“Монгол-Японы бизнес форум”-оор олон чухал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

Япон Улсын Токио хотноо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Гадаад харилцааны яам, Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Экспорт олон улсын худалдааны төв хамтран "Монгол-Японы бизнес форум"-ыг 2018 оны 6-р сарын 24-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах, экспортын зах зээлийг бий болгоход тулгамдаж буй асуудлыг шийдэх гадаад зах зээл дээр экспортын боломжит бүтээгдэхүүнийг таниулах, маркетинг хийх, Монгол Улсаас Япон Улс руу хийх экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх" зэрэг зорилтыг хангахад чиглэсэн юм.

Форумд Японы талаас тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Жижиг, дунд бизнесийг дэмжих төв тэргүүтэй 120 гаруй бизнес эрхлэгчид, Монголын талаас 15 байгууллага, тэдгээрийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг нээж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Д.Батжаргал, Япон Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаад худалдааны газрын дарга Акахи болон зохион байгуулагчдыг төлөөлөн ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал, Экспорт олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай нар үг хэлсэн.

        Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал “Монгол Улсын бизнесийн орчин, жижиг, дунд бизнесийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, Япон Улстай хамтран ажиллах боломжууд” сэдвээр илтгэл тавьж, Япон улсын бизнес эрхлэгчдийг салбарын бодит мэдээллээр хангалаа. Мөн Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж, Экспорт олон улсын худалдааны төв, “Монос” групп, “Марал Дизайн”, Спирит оф Натур зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын ноос ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, тээвэр зууч, ажиллах хүч зуучлалын чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрсдийн нөөц боломж, чадавх, онцлог давуу талыг танилцуулсан.

"Монгол-Японы бизнес форум"-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг экспортод гаргахад бодит үр дүнгээ өгөхүйц хамтын ажиллагааны эхлэлийг тавьсныг онцлон тэмдэглэж байна. Үүнд,

  • Монголын талын төлөөлөгчдийг Кавасаки хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Осамицу Ямада тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд талууд хамтран ажиллах санамж бичиг үсэглэлээ.
  • Форумын оролцогч арьсан цүнх, түрийвч үйлдвэрлэгч “Марал Дизайн” ХХК нь 50 жилийн түүхт "Kawano Japan" компанитай хамтран Япон стандартын дагуу үйлдвэрлэсэн арьсан цүнх, түрийвчийг экспортлохоор тохиролцсон юм.
  • Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Спирит оф Натур” компани Япон улсын шилдгийн шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны төвөөр зочилж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа хийсэн төдийгүй өөрийн бүтээгдэхүүний орц найрлагийг Япон Улсын шинжилгээний лабораториор шинжлүүлэхээр боллоо.
  • Монос групп өөрийн бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээл дээр худалдан борлуулах гэрээ хийлээ.
  • Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ биржийн  хувьчлалыг сонирхогч хөрөнгө оруулалтын компанитай уулзаж, хамтран ажиллах эхний алхам хийлээ.  
  • Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс цаашид Японы зах зээл дээр хөнгөн үйлдвэрийн дэд салбаруудыг таниулах, сурталчлах ажлыг үе шаттай, төлөвлөгөөтэй зохион байгуулахаар болж, эхний ажлаа ирэх 9 дүгээр сард арьс ширний салбарын байгууллагуудтай уулзалт хийхээр товлосон юм. 

Ийнхүү олон чухал, үр нөлөөтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан "Монгол-Японы бизнес форум" амжилттай болж өндөрлөлөө. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)