Дэлхийн аварга хүлэг дуутай боллоо

Наадмын өдрүүд тохиож буй хур бороо тэгширсэн энэ цаг үед нэгэн шинэ дуу, сайхан клип төрөн гарсаныг уншигч та бүхэндээ хүргэхэд таатай байна. “Mongolian Saturday” гэх энэ дууны үгийг Хурдын “Эх орон”, “Аавдаа би хайртай” зэрэг дуунуудын үгийг бичиж байсан яруу найрагч Х.Чилаажав, аяыг Д.Жаргалсайхан бичиж, Чингисийн Жагаа буюу МУГЖ Д.Жаргалсайхан дуулсан байна. Харин клипэнд Монголын тайз, дэлгэцийн нэртэй жүжигчид болох П.Цэрэндагва, А.Цэгмид нар тоглосон нь уяач болоод хурдан мориндоо хайртай бид бүгдийн зүрхэнд хөг эгшиг нэмж омогшил бахархалыг түрүүлэх сайхан бүтээл болжээ.

Моринд хайртай хүн бүхэн энэ дууг сонсож, дэлхийн хурдан хүлгүүд дундаас нь хурд хүчээрээ тодрон цойлж гарч ирсэн Монголиан Сатэдэй болон Монгол уяачийн талаарх энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг цааш улам түгээхийг хүсье.

Үеийн үед өвлөгдөх Монгол уяачдын ур ухаан дэлхийн тавцанд гарсан нь буюу “Mongolian Saturday” дэлхийн аварга болсон түүх

Хурдан морины уралдаан бол Монгол ард түмний эрт дээр үеэсээ үзэн баясаж ирсэн зүйл. Морины тухай сайхан дуу, кино, домог яриа байдаг нь бидний хувьд хүндэлж хайрладаг сайхан амьтан гэдгийн ч баталгаа болж өгдөг билээ. Нэгээхэн үе бид Монгол адуу үндэсний баяр наадмаар л уралддаг, гадаадын тэмцээнүүдэд амжилт үзүүлж байсан удаа байхгүй гэж ярилцаж явсан юм. Гэхдээ тэр бол хэсэгхэн хугацаанд шүү. Харин та бүхэнд Монгол адуутай холбоотой дахин нэгэн гайхалтай түүхийг өгүүле. Энэ бол морь сонирхогч, уяач, унаач хүн бүхний хувьд үеийн үед дурсах ёстой сэтгэл хөдлөм түүх юм.

АНУ-ын Кентаки муж, Лексингтон хот. Барилга байгууламж бүрийнх нь үүдэнд шахуу морины хөшөө дүрс байрлах нь энэ хотод морины спорт ямар өндөр төвшинд хөгжсөнийг илтгэнэ. 2015 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэлхийн хамаг л шилдэг гэсэн хурдан хүлгүүд энэ хотод цугларч, “Breeders’ Cup World Championships” буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.

Тэр өдөр Монголчуудын ялалтаар төгсөнө гэсэн бодол хэний ч санаанд орж ирээгүй байх. Учир нь сүүлийн 32 жилийн түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд Ази тивээс түрүү авсан тохиолдол гараагүй юм. Гэвч Монголоор овоглосон нэгэн хурдан хүлэг бүх шинжээчдийн таамгийг будлиулсан нь Монгол улсын алдарт уяач, олон улсын трэйнер Э.Ганбатын сойсон, 14 дугаартай “Mongolian Saturday” хүлэг байлаа. Хэн ч төсөөлөөгүй байсан уралдааны өдрийн өглөө уяач маань Монголчуудын морь түрүүлнэ гэдэгт 100 хувь найдаж байсан гэдэг.

“Breeders’ Cup” бол дэлхийн хурдан морины хамгийн нэр хүндтэй, чансаа өндөртэй тэмцээнүүдийн нэг. Нийт 13 ангилалтай. Энэхүү уралдаанд оролцох хүлэг том амжилт гаргасан байх ёстой байдаг. Монголиан Сатэдэй маань өнгөрсөн жил нь хоёр ч өндөр зэрэглэлийн уралдаанд түрүүлсэн нь энэ том уралдаанд орох замыг нээжээ.

