвхөн гараар тасдаж аваарай. Лоолийн ургалтын хугацаанд 2-3 удаа хонь адууны баас, фосфор, кали, азотын холимог шингэн уусмалаар бордоход ургац сайжирна.

Усалгаа:

-Улаан лооль цэцэглэж жимсэлж буй үедээ ус нэлээд сайн шаарддаг тул усаар сойхгүй эсвэл хэтрүүлэхгүй маш нарийн хуваарьтай усалгааг хийх бөгөөд цаг уурын дулаан хөрсний чийг зэргийг харгалзан усална. Усалгааг гар аргаар хийж болдог. Намрын хучилга эсвэл гялгар уутан доогуур нарийн услалтын шланк дэвсэж усалгаа хийнэ. Долоо хоногт 1-2 удаа усалж байх шаардлагатай. Хэт их усалж болохгүй. Хамгийн гол нь агаар дулааныг зохистой түвшинд барьж байх хэрэгтэй. Хэт халуун бол навч хатаж үхдэг бол хүйтэнд ургалт нь удааширдаг. Улаан лооль нь бусад ногоог бодвол арчилгаа их шаардсан ургамал юм.

Улаан лоолийн цэцгийн тоос хүртээх:

-Лоолийн эр эм цэцэг нэг дор /оройд/ байрлах учир ид цэцэглэж эхлэх үед зохиомлоор тоос хүртээж болно. Үүнд, цэцэгтэй мөчрүүдийг ямар нэг алчуур, даавуу, өвсөн шүүр мэтээр зөөлхөн хөөж дэлсэхэд тоос нь хийсэн тархаж биендээ хүртээнэ.

Хортон шавжаас хамгаалах:

-Улаан лооль нь амархан хорхойтдог. Иймд хортон шавжнаас хамгаалахын тулд шавжийг устгах үйлчлэлтэй уусмал бэлтгэх хэрэгтэй. Үүнд, 200 грамм сармисны хумсыг жижиглэн хэрчээд арван литр усанд хийж 5-6 минут хэртэй байлгасны дараа тэр даруйдаа шүршиж хэрэглээрэй. Үүнийг хоёр долоо хоногт хоёр удаа, нийтдээ дөрвөн удаа давтан хийнэ. Мөн улаан лоолийн навчны шороог цэвэрлээд жижиглэж хэрчин 40-50 граммыг арван литр усанд хийж 30-40 минут хэртэй зөөлөн гал дээр тавьж идээшүүл. Ийм аргаар бэлтгэсэн улаан лоолийн уусмал, тамхины уусмалаар цагаан эрвээхэй, бүхэг, хивж шүлст, хачиг зэрэг шавьжийг устгаж болно.


Ургац хураалт:

-Түрүүчийн улайсан жимсийг түүвэрлэн хураахаас гадна хальс нь зөөлөрч шаргал ягаан алагласан өнгө суусан лоолийг хурааж, модон болон цаасан хайрцаг саванд савлаж +22, +25 хэмийн дулаан байранд хадгалахад түргэн улайна. Хэрэв ногооноор нь хураах шаардлага гарвал шилэн дарлага, хүлэмж болон модон хайрцагны ёроолд хуурай өвс, сүрэл, эсгий, дэрс мэтийн аль нэгийг дэвсэж дээр нь хоёр давхар үелүүлэн ногоон лоолиудаа хийж сайн дулаалбал улайна. Хэрэв улаан лоолийг хурдан томруулахыг хүсвэл цэцгийг цөөлж таналт хийвэл үлдсэн лооль хурдан томорно.Улаан лооль тарьснаас хойш 70-90 хоногийн дараа үр жимсээ өгдөг. Манайх нэг ишнээс дунджаар хориод ширхэг буюу 2-3 кг ургац авдаг. Нэг иш гурван удаа л ургац өгдөг. Түүнээс олон удаа ургац өгч чаддаггүй учир бут ишийг шинэчлэх хэрэгтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.218.156)

    2018-09-14

    бөөн арчилгаа шаардан ажил болчихоод цөөхөн хэдхэн жижэг лооль өгчихөөд үхчихдэг юм шүү.Гэрийн нөхцөлд БҮҮ тарь!!!!