Их бүтээн байгуулалтын үед баригдсан Монголдоо анхны, Азид гуравт орох нисэх буудлыг "Бурхан гуйсан ч бүү өг"

Нисэхийнхний сэтгэл оршсон буудлыг бурхан гуйсанч бүү өг

Аливаа улс орны нийслэл хотын нүүр царай, өнгө төрх нисэх буудлаасаа эхэлдэг. Их бүтээн байгуулалтын үед баригдсан Монголдоо анхны, Азид гуравт орох нисэх буудлыг эх орны нүүр царай болгон өнөөг хүргэхэд Монголын агаарын тээвэрчдийн асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө, хөлс шингэсэн юм. Нисэхийн үе үеийн нисгэгч, инженер техникч, нислэгийн хөтөч/удирдагч/, диспетчер, нисэх буудлын үйлчилгээний мэргэжилтнүүдийн сэтгэл оршсон энэ нисэх буудлыг "Бурхан гуйсан ч бүү өг" гэж хэлэх байна. Агаарын тээвэр дэх бүтээн байгуулалт, 90 гаруй жилийн түүхэн замнал, амар хялбаргүй хөгжил тэмцлийн бодит жишээг илтгэсэн, хойч үедээ үлдээсэн бахархалт газар нь улсын онцгой обьект "Чингис хаан" олон улсын нисэх буудал /ОУНБ/, нислэгийн аэродром /зурвас/ гэж үзэж ирсэн юм. Эх орны хөгжил, хэтийн төлөв, иргэний нисэхийн олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, ИНЕГ-ын санал санаачилгаар Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал байгуулж, зорчигч олонд үйлчлэх өдөр ойртсоор. Үүнтэй холбоотойгоор ОУНБ-ын талаар хэлэлцүүлэг хийж байна.

Саяхан "Ийгл" телевизээр хийсэн хэлэлцүүлэгийн үеэр хэлсэн барилгын салбарын удирдах ажилтны байр суурийг сонсч байхад ОУНБ-ын нислэгийн талбайд орон сууц барих юм гэнэ. Өндөр үнэ өртгөөр, чанарын өндөр түвшинд хийсэн Монгол Улсын анхны нислэгийн энэ талбайгаас өөр газаргүй болсон гэж үү. Нисэхийн гэр хороолол, Морингийн даваа, Алтанбулаг хүртэл өргөн уудам нутаг гээд орон сууц барих газар олон. Харин түүх болгон хадгалсан хүндэт газар ховор. Тэд дархан цаазат Богдхан уул, ая дуунд мөнхөрсөн Хатан туулыг эзэнгүйдүүлж барилга барьсан шигээ стратегийн тусгай обьект нислэгийн зурвасыг эзэнгүйдүүлэх, хүчээр далайлгах гэсэн санаархлаа нуусангүй. Олон түмний яриаг сонсч явахад ямар нэгэн аргаар ашгийг нь хүртэж, амар хялбар аргаар баяжихыг хүсэгчид байгаа бололтой. Үүнтэй холбоотой гэх нь юу юм бэ, нэгэн дурсамж бодолд орж ирэв. Дорноговь аймгийн нисэх буудал Замын-Үүдийг чөлөөт бүс болгох хуулийг хэлэлцэж байх үед Замын-Үүдийг баруун бүс нутаг, Эрхүү, Чита, Улаан-Үд хоттой холбосон аэродром байгуулах саналаа 2002 оны арваннэгдүгээр сард төр засагт албан ёсоор явуулахад ямар нэгэн хариу ирүүлэлгүй таг болж билээ. Хожим сонсоход бидэнд дэмжлэг үзүүлэх өндөр албаны нөхдийн нэг нь хотын төвд хувийн орд харш барих их ажил нь таарч бидний саналыг тоож харах завгүй байсан бололтой. Ингэж хувийн эрх мэдлийг дээгүүр үздэг нөхөд тэр үед элбэг болсны нэг жишээ энэ юм. Гэтэл одоо стратегийн чухал ач холбогдолтой Замын-Үүдэд бид нисэх буудал, аэродромгүй л байна. Манай бизнес эрхпэгчдэд учирдаг бэрхшээл хэвээрээ л байна.

