Дархан-Уул аймгаас алга болсон 5 настай охиныг Улаанбаатар хотоос оллоо

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжилах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгаас алга болсон таван настай Э гэх охиныг улсын хэмжээнд хоёр хоногийн хугацаанд эрэн сурвалжилж өчигдөр /2018.08.21/ эсэн мэнд оллоо.

Охиныг 37 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, Б гэгч эмэгтэй Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор охины биед ил харагдах гэмтэл шарх сорвигүй байна.

Таван настай Э гэх охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай мэдээлэл Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 20:30 цагт ирснээр эрэн сурвалжилах ажиллагааг эхлүүлсэн юм.

Эцэг, эхчүүд та бүхнийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуулийн заалт:

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЦЕГ-ХМТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)