Уралдааны өмнөх өдөр нь зохион байгуулагчид нэгдсэн журмаар уралдааны бүх морийг аваад явсан байлаа. Энэ нь элдэв будлиан оруулахгүй гэж хамгийн шударга, нэгдсэн байдлаар авч явдаг бөгөөд энэ үед ирээдүйн бооцоот уралдаануудад зориулж сурталчилгааны зураг авахуулдаг ажээ.

Энэ төрлийн уралдаан хоромхон зуур болж өнгөрдөг тул сэтгэл хөдлөл, сандрал, догдлол гээд бүх зүйлийг дээд цэгт нь хүргэж орхидог талтай. Дэлхийн шилдэг гэсэн 14 хүлэг уралддаг энэ уралдаанд оролцдог нь нэр хүндийн асуудал байтал түрүүлнэ гэдэг бол уяач хүний болоод унаачийн хувьд жинхэнэ мөрөөдөл биелсэн торгон агшин билээ. Түрүүлэх агшинд ийм амжилтыг төсөөлөөгүй байсан тайлбарлагч нар “Монгол уяач, Франц унаач хамтдаа гайхалтай түүхийг бүтээж чадлаа” хэмээн тодотгож байсан юм.

Уяач трэйнер Э.Ганбат уралдааны дараа “Монгол хүний хувьд, энэ том уралдаанд оролцоно гэдэг бол миний хувь том мөрөөдөл. Би түүнийг сайн уралдаж чадна гэдгийг мэдэж байсан. Тэр үнэхээр маш сайн байсан. Бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялах гэж ирсэн, тэгээд бид чадсан” хэмжээн сэтгэл хөдлөн ярьсан байдаг. Үүний зэрэгцээ бид Монгол уяачийн нэрийг дэлхийн тавцанд гарахад тусалсан Франц унаач Флоран Геруд талархах ёстой. Тэр маш чадварлагаар морийг залж байснаас гадна уралдааны үеэр цэнхэр өнгөтэй, дээрээ соёмботой цамц өмссөн нь яг л морь унаач Монгол хүүхэд шиг байсан гэж тэнд очсон Монголчууд өхөөрдөж, талархан дурсаж байсан юм. Сонирхуулахад, иймэрхүү том уралдаанууд дээр орон тооны мэргэшсэн унаач нар байдаг. Уяач нь өрөө унаачаа сонгох ба унасан морь нь түрүүлэх юм бол бай шагналынх нь 10 хувийг авдаг ажээ. Уяач, эзэн маань ч унаачаа сонгохдоо нүдтэй байж, шавилхан биетэй Франц залууг сонгон уралдуулсан нь жинхэнэ нүдээ олсон хэрэг байлаа.

Монгол уяачийн морь анх удаа түрүүлсэнд өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэхээр уралдааны зохион байгуулах комиссын дарга Барри Вейсборд хүрэлцэн ирснээс гадна, морин уралдааны тайлбарлагч “Энэ бямба гараг жинхэнэ утгаараа Монголынх байлаа. Кийнландын энгийн бямба гарагуудыг эвдсэн олон улсын бямба гарагийг тэд авчирлаа” гэж хэлж байсан юм.

Монгол уяачийн хувьд дэлхийн том уралдаанд оролцох үүд хаалгыг өөрөө нээж орно гэдэг туйлын амаргүй даваа байсан нь мэдээж. Асар их хөрөнгө, хүч хөдөлмөр, зориг үүнд шаардсанаас гадна уяач хүнээс бүх төрлийн чадварыг шаардсан хүн ажил байлаа. Гэхдээ л энэ бүхний эцэст олон улсад Монгол уяачийн нэрийг гаргаж, хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)