Б.Дэлгэрмаа: Өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй

Тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар ашиглах нь зохисгүй болохыг мэргэжлийн эмч нар хэлдэг. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Б.ДЭЛГЭРМААГААС тодрууллаа.

-Саяхан найман настай хүүхэд тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гэх мэдээлэл тархсан ч ийм төрлийн өвчин биш болохыг эмч нар баталлаа. Ер нь ийм тохиолдол болбол хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Аз болоход тарваган тахал өвчин биш байлаа. Хэрэв мөн байсан бол нийслэлд хорио цээр тогтоох тухай яригдаж ч магадгүй нөхцөл үүсэх байсан. Учир нь, тухайн хүүхдийг өрхийн эмнэлгээс эхлээд олон улсын “Интермед”, ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлсэн байна. Энэ хугацаанд хэчнээн хүнд халдвар түгээж болох байсныг бодолцох нь чухал. Тарваган тахал нь гоц халдварт, аюултай өвчин учраас шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд эмчийн хяналт, эмнэлгийн шинжилгээнд хамрагдах нь илүү аюулгүй байх болно.

-Манай орны хэдэн аймаг сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг юм бэ. Энэ өвчний идэвхжил хэдийд болдог вэ?

-Найм, есдүгээр сард тарваган тахал идэвхждэг болохыг тогтоосон. Манай улсын 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомтот төлөв байдалд байдаг. Аравдугаар сар хүртэл тарваганы арьс хөрс гүйцэж, идэвхтэй амьдрал үргэлжилдэг болохоор иргэд хууль бусаар агнах, эд эрхтнийг нь болгосон, түүхий ямар нэг байдлаар ашиглах нь нэмэгддэг. Тиймээс голомтот газар мөн, биш байх нь огт хамааралгүйг сая болсон үйл явдал харууллаа.

-Түүнээс урьдчилан сэргийлэх ямар арга, боломж байна вэ?

-Хамгийн чухал гол арга нь дархлаажуулалт байдаг. Саяхан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 14 хоног дархлаажуулах аяныг явууллаа. Үүнээс хоцорсон иргэд өөрөө хүсвэл бид хамруулахад бэлэн байна.

-Ер нь энэ өвчнөөр өвчлөх явдал хэр тохиолддог вэ?

-Өнгөрсөн онд сэжигтэй долоон тохиолдлыг бүртгэснээс нэг нь дээрх өвчин болохыг нотолсон. 2016 онд Хөвсгөл аймагт нэг иргэн энэ өвчнөөр нас барсан байдаг. Энэ жилийн хувьд нэг л тохиолдол сэжиглэгдсэн ч тарваган тахал биш болохыг батлаад байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)