Сумъяа аваргад хандаж өвгөн миний хэлэх үг

Таны тухай  таагүй нэгэн яриа нийгмийн сүлжээгээр шуугиад явчихлаа. https://news1.mn/?p=17371

Бөх хүний хувьд тань хүндлэж явдгаа нуух юун. Миний адил хүмүүс Монголоор дүүрэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Таны аав болоод дүү нар Монголын ховорхон хүчтэнүүд гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Энэ бүх эр бярыг үр удмаараа  “эзэмшихэд”  эх орны чинь газар шороо, уул ус түшсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй юм шүү. Аварга аа. 

Ялангуяа 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 2200 жилийн ойгоор та арслан цол хүртээд  ганцхан мөчийн дараа АВАРГА хэмээх бөх хүн бүрийн хүсэл мөрөөдлийн биелэлийг олж байсныг  Монголын ард түмэн мартаагүй байгаа, мартах ч үгүй. 

  Олон үг нуршилгүй шулуухан хэлэхэд та бидний дэлхийд тасархай явдгийн сүр сүлдийг нууцлан хадгалдаг Ноён уулыг хэдхэн дусал алтных нь төлөө дэлбэлэн сүйтгэх гэж байгааг салбар хариуцсан сайд хүнийхээ хувьд тун сайн мэдэж байгаа.

 Байгаль эх, уул усыг маань дахин сэргэшгүйгээр бузарлан хордуулах гэж байна, энэ харийн доншуучид. Эд түрүүчийн шархаа ч нөхөөгүй. Сансрын зураг дээр тодоос тод харагдах 60 тонн алтыг ухаж авчихаад орхичихсоных нь гэрч аварга том ангайсан хар нүх энэ Их хайрханы маань хажуудхан байгаа. 

  Хүннүгийн өвөг дээдсийн сүнсийг  хөндүүлэхгүй,  үр ач нартаа ариун дагшин энэ нутгаа байсан янзаар нь хүлээлгэн өгөх гэж аргаа барсан хэдэн өвөө эмээ нар арчаагаа алдсан төр засгийнхантай ач тач үзсээр арван жилийг ардаа үдлээ. Хичнээн ч олон удаа шүүхийн хаалга таталцав даа. Хөгшин хонины насгүй болсон бид хэдийг болохгүй бол бульдозерын шанагатай шороотой нь холиод булдаг л юм байгаа биз, Надад лав харамсах юм огт алга. Бид ямар мөнхрөх юм биш эх орны минь агуу буян заяа түшиж насаараа л сайхан амьдарцгаалаа.  

Алт тийм ховор эд юм уу? Огтхон ч үгүй. Эх дэлхийн минь хөрсөн доор сая сая тонноороо, далай тэнгисийн усанд бол бүр тэрбум тэрбум тонноороо байж л байна. Канад шиг том оронд хааяагүй хэвтэж байгаа ш дээ. Тийшээгээ тонилцгоог л дээ.

Гэтэл та юугаар дутаад эх орноо худалдагсдын эгнээ рүү шилжиж доошоо орох гээд байгаагийн чинь учрыг би олохгүй юм. Алт ухаад байгаль дэлхийгээ бузарлаад яваа хүмүүс  чинь эх орноосоо урвагсдын тоонд ороод энэ сайхан нутагтаа багтаж шингэх газаргүй болоод байгааг та эрхбиш харж байгаа байлгүй дээ. Энэ их хов жив арай худлаа байлгүй дээ

 Таны эрхэлж буй сайд гэх одоогийн энэ албан тушаалыг чинь мөнгөө төлчихвөл захын луйварчин  хашдаг болсон. Харин эр хүн тэр тусмаа Улсын АВАРГА хүн та Монгол эх орноо хүнд хэцүү энэ үед нь яаж цээжээрээ хамгаалж чаддагийг харуулж чадах сайхан боломж таньд яг одоо байна. 

“Би ийм юм хэзээ ч хийх хүн биш. Энэ худлаа” гээд  л бушуухан зарлачих. Ингэвэл сэтгэл санаа тайвшрах минь. Ер нь бөхчүүд сүүлийн үед нутаг орноо ухаж төнхөж байгаа талаар таагүй мэдээлэл хаа сайгүй гардаг болсон. Монгол бөхийн ариун нэр хүнд хэзээ ч сэвтэх ёсгүй юм шүү. 

 

 

Ш.Пүрэвсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • УУРХАЙЧИН (202.70.34.115)

    2018-08-13

    СУМЬЯА САЙДДАА ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА ШҮҮ, ТАНЫ Л ҮЕД ТАВАН ТОЛГОЙ БҮРЭН УТГААРАА ХӨГЖИХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БНА, ТА ТӨМӨР ЗӨМ, ЦАХИЛГААН СТАНЦ, БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ХИЙН ҮЙЛДВЭР-ДАМЖУУЛАХ ХООЛОЙГД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХЭД ТАНЫ ГАРГАЖ БГАА ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙГ ЭНГИЙН АРД ОЛОН БИД ТАЛАРХАН ДЭМЖИЖ БНА.... ЭНЭ БҮХНИЙГ ХИЙХДЭЭ ТАВАНТОЛГОЙД ДАГУУЛ ХОТЫГ НЬ БАЙГУУЛЖ ОЛОН АЖИЛЧДЫГ ОРОН ГЭРТЭЭ АМАР ТАЙВАН АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛНЭ ГДГТ ИТГЭЖ БНА........... ХЭДИЙ БОЛТОЛ ЭЭЛЖИД ЯВЖ ЯДРАХ ВЭ................