Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад анхаарна

БСШУС-ын сайдын шуурхай хурал өчигдөр болж, холбогдох удирдлагуудад үүрэг даалгавар өгчээ. Хуралдааны үеэр аймаг, дүүрэгт ажилласан ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн барилга, урсгалт засварын явцыг танилцуулж, нийтлэг алдаа, цагийн хоцрогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Орон нутгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилга угсралт, засварын худалдан авалтыг зохион байгуулах эрх шилжүүлсэн хэдий ч хууль, журмын дагуу ажлаа зохион байгуулаагүй, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэд хэдэн зөрчил гарсан байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг үүрэг болгож, албан даалгавар хүргүүлэхээр болжээ.

Шат шатандаа сахилга хариуцлага, дэг журмыг сахиж ажиллах шаардлагатай байгааг салбарын сайд онцлов. Сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хамгийн бага үнийн дүн санал болгосон компанийг сонгодог уламжлалт арга барилыг шинэчлэх, арга зүйн өөрчлөлт хийхгүй бол чанаргүй барилга барьдаг, ердөө гуравхан жилийн дараа барьсан барилга нурдаг жишиг тогтсоныг нэн даруй өөрчлөх шаардлагатайг дахин сануулж, улсад хохирол учруулж чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ыг яаралтай гаргах үүрэг даалгавар өгсөн байна. Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сургууль, цэцэрлэгийн захирлуудын ур чадвараас хамаарч хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, ариун цэвэр харилцан адилгүй байгааг анхаарахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгожээ. Хүүхдийн сурах орчны аюулгүй байдлыг цаашид үргэлжлүүлэн шалгаж, "аюулгүй" болох хүртэл өгөгдсөн үүрэг даалгаврыг шалгаж, тайлан мэдээг хүлээж авахыг даалгав.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)