Бүтээн байгуулсан бүхэн үнэт зүйл байдаг. Нийслэл хотдоо ойр, олон улсын болон хот хооронд нислэг хийх нисэх буудал энэ хэвээрээ давхар ажиллаж болохгүй гэж үү. Харин ч агаарын тээвэрт өрсөлдөөн бий болж, улам илүү хөгжих боломж гарч, үнэ тариф, үйлчилгээний хөлс хямдарч, дотоод, гадаадад зорчих хүний тоо өсч, улсад ач тусаа өгөн, улсын минь нэр хүнд олон улсад өснө гэж боддог юм. Одоо ашиглаж байгаа ОУНБ шиг ийм хэмжээний буудал ахин байгуулна гэвэл асар их зардал гарна. Нисэх отряд/Нийслэл хотын олон улсын буудал байсан үе/ 1980 оны эцэс гэхэд хот хооронд 500 мянга шахам зорчигч тээвэрлэж, оргил үедээ хот хооронд 50 гаруй нислэг үйлдэж /аймаг бүрт 2-3 онгоц, суурин бүрт 1 онгоц очино/, 2.7 сая га газарт авиа химийн ажил гүйцэтгэж, 200 гаруй агаарын хөлгийн нислэг удирдаж, хамгийн эрсдэл өндөр энэ үед зорчигч олны аюулгүй байдлыг найдвартай хангасан 10 жил байлаа. Үүнийг дурдсаны учир нь ОУНБ-аа түшиглэн, өрсөлдөөнийг бий болгооч гэх гэсэн юм. Агаарын тээвэрт өрсөлдөөн үгүйлэгдсэн хэвээр байна. Өрсөлдөөнд зах зээлийн шуурга сөрж гарч чадах цөөн хэдэн компани, олон улсын шаардлага хангасан хэд хэдэн нисэх буудал, нислэгийн зурвастай болж, нислэгийн тогтмолжилтийг хангаснаар жинхэнэ өрсөлдөөн ундарна гэж боддог. Манай орон өргөн уудам газар нутагтай. Аймаг сум алслагдсан, хот суурин олигтой хөгжөөгүй ядуу орны ард иргэд бидэнд агаарын тээврийн хэрэгцээ их. Харин тэдний сарын орлого нь туйлын бага. Гачигдал зовлон их гарна. Хүн ард маань өнгөрсөн үеийн туршлагыг санаж, ОУНБ-аа түшиглэн, хөнгөн онгоцтой, хот хөдөө, сум суурин газраа холбосон, өртөг зардал уян хатан буудалтай байхыг хүсдэг болжээ. Манайд ОУНБ маань нисэх буудлуудыг удирдах газар болж, Нисэх отряд оюутан тээврийн үед зардлыг нь хямдруулдаг, хямдралтай тарифаар ачаа тээвэрлэдэг байлаа. Энэ үеийг судлаад байвал агаарын тээвэрт монголын үндэсний гэх сайн менежмент байсан юм шүү. Улстөржилт гэж бараг байгаагүй дээ. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр ард олон маань эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газраар аялах хүсэл эрмэлзэл их болж байна.Тэд Эрхүү, Улаан-Үд, Хөлөнбуйр зэрэг хөрш орны хотод аялах цаг хугацаа хэмнэсэн ая тухтай үйлчилгээтэй агаарын хөлгийг хүсэх болсон. Хот, аймаг, сум хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд цаг алдахгүй яаралтай хүргэхэд хотдоо ойр нисэх буудлаа ашиглахад аль аль талдаа ашигтай гэж тооцож байгаа л даа.

ОУНБ стратегийн ач холбогдлоо хэвээр хадгалж, батлан хамгаалах зориулалтын тусгай үүргийн нислэг болон авиа химийн, онцгой байдлын бэлэн байдал, тохиолдож болох аливаа эрсдэлийг арилгах, нислэгийн дадлага сургуулилтыг байнгын болгоход Буянт-Ухаагийн нислэгийн талбайг ашиглаж болно. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд Хөшигийн хөндийн нисэх буудал маань нөөц аэродромтой байх шаардлагатай. Нөөц аэродромын нэг нь "Чингис хаан"ОУНБ, нислэгийн зурвас орно. Ач холбогдлын хувьд бусдаасаа илүү, аялал жуулчлал, зочин төлөөлөгчдийг үндэсний хоол ундаар дайлж, монгол ёс заншлаа таниулах, шаардлагатай үед уулзалт, хурал зөвлөгөөн хийх бүрэн боломжтой. Манай нөөц аэродром бүхэнд ийм боломж, бололцоо тааруу шүү дээ.

Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрынхан одоогийн бааздаа түшиглэн нисэх онгоцны үйлдвэрлэл, гадаад орны нисэх онгоцны захиалгат засвар үйлчилгээ хийх, газар дээр болон агаарт шалгалтын нислэг хийхэд одоогийн нислэгийн зурвас, онгоцны талбайгаа ашиглана гэсэн үг. Энэ нь зардал төсвийг хэмнэх боломжтой. Төр засаг дэмжвэл Монгол Улсад иргэний нисэхийн олон улсын зэрэглэлтэй дотоод гадаадын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх академи, сургалтын төвүүдийг нэгтгэсэн сургалт үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулах боломжгүй гэж үү. Бидэнд "Чингис хаан" ОУНБ, барилга байгууламж, тоног төхөөрөмж, сайн чанарын аэродром, сургалтын материаллаг бааз цөм бэлэн. Иргэний нисэхийн чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудад бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин олон байна. Гагцхүү агаарын тээвэрчдийн оруулсан орлого, бусад санхүүгийн эх үүсвэрээр дэмжих шаардлага бий. ОУНБ-ын хэрэгцээ шаардлага их байна. Хүн ард маань хүсэн хүлээж байна. Гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын дэмжлэг, зөв мэргэн шийдвэр хэрэгтэй байгааг уламжилж байна.

 

Иргэний нисэхийн хүндэт ажилтан Д.ЦЭНД-АЮУШ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (66.181.184.196)

    2018-07-28

    Элбэг хүмүүст өгчихгүй юу

  • Zochin (101.231.152.232)

    2018-07-23

    Jildee xediig zooglodog gazar yum bol doo. Xenii munguur tsaash bailgax yaj zardlaa nuxux uu gedeg asuudliig shiidex xeregtei baix daa. Neg said ni asia tiv deerxi surgaltiin tuv bolgono gej baigaad xeshigtiin xendiid zeeliig nemsen sanagdax yum

  • Nam bus irgen (66.181.181.187)

    2018-07-23

    Mash zuv sanal devshuuljee. Beltgel airport zaaval baih shaardlagatai. General aviation-ii undsen baaz bas MRO-iin baaz suuri bolgovol / 4-n shirheg dunhiisen saihan "Hangar" bna. Uran gartai agaariin hulgiin darhchuud ni bna.