Нийслэлд борлогдоогүй 5800 айлын орон сууц байна

-ТЭДГЭЭРИЙГ БОРЛУУЛАХ ШИНЭ ХЭЛБЭР НЭВТЭРЧЭЭ-

Нэгэн найрагчийн хэлсэнчлэн халуун ус хананаасаа авч чулуун шатаар товшин алхаж, тав тухтай амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Монгол Улсын нийслэлд өнөөдөр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй газарт бүртгэлтэй, бүртгэлгүй амьдарч буй 380 мянган айл өрх байдаг гэсэн мэдээ бий. Тэдгээрийн 43 хувь нь инженерийн шугам сүлжээ, халуун хүйтэн усанд холбогдсон байр, орон сууцанд оршин сууж байна. Үүний цаана 220 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч, галаа өрдөж утаагаа савсуулсаар байгаа юм. Дээр хэлсэнчлэн халуун дулаан байранд аж төрөх сонирхолтой хүн олон байвч шинэ орон сууцанд урьдчилгаа төлөх боломжтой нь тэдний 35 хувийг л эзэлж байна гэж Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Лхагвацэдэн мэдээлж байлаа.

Хөдөө орон нутагт 122 мянган айл өрх тохилог орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлдэг ч урьдчилгаа төлбөр 30 хувиа бүрдүүлэх боломжтой нь ердөө 14-15 хувьтай байгааг санал асуулгаар тодорхойлжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар нийслэлд 5800, орон нутагт 600 орчим орон сууц эзнээ хүлээж байна. Салбарын яамнаас Ипотекийн зээлийн хүүг долоон хувь болгох, байрны урьдчилгаа төлбөрийг 25 хувь руу буулгах талаар ярилцаж, барилгын компаниуд нааштай хариу өгсөн ч банк санхүүгийн байгууллагууд эрсдэлээ тооцож зөвшөөрөхгүй байгаа тухай БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн сар бүрийн мэдээлэлдээ дурддаг ч одоог хүртэл шийдээгүй хүлээлт үүсгэсэн хэвээр байгаа юм. Орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд түрээсийн байрыг сонирхох нь олонтаа. Тодруулбал, сард 350-450 мянган төгрөг төлөөд дулаан байранд тухтай амьдрах хүсэлтэй 45 мянга орчим хүн байна. Тэдний дийлэнх нь ганц бие, өндөр настан, залуу гэр бүл байдаг аж. Одоогоор 1500 айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж, энэ онд 1560 айлын байрыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж гүйцээхээр төлөвлөжээ. Гэвч орлого багатай айл өрхийн хувьд түрээсийн сар бүрийн төлбөрийн хатуухан “боорцог” боловч төр, засгийн төвшинд ярьж байгаа нэг хувилбар нь тэднийг бага зэрэг тайвшруулж бас л хүлээх, найдахад хүргээд байна. Энэ нь түрээсийн байраа олон жилийн дараа өмчилж болох тухай яриа юм. Иргэдийн шаналж байгаа бас нэг асуудал нь 80 ам.метрээс дээш талбай бүхий орон сууцны зээлийг Ипотект хамруулахгүй байгаа явдал юм.

Үүнийг БХБЯ- ныхан “Иргэдийн олонх нь нэг ба хоёр өрөөтэй, 40-60 ам.метр талбайтай байрыг түлхүү сонирхож, худалдан авдаг” гэж тайлбарладаг. Гэтэл 80 ам.метр болон түүнээс дээш талбай бүхий орон сууц сонирхож байгаа юмуу худалдан авахыг хүсч, урьдчилгаагаа бүрдүүлж буй цөөнх болсон айл өрхийг яах болж байна. Энэ бол иргэдийг эдийн засаг, санхүүгийн чадавхиар нь ялгаварласан, хатуухан хэлэхэд томоохон байр сууцанд амьдрах гэсэн хүний эрхийг боогдуулж, гадуурхсан хэрэг биш үү. Уг нь төр, засаг энэ талаар огт юм хийгээгүй биш хийж байна. Гэхдээ явц нь удаашралтай, дорвитой алхам хийхгүй байгаа юм. Монголбанкнаас мэдээлж буйгаар Орон сууцны Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар бие даан ирэх оны эхнээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тиймээс Төв банкны тайлан балансад туссан. Ипотекийн зээлээр баталгаажсан 1.2 их наяд төгрөгийн үнэт цаасыг шилжүүлэх юм. Мөн Ипотекийн зээлийн шинэ журмыг боловсруулж батлах бөгөөд түүнд урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгохоор судалж байгаа л гэдэг. Хэрэв ингэж чадвал Ипотекийн зээлд хамрагдах чадвартай өрхийн тоо 31 мянга болж өсөх магадлалтай гэж тооцож байна. Монголбанкны тайланд дурдсанаар, он гарснаас хойш 1100 иргэнд 96 тэрбум төгрөгийн Ипотекийн зээл олгосон байх юм.

Харин Сангийн яам 60 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг санхүүжилтэд олгожээ. Гэвч энэ нь иргэдийн эрэлт хүсэлтийн багахан хэсэг юм. Тиймээс сүүлийн үед орон сууцны зээлийн асуудлаа төр болон банкны оролцоогүйгээр шийдэх арга замыг иргэд олсон байна. Зарим сайтад “Орон сууцны төлбөрийн хувь, эргэн төлөлтийн хугацааг тохиролцоно” гэсэн зар тавьдаг болсон. Тухайн барилгын компани юмуу түүний зуучлагч байгууллага орон сууцны урьдчилгаа 5-30 хувийн дотор тохиролцож, хүүгүйгээр сар бүр төлбөрөө хийх боломжийг олгож байгаа нь энэ юм. Гэхдээ эргэн төлөлтийн хугацаа банкны зээлтэй харьцуулахад маш бага буюу 3-5 жил байхаар тохиролцож, гэрээ байгуулах хэлбэрээр ажиллаж байна. Хууль дүрэмдээ хэр нийцтэйг хэлж мэдэхгүй ч “тун боломжийн хувилбар” гэж олон хүн үзэж байгаа юм билээ. Аливаа банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа харилцагчийн итгэлд суурилдаг шиг шинээр барьсан ч борлуулалтгүй болсон орон сууцаа худалдах барилгын компаниудын бодлого, тав тухтай орчимд аж төрөх иргэдийн хүсэл ийнхүү нэгэн цэгт давхцаж, тодорхой болзол, цаг хугацаа, ягштал баримтлах заалттэй гэрээний дор арилжаа хийхэд буруудах юу байх билээ.

Д.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)