БСШУС-ын сайд төрийн өмчит их дээд сургуулиуд дээр ажиллалаа

Салбарын яамнаас төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Тодруулбал, Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бэлтгэл ажилтай танилцаж, нөхцөл байдалд үнэлгээ хийн, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан болон 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын явцыг хянаж, дутуу бол гүйцэтгэлийг нь эрчимжүүлэх зорилготой юм. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон ажлын хэсгийнхэн өнөөдөр ХСИС /Хууль сахиулах их сургууль/, ҮБХИС /Үндэсний батлан хамгаалах их сургууль/, АШУҮИС /Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/-уудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан, өвөлжилтөд бэлэн эсэхтэй танилцлаа.

Өөртөө арваад сургуулийг багтаасан томоохон айл болох ХСИС-ийн хувьд хичээлийн шинэ жилээ угтахад бэлэн болсон байна. Тус сургуулийн анги танхимаас будаг ханхалж, сонсогчдоо хүлээн авахаар хүлээн байлаа. Мөн өвөлжилтийн бэлтгэлээ хангасан тул айх аюулгүй ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй болжээ. Энэ жилийн элсэлтээ тус сургууль авч одоо шинэхэн сонсогчдоо цэргийн бэлтгэлд гаргасан байна. Салбарын сайд Ц.Цогзолмаа хичээлийн байр, багш нарын заах аргачлалын талаар “Аливаа сургуулийн чанар нь багшийн ур чадвар, хичээллэх нөхцөлтэй шууд холбоотой. Сургууль төгсөгч нь нэг жилийн дотор ажлын байртай болж байна уу, үгүй юу гэдгээс тухайн сургуулийн чанар, чансаа харагддаг” гэдгийг онцоллоо. Мөн зөвхөн лекц сонссоноор сайн боловсон хүчин бэлтгэгдэхгүй. Тиймээс дадлага ажил хийлгэж, оюутан сонсогчдыг бүтээлч байдалд сургах нь чухал гэж хэлсэн юм. Багш нарын хувьд тухайн сургуульдаа тогтвортой ажилласнаар заах арга барил нь сайжирч, илүү ихийг залууст сургаж чадна хэмээлээ.

Учир нь, нэг багш хоёроос гурван сургуульд цагийн багш хийж, тогтвор суурьшилгүй, үр дүн багатайхан хичээл зааж байгаа учир үүнийг зогсоох шаардлагатай болсон байна. ХСИС-ийн хувьд төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангадаг бөгөөд сонсогчдоо чадавхижуулахад маш их анхаардаг ажээ. Тусгай мэргэжлийн анги ч бий болгон, ховор мэргэжлийн чиглэлээр ч сургасаар байгаа юм байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуульд хэрэгтэй техник тоног төхөөрөмж асуудалд анхаарч, хүсэлт тавьсан тохиолдолд тодорхой дэмжлэг үзүүлж болохыг дуулгалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)