У.Бямбасүрэн: Шалгалтын хариуг нэгтгээд засгийн газрын хуралдаанд танилцуулна

  ЗГХЭГ-аас яамдад шалгалт хийж байгаа билээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар энэ сарын 14-ний өдрөөс эхлэн сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг шалгаж эхэлсэн. Үүний хүрээнд яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ нь Засгийн газрын 2017 оны аравдугаар сард гаргасан албан даалгаврын биелэлтийг шалгах ээлжит шалгалтаас гадна төрийн албан хаагчид, тэр дундаа яамдын алба хаагч, албан тушаалтнуудтай хамаарах гомдол мэдээлэл иргэдээс цөөнгүй ирэх болсон, онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг ЗТХЯ-нд гарсан зэрэгтэй мөн холбоотой юм. Шалгалтаар хууль, тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон, хүнд суртал гаргасан, ажлын байран дээр архидан согтуурсан албан тушаалтантай хариуцлага тооцож ажилласан эсэхийг дүгнэж, Засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх талаар яамдын гаргасан төлөвлөгөө, түүний биелэлтийн явцыг хянах юм байна.

Мөн төрийн бүх шатны байгууллагын албан хаагч шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, чадаж байгаа эсэх, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж, асуудлыг шийдвэрлэн, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүрт хариуцлага тооцсон эсэх. Ажилтан албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажлаа чанартай, үр дүнтэй хийж, гүйцэтгэх, ажлын байрны дэг журмыг чанд сахиж буй эсэх, ажлын байран дээрээ архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байгаа тухай тоо баримт бодит жишээг нягтлах аж. Улмаар төрийн албаны хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх талаар ажилласан байдал, удирдлага, ажилтнуудын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж гүйцэтгэлийн үр дүнг урамшуулал, хариуцлагатай холбож ажиллаж байгаа талаар нэгдсэн дүгнэлт гаргаж, тухайн яамдын удирдлагууд, ажилтнуудад танилцуулах юм байна. Энэ талаар тус шалгалтын ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Яамдаас албан даалгаврын хэрэгжилтийн тайлангаа ирүүлж байгаа. Гэхдээ бид энэ даалгаврын хэрэгжилтийн хүрээнд төрийн албан хаагчдын ёс зүй, цаг ашиглалт болон холбогдох бусад асуудлыг шалгаж үзэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд ЗГХЭГ-аас ажлын хэсэг байгуулаад яамдад ажиллаж байна. Шалгалтад зөвхөн яамдыг бус зарим агентлагийг ч хамруулж байна. Засгийн газраас дөрвөн групп гарсан, яамдад ажиллаж байна. Шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Урьдчилсан байдлаар хэлэхэд, яамд ба төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага боломжийн хэмжээнд байна гэж дүгнэж болохоор байна. Мөн цаашид сахилга хариуцлагаа нэмэгдүүлэх, эрчимжүүлэх тухайд маш тодорхой үүрэг даалгаврыг яамны албан хаагч болон харьяа агентлагууддаа өгсөн байна. Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх нь Засгийн газрын үндсэн хоёр зорилтын нэг мөн гэж Монгол Улсын Ерөнхий сайд удаа дараа мэдэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Тэгэхээр сахилга хариуцлагыг нэмэгдүүлснээр Засгийн газар зорилтоо биелүүлж чадна. Цаашлаад эдийн засгийн өсөлтийг хангах, Монгол Улсын хөгжлийг эрчимүүлэхэд үндсэн гол тулгуур асуудлын нэг гэж үзэж байгаа учраас сахилга хариуцлагын асуудалд онцгой анхаарал хандуулж шалгалт хийж байгаа юм. Нөгөөтэйгүүр Засгийн газраас дэвшүүлсэн гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг үндсэн хэсэг нь иргэн төвтэй төрийн албан хаагчийн асуудал. Тэгэхээр төрийн албаны шинэчлэлийн асуудалд төрийн алба ёс зүй, хариуцлагатай байх, төрийн албан хаагчид ажилдаа эзэн байх нь Засгийн газрын үйл ажиллагаа амжилттай байхын нэг гол үндэс учраас энэ шалгалтыг хийж байна гэж ойлгож болно” гэлээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)