Цэцэрлэгийн цахим бүртгэл нөгөөдөр эхэлнэ

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-ны 09.00 цагаас наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилд 222 төрийн өмчийн, 450 төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт 113845 хүүхэд(төрийн өмчийн цэцэрлэгт 83249, төрийн бус өмчийн цэцэрлэгт 30596) хамрагдаж хамран сургалтын хувь 0.2-аар өсөж 77.8 хувьд хүрэх урьдчилсан дүнтэй.

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэх 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бол энэ хичээлийн жилд 2-5 насны шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа болон өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт элсэж орсон 3-5 настай нийт хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болсон нь онцлог юм.

Төрийн өмчийн 222 цэцэрлэгийн 213 нь шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулж 24 цагийн үйл ажиллагаатай, сувиллын болон тусгай хэв шинжийн цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг уламжлалт аргаар зохион байгуулна.

“Бүртгэлийн баталгаажилт”, “Цахим, бүртгэл, элсэлт” хэрхэн явагдах вэ?

1. Өмнөх хичээлийн жилүүдэд цэцэрлэгт элссэн 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем tsetserleg.ulaanbaatar.mn-д бүртгэлтэй эсэхийг шалгаж, баталгаажуулна. Баталгаажуулахдаа хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд холбогдох гар утасны дугаараа оруулан “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Уг бүртгэлийн дугаарыг системд оруулснаар баталгаажна. Бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

2. 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд хүүхдийн болон оршин суугаа хаяг, цэцэрлэгийн дугаар зэрэг мэдээллийг авч үнэн зөв эсэхийг шалгана. Үүний дараа гар утасны дугаараа оруулж “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Ирсэн бүртгэлийн дугаарыг “Код бичих” хэсэгт бичиж, “Бүртгэл баталгаажуулах” товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр 09:00 цагаас наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

“Цахим бүртгэл” дууссаны дараа хэрвээ шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулна.

3. “Цахим бүртгэл” дууссаны дараа хэрвээ шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулна. “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээх юм.

4. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн, бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд;

5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тухайн цэцэрлэг дээр тус тус зохион байгуулагдана.

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;

Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;

Заавар:

Нэвтрэх нэр: Энэ хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

Нууц үг: Энэ хэсэгт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд таны гар утсанд очсон 5 оронтой бүртгэлийн дугаарыг хийж цэцэрлэгийн аппликэйшнд нэвтрэн орж, таны хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг ШАЛГАЖ болно.

Энэхүү аппликэйшнийг та бүхэн гар утсандаа татаж ашигласнаар дараах мэдээллийг өдөр тутамдаа авах боломжтой. Үүнд:

Төрийн өмчийн цэцэрлэгийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл;
Сургалтын хөтөлбөр, багшийн тухайн өдөр заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг контент хэлбэрээр;
Цэцэрлэгийн тухайн 7 хоногийн хоолны цэс, илчлэгийн мэдээлэл;
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн танилцуулга мэдээлэл;
Эцэг эх, асран хамгаалагчид утсаар холбогдож бүлгийн багшаас чөлөө авдаг байсан бол энэхүү аппликэйшнийг ашиглан чөлөөний хүсэлтийг илгээж болно.

Тус аппликейшн цахим бүртгэл дуусаж, цахим элсэлт эхлэхийн өмнө идэвхжих болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)